2008
Түүнд хандсан залбирал
2008 оны гуравдугаар сарын сар


Түүнд хандсан залбирал

Бид дууллуудаар дамжуулан Аврагчид ойртож чадна.

Би яг Сувдмаа эгч шиг дуулдаг ч байсан болоосой, би яг Бат ах шиг төгөлдөр хуур тоглодог ч байсан болоосой гэх мэт зүйлсийг бид хичнээн удаа сонсож эсвэл бодож байсан бол? Заримдаа бид ийм хөгжмийн авъяас нь зөвхөн бусдад өгөгдсөн онцгой бэлэг хэмээн боддог хэдий ч өөрсдөдөө буй гайхалтай авъяасуудаа бид байхгүй мэт боддог.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд хөгжим болон дуу нь хүн болгонд зориулагдсан байдаг. Дууллаар дамжуулан бид талархал болон магтаалаа илэрхийлж, Аврагчийн сэргээгдсэн сайн мэдээнээс суралцаж, мөн Түүний Цагаатгалыг дурсан санаж, Түүнийг дагах шийдвэр гаргадаг билээ.

Талархал Болон Магтаалаа Илэрхийлэх нь

Эртний Израйлчууд Египетээс чөлөөлөгдөөд, “тэгээд Мосе ба Израйлын хөвгүүд Эзэнд дууг дуулжээ” (Египетээс Гарсан нь 15:1). Жарэдүүд далайг гатлах үедээ, “тэд Их Эзэнийг магтан дуулсан болой” (Ифэр 6:9). Мөн анхны Хожмын Үеийн Гэгээнтнүүд Көртлэндийн Ариун Сүмийг онцгойлон адислах үедээ тэд Виллиам В.Фелпсийн шинэ дуулал болох “Гал Мэт Дүрэлзэн Асах Бурханы Сүнс”1 дууллыг дуулсан юм. Сайн мэдээний эрин үе болгонд Бурханы хүүхдүүд Түүнийг хөгжмөөр магтан дуулж, дуу хоолойгоо өргөж байсан ажээ.

Өнөөдөр бидний дуулдаг олон дууллууд энэхүү баяр хөөр болон магтаалын сүнснээс хуваалцдаг. Жишээлбэл, Виллиам В.Фелпсийн бас нэгэн гайхалтай дуулал нь:

Израйлын Цагаатгагч

Цор ганц баясал маань,

Ивээлийг бид Түүнээс эрнэ,

Өдрийн сүүдэр маань

Шөнийн гэрэлт багана,

Өндөр дээд Хаан, Аврагч минь ээ!2 хэмээн тунхагладаг.2

Тодорхой адислалынхаа төлөө бидний талархан дуу хоолойгоо өргөдөг бас нэгэн дуулал маань энэхүү танил шүлгэнд илэрхийлэгджээ:

Энэ үед биднийг Nудирдан залах

Бошиглогч илгээсэнд баярлалаа.

Оюун бодол, санааг гийгүүлэх

Сургаалаа өгсөнд тань талархъя.

Өгөөмөр Таны харамгүйгээр өгсөн

Адислалд баярлан

Тушаалуудыг даган тандаа

Үйлчлэх хүсэл бидэнд төрөх юм.3

Бид эдгээр дууллуудыг дуулах бүрдээ “Хэрэв та хөгжилдөн буй бол” (хэрвээ та баяр хөөртэй байгаа бол) “дуулал, хөгжим, … болон талархал хийгээд магтаалын залбирлаар Их Эзэнийг магтахтун” (С ба Г 136:28) хэмээх зарлигийг дагадаг.

Түүний Сайн Мэдээнээс Суралц

Дууллууд нь бидэнд Талархал хийгээд магтаалаа илэрхийлэхийн сацуу мөн Есүс Христийн сайн мэдээнээс суралцах боломжийг олгодог. Жишээлбэл, энэхүү танил хүүхдийн дуулал нь Тэнгэр дэх Эцэг болон бидний хоорондох харилцааг их энгийн хийгээд гайхамшигтайгаар тайлбарладаг:

Эл бие минь Бурханы хүүхэд тул

Энэ дэлхийд надад

Энэрэнгүй эх эцэгийг

Эх дэлхийн хамт өгөв, Тэр.4

Анхдагч нарын зуунд бичигдсэн тэдгээр гайхалтай дууллууд нь бидэнд сайн мэдээний зарчмуудаар хэрхэн амьдрахыг харуулдаг:

Учрах бүхнээс эс халшран ирцгээгээч;

Урамтай аялацгаая.

Аялах зам тань бартаатай санагдавч,

Амьдрал тань ивээгдэнэ.

Хэрэггүй зүйлд сэтгэл үл автан бид,

Бүгдээрээ хамт шаргуу тэмцье;

Ийн баяр хөөрт зүрх тань автанаl—

Бүгд нам гүм, тайван байна!5

Бидний хамгийн дуртай дууллуудын зарим нь бидэнд энэ үед Түүний сонгосон бошиглогчид болох Христийн үйлчлэгч нарыг дагахыг заадаг. “Тэр Хүнийг Магтъя” хэмээх дуулал нь сайн мэдээний Сэргээлтийн үед Бошиглогч Иосеф Смитийн чухал үүргийг хоромхон зуур санахад бидэнд тусалдаг.

Иеховатай уулзсан тэр хүнийг магтъя!

Есүс, энэ Үзмэрчийг адисласан.

Энэ эринг тэр залах адислалыг хүртсэн,

Эзэн хаад хүндлэн бүх хүн магтацгаана.6

Эдгээр болон бусад дууллуудыг тунгаан бодож, мөн дууллын номонд жагсаан бичигдсэн судрын заалтуудыг судлах нь сайн мэдээнээс суралцаж, мөн өдөр тутмын амьдралдаа Аврагчийг дурсан санахад бидэнд тусалж чадна.

Түүний Цагаатгалыг Дурсан Сана

Аврагчийг дурсан санах хамгийн чухал арга замуудын нэг нь долоо хоног болгон ариун ёслолоос хүртэх юм. Энэ нандин үйл хэрэгт бэлтгэл болгож бид дууллыг дуулдаг. Ариун ёслолын дууллууд нь бидэнд Христийн золиослол болон үүний утга учрыг сануулдаг ажээ:

Хараач, их Гэтэлгэгч халиад,

Алдарсан хуулийг нэгтгэлээ.

Хар нүглийн золиос болж, халилаа… .

Хүнийг амьдруулж, алдрыг хүртэв.7

Тэр гэм нүглийн гэмгүй золиос;

Тэр цусаа урсган зовж,

Амиа золин сэтгэлээсээ

Ийн Тэр дэлхийг аврав.8

Тэр төлөөсийг төлөхөөр цусаа урсган зовсон.

Тэрхүү энэрэлийг үтэр мартана гэж үү би?

Хаан сэнтийний өмнө мэхийн ёсолж хүндэтгэн,

Тэр энэрэнгүй суудлыг би магтан хүндэтгэнэ.9

Хэрэв бид бүрэн дүүрэн хийгээд залбиралтайгаар дуулбал ариун ёслолын дууллуудын үгс нь бидэнд Аврагч дээр төвлөрөхөд тусалдаг. Тэдгээр нь биднийг ариун ёслолоо утга төгөлдөр хүртэхэд болон Түүнийг үргэлж санаж, мөн Түүний зарлигуудыг дагахын тул Христийн нэрийг өөрсөд дээрээ авч, шийдвэр төгс байхад биднийг бэлтгэдэг.

Есүс Христийг Дагахдаа Шийдвэр Төгс Бай

Аврагчийг дагахдаа шийдвэр төгс байх талаар олон дууллуудад гардаг. Бид эдгээр дууллуудыг дуулснаар Түүний Хүүг дагах хүсэлтэйгээ Тэнгэр дэх Эцэгтээ гэрчилдэг. Жишээлбэл, дараах мөрүүдийг тунгаан бодно уу:

Тэнгэрлэг Эцэг минь танд талархъя

Замыг заах зөвлөгөөнд тань талархъя.

Талархан бид Таныг магтан дуулъя!

Тийн бид баяртайяа гэрэлд алхъя.10

“Хаа Дуудсан ч Би Үйлчлэх Болно” дуулал нь дээрхтэй ижил зүйлсийг өгүүлдэг:

Ийм бүхнээ ивээлд тань би даатгая,

Ийн хайрыг тань мэднэ,

Хүслийг тань би сэтгэлээсээ гүйцээн:

Хий гэснийг тань хийх болно би.11

Бидний дууллууд—магтаалын, талархлын, мэдлэгийн, дурсан санахуйн, эсвэл шийдвэр төгс байхын талаар ч бай бүгд л Их Эзэнд тааламжтай байдаг. “Зүрх сэтгэлийн дуунд Миний сэтгэл баясна, тийм ээ, зөв шударгын дуу надад залбирал болдог билээ, мөн эдгээр нь тэдний тэргүүн дээр адислал болон хариулагдах болно” (С ба Г 25:12) хэмээн Тэрээр хэлсэн байдаг.

Азаар Их Эзэн “Зөвхөн сайхан дуунууд нь надад залбирал болдог” эсвэл “Бибээр зөвхөн хөгжмийн авъяастай хүмүүсийг сонсох болно” хэмээн хэлээгүй юм. Бидний амьдралд буй хөгжмүүдээс Их Эзэн бидний ур чадвараас илүүтэйгээр бидний зүрх сэтгэлийн хүслийг анхааран үздэг.

Бидний ур чадварын түвшин ямар ч байлаа гэсэн бид дууллуудыг дуулснаар хөгжимд хувь нэмрээ оруулж чадна. Мөн бид бүхий л зүрх сэтгэлээрээ дуулах аваас бид тэдгээр дууллуудаар дамжуулан Христэд ирдэг билээ.

Тэмдэглэлүүд

  1. 28-р Дууллыг үз.

  2. “Израйлын Цагаатгагч,” 5-р дуулал.

  3. “Бурхан минь, Бошиглогч Илгээсэн Танд Талархъя” 36-р дуулал.

  4. “Би Бурханы Хүүхэд,” 58-р дуулал.

  5. “Ирцгээ, Ирцгээ Гэгээнтнүүд ээ” 2-р дуулал.

  6. 50-р дуулал.

  7. “Хараач, Их Гэтэлгэгч Халинам” 16-р дуулал.

  8. “Хайр, Билиг Агуу Их” 19-р дуулал.

  9. “Би Гайхширна” 22-р дуулал.

  10. “Гэрэлд Алхахыг Надад Заагаач” 66-р дуулал.

  11. 46-р дуулал.