2008
Төсөөлж Байгаагүй Улаан Өндөгний Баярын Зоог
2008 оны гуравдугаар сарын сар


Төсөөлж Байгаагүй Улаан Өндөгний Баярын Зоог

Хүүхэд байхаас хойш л улаан өндөгний баяр миний хувьд онцгой байсан юм. Энэ баярын үеэр сүм тараад аав ээж хоёр маань бидэнд Цагаатгал болон Амилалтын талаар хичээл зааж, орой нь тансаг зоог барьдаг байлаа. Тэр оройн зоогонд найзууд маань ирдэг байсан нь үүнийг улам баяр хөөртэй, мөн амттай болгодог байв. Ийм л учраас Аврагчийн Амилалтыг тэмдэглэх гэр бүлийн нандин цаг болох Улаан Өндөгний Баяр миний хамгийн дуртай баяр болсон юм даа.

Лондонд нэг жил сурч байх үедээ би Улаан Өндөгний Баяраар ганцаараа байсан юм. Тойргийнхон маань үдээс хойш уулзах байсан болохоор тэр өглөө маш удаан мэт санагдаж байв. Надаас алс хол оршиж буй гэр бүлийнхэнтэйгээ энэ баярыг тэмдэглэж чадахгүй нь гэж бодохоор зүрх сэтгэл маань нэг л хоосон бөгөөд уйтгартай байлаа.

Эхлээд би өөрийгөө өрөвдсөндөө баярлуулахыг хүсч байсан ч тэр өдрийг утга төгөлдөр болгохын тулд юу хийж чадахаа бодсон юм. Миний бодол хүн ихтэй метро дотор өдөр бүр зөрөх тэдгээр хүмүүс рүү чиглэсэн юм. Ихэнх том хотуудын хувьд метро нь гуйлга гуйх гэр оронгүй хүмүүсийн орогнодог газар байдаг. Би тэдгээр хүмүүсийг өрөвдсөндөө Лондонд Улаан Өндөгний Баярыг ганцаараа өнгөрүүлж буй цорын ганц нь биш гэдгээ ухаарсан. Тэдгээр танихгүй хүмүүст туслах нь хүүхэд ахуй насны маань гайхалтай баяр болох Улаан Өндөгний Баярт талархлаа үзүүлэх сайн арга мэт санагдсан.

Би хавчуургатай талх, жимс, жигнэмэг, мөн уух зүйлсээс бүрдсэн хэдэн ууттай үдийн хоол бэлдэв. Тийнхүү би заримдаа зай барьж явдаг байсан тэдгээр хүмүүсийг хайхаар метрог чиглэн явсан юм. Тэдний ихэнх нь хоол өгсөнд үнэхээр их баярлаж байлаа. Тэдгээр хүн болгонд би “Улаан Өндөгний Баярын мэнд!“ хэмээн хэлсэн юм.

Надад нэгхэн хоол үлдэхэд би нэгэн сэтгэлээр унасан эр дээр очсон юм. Түүний хувцас нь бохир байсан бөгөөд түүний царай нь ямар их зовлон үзсэнийг нь илтгэж, мөн түүний нүднээс гүн харуусал мэдрэгдэж байлаа. Би түүнд хоол өгч болох эсэхийг асуухад тэрээр гайхсан янзтай над руу харж байлаа.

“Энэ юу вэ?” гэж тэрээр асуухад.

“Энэ бол үдийн хоол, эрхэм ээ,” гэж би хариуллаа.

Тэрээр хариуд нь “Баярлалаа, маш их баярлалаа,” гэв. Түүний төрх байдал нь гэнэт баяр хөөр хийгээд талархлаар солигдлоо. Тэрээр ууттай хүнсээ үнэт эрдэнэ мэт шүүрэн авч билээ.

“Зүгээр ээ,” гэж би хариулаад түүний ингэж баярлаж буйг хараад “Улаан Өндөгний Баярын мэнд, эрхэм ээ.“ гэж хэлсэн юм.

Тэр мөн “Улаан Өндөгний Баярын мэнд!” гэлээ.

Тийнхүү би гэртээ харих замдаа “Учир нь болгоогтун, бид гуйлгачид бус уу?” (Мозая 4:19) хэмээн Хаан Бенжамины хэлсэн үгийг бодлоо. Хэрэв Аврагч үгүй байсан бол бид бүгдээрээ хөсөр хаягдаж, доош гишгэгдэн, мөн ганцаар хоцрох байсан юм гэдгийг би ухаарлаа. Гэхдээ Аврагч маань бид бүхэнд тусалж, бидний маш ихээр хүсдэг цэвэр ариун байх, дахин амьдрах, хийгээд нэг өдөр Түүнд эргэн очих найдвар зэрэг зүйлсүүдийг бидэнд өгсөн билээ.

Нүгэл болон үхэлтэй тулгарах учраас би Аврагчийн өмнө гуйлгачин болдог юм. Тэрээр надад тусалж, надад нигүүслийг хайрладаг. Нэг л өдөр би Эзэний өмнө зогсох үед тэрхүү даруу эрийн нүүрэнд бага ч атугай баяр хөөрийг мэдрүүлсэндээ сэтгэл хангалуун байх болно.

Гэртээ харих замдаа нүд минь нулимсаар дүүрч, ганцаардал маань арилан баяр хөөрөөр солигдон мөн Хаан Бенжамины Үгс хийгээд Аврагчийн нигүүслийг гүн гүнзгийгээр ойлгож байлаа. Би тэр эрийн надад хайрласан бэлгийнх нь төлөө Их Эзэнд дотроо талархаж билээ. Би түүнд энгийн нэг үдийн хоол өгсөн хэдий ч тэрээр надад жинхэнэ Улаан Өндөгний Баярын утга учрыг эргүүлэн өгсөн юм.