Есүс Христ гэж Хэн бэ?
Кайсари Филипийн нутагт Арванхоёртойгоо уулзах үед Есүс “Намайг хэн гэж та нар хэлэх вэ?” хэмээн асуухад Арванхоёрын тэргүүн Симон Петр “Та бол Христ, амьд Бурханы Хүү” (Матай 16:15–16) хэмээн хариулжээ. Хожим нь Петр гэрчлэхдээ Есүс “ертөнцийн сууринаас өмнө урдаас мэдэгдсэн” (1 Петр 1:20) гэв. Тэрээр “эхлэлд Эцэгтэй хамт байсан бөгөөд Ууган Хүү нь юм” (С ба Г 93:21).
Эцэгийн авралын хийгээд аз жаргалын төлөвлөгөөг (Алма 34:9) танилцуулж байх үед (Алма 42:5, 8), төлөвлөгөөг хүлээн зөвшөөрсөн тэдгээр бүгдэд гэтэлгэл хийгээд нигүүслийг өгөхийн тул хэн нэгэн нь цагаатгалыг хийх ёстой байв (Алма 34:16; 39:18; 42:15-г үз). Эцэг “Би хэнийг илгээх вэ?” хэмээн асуухад Есүс гэж нэрлэгдэх Тэрээр уриалгахнаар “Би энд байна, намайг илгээ” (Aбрахам 3:27) “Ааваа, таны хүсэл биелэг, алдар суу үүрд мөнхөд таных байг” (Мосе 4:2) хэмээн хариулав.
Бэлтгэлээр дэлхий ертөнц бүтээгдсэн: “миний Төрсөн Ганц болох Хүүгээр би [дэлхийг] бүтээлгэсэн юм” хэмээн Эцэг тунхаглажээ (Moсе 1:33; мөн Ефес 3:9-г үз; Хиламан 14:12; Moсе 2:1).
Есүс Христийн Дуудагдах Нэрс
Тэрээр Хуучин Гэрээний Бошиглогчдын бичиглэснээр Иехова хэмээх нэртэй байв (Абрахам 1:16; Египетээс Гарсан нь 6:3). “Бурханы Хургыг, тийм ээ, бүр Мөнхийн Эцэгийн Хүүг болгоогтун!” (1 Нифай 11:21; мөн Иохан 1:14-г үз) хэмээн бошиглогч нарт Түүний ирэлтийг мэдүүлжээ. “Түүнийг чи Есүс гэж нэрлэх болно… . Тэр Хүү Хамгийн Дээдийн Хүү гэж дуудагдана” (Лук 1:31–32) хэмээн Түүний эхэд хэлсэн байдаг.
Түүний тэнгэрлэг номлол хийгээд тохинууллыг дүрслэх олон нэрс тодотголууд бий. Тэрээр Өөрийгөө танилцуулахдаа “Би бол дэлхийн гэрэл мөн амь бөлгөө. Би бол Альфа мөн Омега, эхлэл мөн төгсгөл билээ” (3 Нифай 9:18). “Бибээр Эцэгийн өмнө та нарын өмгөөлөгч билээ” (С ба Г 29:5; мөн С ба Г 110:14-ийг үз). “Би бол сайн хоньчин” (Иохан 10:11). “Би бол Мессиа, Сионы Хаан, Тэнгэрийн Хад бөлгөө” (Мосе 7:53). “Би бол амийн талх байна. Над уруу ирдэг хүн өлсөхгүй, мөн цангахгүй” (Иохан 6:35). “Би бол усан үзмийн жинхэнэ мод, Эцэг минь усан үзэм тариалагч билээ” (Иохан 15:1). “Би бол амилалт ба амь мөн” (Иохан 11:25). “Би бол … гэрэлт үүрийн цолмон билээ” (Илчлэлт 22:16), “Би бол Агуу Есүс Христ, та бүгдийн Гэтэлгэгч билээ” (С ба Г 29:1) гэж өгүүлсэн байдаг.
Тэр бол Зууч (1 Тимот 2:5-ыг үз), Аврагч (Лук 2:11-ийг үз), Гэтэлгэгч (С ба Г 18:47-г үз), Сүмийн Тэргүүн (Ефес 5:23-ыг үз), мөн Сүмийн Гол Суурийн Чулуу (Ефес 2:20-ийг үз) юм. Эцсийн өдөр, “Бурхан хүнийг сайн мэдээний[хээ] дагуу Есүс Христээр шүүлгэх болно” (Ром 2:16; болон Мормон 3:20-ийг үз).
“Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн” (Иохан 3:16); “Иймийн тул Ариун Мессиа, түүнд мөн түүгээр гэтэлгэл ирэх, учир нь тэрээр ач ивээл болон үнэнээр дүүрсэн буюу” (2 Нифай 2:6).
Бошиглогч Иосеф Смитээс “Танай шашны үндсэн зарчмууд юу вэ?” хэмээн олонтоо асуусан байдаг.
“Бидний шашны үндсэн зарчмууд бол Есүс Христ нас барж, оршуулагдан, мөн гурав дахь өдрөө дахин босч, тэнгэрт тэнгэрт заларсан талаарх Төлөөлөгчид болон бошиглогчдын гэрчлэл бөгөөд манай шашинтай холбоотой бусад зүйлс нь үүнд багтдаг.”1
Есүс Христийн даруу зан
Есүс цовдлогдохоосоо өмнө Гетсеманаас хүрч ирээд баригддаг. Тэр үед Петр тэргүүн тахилчийн зарц Малхын эсрэг илдээ сугалан гаргаж ирэхэд Есүс:
“Илдээ хуйнд нь хий… .
“Арванхоёр торгон цэргээс илүү олон тэнгэр элчийг одоохон Өөр уруугаа илгээхээр Би Эцэгээсээ гуйж чадахгүй гэж чи бодож байна уу?” (Матай 26:52–53) хэмээсэн байдаг.
Христийн сургаалын гол мөн чанарыг харуулсан нэг мөчийг үл тооцвол Их Эзэн элэглэн тохуурхагдаж, чичлүүлж, зодуулан ташуурдуулж мөн цовдлолтын эцсийн тарчлалын туршид дуугүй, мөн хүлцэнгүй байсан. Тэрхүү мөч нь хүнд сорилтын үед ирсэн юм. Пилат айн дагжин Христэд: “Та надад хэлэхгүй юм уу? Таныг суллах ба загалмайд цовдлох эрх надад байгааг Та мэдэхгүй байна гэж үү?” (Иохан 19:10) хэмээсэн.
Их Эзэний “Танд дээрээс эрх мэдэл өгөгдөөгүй л бол Миний эсрэг байх ямар ч эрх мэдэл баймааргүйсэн” (Иохан 19:11) хэмээх сүр хүчит үгийг хүмүүн нь зөвхөн төсөөлж л чадна. Үүнээс хойшхи үйл явдлууд нь Пилат хүчтэй байснаар тохиосон бус харин Их Эзэнд үүнийг зөвшөөрөх хүсэл байсан учир тохиосон юм.
“Би Өөрийн амийг буцааж авч болохын тулд амиа өгнө” хэмээн Их Эзэн хэлсэн байдаг.
“Хэн ч миний амийг Надаас авахгүй. Харин Би Өөрийн санаагаар түүнийг өгнө. Амиа өгөх эрх мэдэл надад бий. Буцааж авах эрх мэдэл ч надад бий” (Иохан 10:17–18).
Есүс Христийн Цагаатгал
Цовдлолтын өмнө хийгээд дараа олон эрчүүд баатарлагаар өөрийн амийг үл хайрлан зориулсан байдаг. Гэхдээ тэдний аль нь ч Христийн тэсвэрлэсэн шиг ихээр шаналаагүй билээ. Түүний дээр бүхий л хүн төрөлхтний нүгэл хийгээд гэмүүд дарамт болж байсан юм. Цагаатгал энд шийдвэрлэх байр суурьтай байв. Түүний энэ сайн дурын үйлсээр дамжуулан нигүүсэл хийгээд шударга байдал биеллээ олж, мөнхийн хууль биелэгдэж, мөн мөнх бус хүмүүний гэтэлгэж үл чадах тэр зуучлал хэрэгжсэн билээ.
Тэрээр бүх хүн төрөлхтний өмнөөс тэдний энэ дэлхий дээр үйлдсэн эсвэл цаашид үйлдэх бүхий л ёсон бус, завхрал, харгислал, ёс суртахуунгүй үйлдэл, гажуудал, ялзрал, донтолт, аллага, яргалал хийгээд хядлагынх нь өмнөөс шийтгэл хүлээхээр сонгосон юм. Үүнийг сонгосноороо Тэрээр бие махбод хийгээд мөнх бус амьдралын өвчин шаналлыг хэзээ ч амсаагүй ад чөтгөрийн агуу хүчтэй тулгарсан юм. Энэ үйл явдал Гетсеманид болсон юм!
Цагаатгал хэрхэн гүйцэтгэгдсэнийг бид мэдэхгүй. Мөнх бусыг хэзээ ч үзээгүй чөтгөр хүртэл тэр цэвэр ариун бодгалийн Гэрэлийн өмнө дальдирч, нуугдана. Тэрхүү Гэрэлийг бүх ёсон бус нийлээд ч мохоож чадахгүй. Тэрхүү тохиох ёстой зүйл тохиосноор өр төлөөс цайрсан билээ. Наманчлах тэдгээр бүгдээс үхэл хийгээд тамын аль аль нь зайлан одох болов. Эцэст нь хүмүүс нь чөлөөтэй болсон. Дэлхий дээр амьдарч байсан хүн бүр тэрхүү гэрлийг дагахаар сонгосноороо гэтэлгэгдэх боломжтой.
Энэхүү хязгааргүй золиослол, “Христийн Цагаатгалаар дамжуулан бүхий л хүн төрөлхтөн зарлигууд болон сайн мэдээний ёслолд дуулгавартай байснаар аврагдах боломжтой“ (Итгэлийн Тунхаг 1:3).
“Цагаатгал” сударт
Atonement (цагаатгал) хэмээх Англи үг нь үнэндээ гурван үг юм: at-one-men гэдэг нь нэг цогц болох, Бурхантай нэг байх, эвлэрэх, биеллээ олох, нийцүүлэх гэсэн утгатай үг юм.
Гэхдээ та Англи хэлээр бичигдсэн Шинэ Гэрээнд цагаатгал гэдэг үг ганцхан удаа гардгийг мэдэх үү? Зөвхөн нэг удаа! Би Паулын Ромчуудад бичсэн захианаас иш татъя:
“Христ бидний төлөө үхсэн.
“… Хүүгийнх нь үхлээр бид Бурхантай эвлэрүүлэгдсэн юм бол, тэр тусмаа бид Түүний амиар аврагдах болно.
“Зөвхөн үүнд ч биш, мөн Бурханы дотор бидний Эзэн Есүс Христээр дамжуулан баярлан хөөрдөг. Түүгээр бид эдүгээ цагаатгалыг хүлээн авав” (Ром 5:8, 10–11; онцлон тэмдэглэлт нэмэгдэв).
Англи хэл дээр байдаг Шинэ Гэрээнд Цагаатгал хэмээх ганц үг байдаг нь энэ билээ. Энэ бол шинэ үг биш ээ, учир нь хэдийгээр энэ нь Шинэ Гэрээнд ганцхан байдаг ч Хуучин Гэрээнд Мосегийн хуультай холбоотойгоор нилээд хэд гардаг бөгөөд энэ нь гайхалтай хэрэг би гэж боддог.
Би зөвхөн нэг л тайлбарыг мэдэх билээ. Үүний тулд бүгдээрээ Мормоны Номыг үзье. . Нифай гэрчлэхдээ, Библи нь урд цагт “арванхоёр төлөөлөгчийн нотлон өгүүлэх Их Эзэний бүрэн сургаалыг агуулж байсан” харин дараа нь “Хурганы арванхоёр төлөөлөгчийн гараар иудейчүүдээс харийнханд хүргэгдсэний дараа, агуу хийгээд жигшүүрт сүмийн үүслийг, бусад бүх сүмүүдээс хамгийн жигшүүрт түүнийг та үзэж буй бөлгөө; учир нь болгоогтун, тэд Хурганы сургаалаас олон тодорхой болоод хамгийн эрхэм үнэт хэсгүүдийг зайлуулан авсан, мөн түүнчлэн Их Эзэний олон гэрээг тэд авч зайлуулсан бөлгөө” (1 Нифай 13:24, 26).
Иаков агуу их жигшүүрт сүмийг гурван үгээр дүрслэхдээ: “Иймийн тул, Сионы эсрэг тулалдах тэрээр, Иудей мөн Харь ч бай, хоригдол ч мөн чөлөөт хүн ч бай, эр эм алин боловч мөхөх болно, өөрөөр хэлбэл тэд бүх дэлхийн садар эм бөлгөө, учир нь миний төлөө бус тэдгээр нь миний эсрэг бөлгөө хэмээн бидний Бурхан хэлэх буюу” (2 Нифай 10:16).
Нифай дахин өгүүлрүүн, “Уг номноос зайлуулагдсан тэр, олон тодорхой болоод эрхэм үнэт зүйлүүдийн учир, … үлэмж агуу олон нь бүдрэх, тийм ээ, үүний хэрээр Сатан тэднийг агуу их хүчээр эзэмдэх болой” (1 Нифай 13:29). Тийнхүү тэрээр эрхэм үнэт зүйлсүүд сэргээгдэх болно гэдгийг бошиглосон (1 Нифай 13:34–35-ыг үз).
Харин тэдгээр нь сэргээгдсэн юм. Мормоны Номонд цагаатгах гэдэг үг 39 удаа гардаг. Би Алмагаас нэгэн шүлгийг иш татъя: “Мөн эдүгээ, нигүүлслийн төлөвлөгөө нь цагаатгал хийгдэхгүйгээр улируулан тохиолдуулагдах боломжгүй, тиймийн тул Бурхан нь төгс, шударга Бурхан, мөн түүнчлэн нигүүлсэнгүй Бурхан байж болохын тул нигүүлслийн төлөвлөгөөг гүйцэлдүүлэхээр, шударга ёсны шаардлагыг хангахаар дэлхийн нүглийн төлөө цагаатгалыг нөхөн төлдөг” (Алма 42:15; онцлон тэмдэглэлт нэмэгдэв).
Шинэ гэрээнд зөвхөн ганц, харин Мормоны Номонд 39-н удаа гардаг. Есүс Христийн бас нэгэн гэрээ болох Мормоны Ном ямар агуу гэрч вэ?
Энэ бүгдээр зогсохгүй цагаатгах, цагаатгал хэмээх үгс нь мөн Сургаал ба Гэрээнд таван удаа, Агуу Үнэт Сувд номонд хоёр удаа гардаг. Цагаатгалын чухлыг харуулсан нийт дөчин долоон заалтууд бий. Мөн энэ бол бүгд биш! Цагаатгалыг тайлбарлахад туслах зуу зуун бусад шүлгүүд бий.
Сонгох эрх
Цагаатгалын үнэ цэнэ Их Эзэнээс ямар нэг шахалтгүйгээр бий болсон, учир нь сонгох эрх гэдэг бол хэмжээгүй эрхт зарчим юм. Төлөвлөгөөний дагуу сонгох эрхийг эрхэмлэн авч үзэх ёстой. Энэ нь эхлэлээс мөн Еденээс тийм байсан билээ.
“Их Эзэн Енохт хэлрүүн: Эдгээр өөрсдийн ахан дүүсээ болгооно уу, тэд бол миний өөрийн гарын бүтээл билээ, мөн Бибээр тэднийг бүтээсэн өдөртөө мэдлэгийг тэдэнд өгч, мөн Еденийн цэцэрлэгт хүмүүнд сонгох эрхийг нь өгсөн бөлгөө” (Мосе 7:32).
Еденд юу ч тохиолдсон байлаа гэсэн Адам сорилтынхоо оргил үедээ нэгэн сонголтыг хийсэн юм. Их Эзэн Адам, Ева хоёрт өсөж үржин, дэлхийг дүүргэ хэмээн зарлигласныхаа дараа сайн мууг мэдэх мэдлэгийн модноос бүү хүрт хэмээн зарлиг буулгав. Тэрээр хэлэхдээ, “Эс бөгөөс, та өөртөө сонгож болно, учир нь энэ нь танд өгөгдсөн, гэсэн хэдий ч Би үүнийг хориглосон гэдгийг санагтун, учир нь үүнээс хүртсэн даруйдаа та үхэх болно” (Мосе 3:17).
Хүмүүнийг хүчээр мөнх бус байдалд авчрахад маш олон асуудлууд тулгарах байв. Энэ нь төлөвлөгөөнд нэн чухал бүх хуулийг үгүйсгэх байв. Төлөвлөгөө нь Бурханы сүнсэн хүүхэд бүрт мөнх бус биеийг хүлээн авч, соригдох боломжийг олгодог. Адам ийм байх ёстойг мэдээд өөрийн сонголтоо хийсэн юм. “Адам хүмүүн байж болохын тул унасан, мөн тэд баясгалантай байж болохын тул хүмүүн байх бөлгөө” (2 Нифай 2:25).
Адам Ева хоёр зарлигийг хүлээн авсан болохоор өсөж үржин, дэлхийг дүүргэхээр болов. Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн тэдний бие тусдаа бүтээл байх нь төлөвлөгөөнд нэн чухал байв. Мөнх бус байдлын нөхцөлд амьдарч төлөвлөгөөг цаашид хэрэгжүүлэхийн тулд тэдний удаах Уналт нь мөн чухал байсан юм.
Цагаатгалын Хэрэгцээ
Хэрэв “хязгааргүй цагаатгал” хийгдээгүй байсан бол бидний бие болоод сүнсэнд юу тохиолдох байсныг Нифай тайлбарлав. Тэрээр ийн өгүүлжээ: “бидний сүнснүүд түүнтэй [чөтгөртэй] адил болох ёстой байв” (2 Нифай 9:7–10-ыг үз).
Би туйлын хэмээх үгийг ховорхон хэрэглэдэг. Энэ нь хэрэглэхэд тохиромжтой санагддаггүй юм. Одоо би үүнийг хоёр удаа ашиглах болно.
Уналтаас болж Цагаатгал нь Амилалтыг бий болгож, мөнх бус үхлийг даван туулахад туйлын чухал байв.
Хүмүүн нь гэм нүглээсээ цэвэршигдэж, Тэнгэрлэг Эцэгээсээ салах сүнслэг үхэл болох хоёр дахь үхлийг даван туулахад Цагаатгал нь туйлын чухал байв. Учир нь цэвэр бус ямар ч зүйл Бурханы оршихуйд орж үл чадна гэдгийг судрууд бидэнд найман удаа өгүүлсэн байдаг (1 Нифай 10:21; 15:34; Алма 7:21; 11:37; 40:26; Хиламан 8:25; 3 Нифай 27:19; Мосе 6:57-г үз).
“Та өөртөө сонгож болно, учир нь энэ нь танд өгөгдсөн билээ” (Мосе 3:17) хэмээх эдгээр судрын үгс нь Адам, Ева болон тэдний үр удамд мөнх бус байдлын бүхий л эрсдлийг танилцуулсан юм. Мөнх бус байдалдаа хүмүүн нь чөлөөтэй сонгож болох ба сонголт бүр нь үр дагаврыг авчирдаг. Дуулгаваргүй байдлын шийтгэл нь үхэл байх болно хэмээх шударга ёсны хуулийг Адамын хийсэн сонголт хүчинтэй болгосон билээ.
“Танд дээрээс эрх мэдэл өгөгдөөгүй л бол Миний эсрэг байх ямар ч эрх мэдэл баймааргүйсэн” (Иохан 19:11) хэмээх хүнд сорилтынх нь үед хэлэгдсэн эдгээр үгс нь нигүүсэл мөн адил чухал байсан гэдгийг баталдаг. Гэтэлгэгч нь өрийг төлж, хүмүүнийг чөлөөлөхөөр илгээгдсэн. Энэ бол төлөвлөгөө байсан юм.
Алмагийн Хүү Кориантон нүглийг дагаж шийтгэл ирдэг гэдгийг шударга бус хэмээн боддог байв. Гайхамшигтай сургамж болгож гэтэлгэлийн төлөвлөгөөний талаар Алма өөрийн хүүдээ болон бидэнд заасан байдаг. Алма Цагаатгалын талаар ийн өгүүлжээ: “Эдүгээ, шийтгэлгүй аваас хүмүүнд наманчлал ирж чадахгүй” (Алма 42:16).
Хэрэв шийтгэл нь наманчлалын шаарддаг төлөөс гэвэл энэ нь маш хямдхан төлөөс байх билээ. Үр дагаврууд, бүр зовиурт тэдгээр нь биднийг хамгаалдаг. Хуруугаа галд түлээд өвдсөндөө уйлж буй хүүхдийн дуу шиг маш энгийн нэг л зүйл бидэнд үүнийг сургаж чадна. Өвдөлтийг мэдрэхээс нааш хүүхэд ухаарч чадахгүй билээ.
Наманчлалаас Ирэх Адислалууд
Наманчлалгүйгээр энэ дэлхийд ямар ч амар амгалан, аз жаргал хийгээд аюулгүй байдал байхгүй байх байсныг би шууд хүлээн зөвшөөрнө. Хэрэв надад өөрийн алдаагаа арилгах ямар ч зам үгүй байх аваас би яахаа мэдэхгүй буюу. Тэрхүү шаналал нь миний тэсвэрлэж чадахаас илүү их байх байсан. Би ганцаараа чадахгүй ч магадгүй та бүгдтэй хамт бол тэсвэрлэж болох байсан биз ээ.
Цагаатгал хийгдсэн билээ. Хэрэв бид наманчлах юм бол энэ нь үүрд мөнхөд гэм нүглийн хийгээд үхлийн өршөөлийг өгөх болно. Наманчлал бол гэм нүгэл ба үхлийг даван туулах зам юм. Наманчлал бол бидний хувьд шоронг дотроос нь онгойлгох түлхүүр юм. Бид тэр түлхүүрийг гартаа атгаж буй бөгөөд хэрэглэх эсэх нь бидний сонголт юм.
Эрх чөлөө гэдэг бол маш эрхэм нандин; сонгох эрх гэдэг бол агуу үнэт зүйл билээ.
Сатан бидний сонголтыг башир аргаар ашигладаг бөгөөд нүгэл болоод үүний үр уршгийн талаар биднийг хууран мэхэлдэг. Тэрээр өөрийн тэнгэр элч нарын хамтаар биднийг зохисгүй, тэр ч бүү хэл хорон муу байлгах гэж уруу татдаг. Гэхдээ тэрээр бидний зөвшөөрөлгүйгээр биднийг бүрэн устгаж чадахгүй, бүр мөнхөд бүхий л хүчээрээ оролдоод ч чадахгүй. Сонгох эрх нь хүмүүнд Цагаатгалгүйгээр ирсэн байсан бол биднийг устгагч бэлэг байх байсан буй за.
Түүний Дүр Төрхөөр Бүтээгдсэн нь
Эхлэл, Мосе, Абрахам, болон Мормоны Номоос мөн хишиг хүртэхдээ бид хүмүүний мөнх бус бие нь Бурханы дүр төрхөөр тусдаа нэгэн бүтээл болон бүтээгдсэнийг сурч мэддэг. Хэрэв энэхүү Бүтээл нь өөр арга замаар бий болсон бол Уналт гэж үгүй байх байв.
Хэрэв хүмүүн нь амьтан лугаа адил байсан бол эрх чөлөө гэдэгт хариуцлага гэж үгүй байх байв.
Амьтдыг судлан хүний үүслийг тогтоох тэдгээр эрдэмтдийг бодвол би ихийг мэднэ. Тэд өөрсдийнхөө дотоод сэтгэлийн гүнээс сүнсийг олж харж чаддаггүй. Тэд өөрсдийгөө алив зүйлийг мянга, сая хэмээх цаг хугацаагаар хэмжиж сургадаг ба эдгээр амьтад нь хүнийг бий болгосон бөгөөд тэд бүгд тохиолдлоор бий болсон хэмээн үздэг. Ингэх нь тэдний хувьд чөлөөтэй, учир нь сонгох эрх бол тэднийх юм.
Сонгох эрх бол мөн биднийх. Бид сайн сайхан руу тэмүүлж, мөн дэлхий ертөнцөд буй Бурханы гарын бүтээлүүдийг харж, алив зүйлийг түүхийн, өнө их хугацаа, эрин үе болон мөнх байдлаар хэмждэг. Бид олон зүйлсийг мэддэггүй ч итгэлээрээ тэднийг хүлээн зөвшөөрдөг.
Гэвч үүнийг бид мэднэ! Энэ их зүйл нь “дэлхийн үүслээс өмнө” (С ба Г 38:1; мөн С ба Г 49:17; 76:13, 39; 93:7; Абрахам 3:22–25-ыг үз) төлөвлөгдсөн байсан билээ. Бүтээлтээс төгсгөл хүртлэх үйл явдлууд, төгсгөл рүү хөтлөх үзэгдлүүд нь тохиолдлоор тохиодоггүй, харин сонголтоор бий болдог! Энэ нь ийнхүү төлөвлөгдсөн байсан билээ.
Үүнийг бид мэднэ! Энэ бол энгийн үнэн! Хэрэв ямар ч Бүтээл, ямар ч Уналт байгаагүй байсан бол ямар нэг Цагаатгал, эсвэл Гэтэлгэгчийн хэрэг үгүй байх байв. Тийнхүү Христ ч байх хэрэггүй байв.
Цагаатгалын Бэлэгдлүүд
Гетсемани болон Голготад Аврагчийн цус урссан билээ. Ирэх зүйлсийн бэлэгдэл болон хэлбэр болгож зуу зуун жилийн өмнө Дээгүүр Өнгөрөх Баяр танилцуулагдсан юм. Энэ бол үүрд мөнхөд хийгдэх ёслол байсан билээ. (Египетээс Гарсан нь 12-ыг үз)
Египетэд үхлийн тахал тогтоогдсон тэр үед Израйлын гэр бүлүүдэд хир толбогүй, ууган эр хургыг золиосол хэмээн зарлигласан байдаг. Тэрхүү хурганы цусаар айл бүрийн хаалган дээр тэмдэг тавьж болохын тул ясыг нь гэмтээлгүйгээр золих ёстой байв. Ийнхүү хаалган дээрээ хурганы цус түрхсэн айл бүрээс үхлийн тэнгэр элчийг холуур өнгөрүүлж, дотор нь байх тэдгээрийг устгахгүй хэмээн Их Эзэн амласан нь бий. Тэд хурганы цусаар аврагдсан юм.
Их Эзэний Цовдлолтын дараагаар золиослолын хууль нь цус урсгахыг шаардахаа цаашид больсон. Учир нь тэр нь гүйцэлдсэн бөгөөд Паул Еврейчүүдэд “Нэг удаа бүгдийн төлөө… үүрд нүглийн төлөө нэг тахилыг өргөв” (Еврей 10:10, 12) хэмээн сургажээ. Үүнээс хойш золиослол нь харууссан зүрх, гэмшсэн сэтгэл бүхий наманчлал байх болсон юм.
Дээгүүр Өнгөрөх Баяр нь баптисмынхаа гэрээг шинэчилж, бидний төлөө урссан Бурханы Хургын бие хийгээд цусыг дурсан хүртэх ариун ёслол шиг үүрд түүхэнд дурсагдах байв.
Энэхүү бэлэгдэл нь Мэргэн Ухааны Үгэнд гардаг нь гайхах зүйл биш ээ. Энэ эрин үед дуулгавартай байж, эрүүл мэнд хийгээд мэдлэгийн агуу их баялгыг хүлээн авах гэгээнтнүүдэд ирэх амлалт нь энэ буюу (С ба Г 89:21).
Цагаатгалын талаар ярих бүрийд сэтгэл маань хөдлөхгүй байхын аргагүй болдог. Энэ нь миний талархлын хийгээд үүргийн гүн гүнзгий сэтгэлд хүрдэг юм. Миний сэтгэл зүрх цагаатгалыг хийсэн Түүн рүү тэмүүлнэ—би бол Аврагч Христийн гэрч. Би Түүнийг гэрчилж байна. Тэр бол бидний Их Эзэн, бидний Гэтэлгэгч бөгөөд Эцэгийн өмнө бидний Өмгөөлөгч билээ. Тэрээр биднийг Өөрийн цусаар аварсан юм.
Даруухнаар би Христийн Цагаатгалын талаар өгүүлнэм. Бидний Эцэг мөн Түүний Хүүг шүтэн биширч өвдөг сөгдөн суухдаа би ичих нь үгүй ээ. Учир нь сонгох эрх бол минийх бөгөөд үүнийг л би сонгосон юм!