2008
Би бол Зам
2008 оны гуравдугаар сарын сар


“Би бол Зам”

Аврагч “Би бол …” хэмээн хэлэх үедээ чухал сургамжуудыг заасан юм.

Заримдаа судартай холбоотой хамгийн дурсамжтай явдал нь та үүнийг уншиж байх үедээ гэнэт зарчмыг олж харах тохиолдол байдаг. Жишээлбэл, Иоханы сургаалд Есүсийн “Би бол”? хэмээн хэлэх нь нилээд тохиолддогийг та анзаарч байв уу? Есүс үүнийг хэлснээрээ Тэрээр Өөрийгөө хэн болохыг мөн Тэрээр хүмүүсийн төлөө юу хийдгээ мэдүүлэхийн тулд ихэвчлэн тэрхүү зүйрлэлүүдийг хэлдэг байсан. Эдгээр зүйрлэлүүдийн заримыг нь та сайн ажиглаад үзээрэй, тэгвэл та Аврагчийн талаар ихийг сурах болно.

Амийн Талх

“Би бол амийн талх байна: Над уруу ирдэг хүн өлсөхгүй, надад итгэдэг хүн хэзээ ч цангахгүй… . Би бол тэнгэрээс бууж ирсэн амийн талх байна. Хэрэв хэн нэгэн нь энэ талхыг идвэл тэр мөнхөд амьдарна” (Иохан 6:35, 51).

Дээгүүр Өнгөрөх Баярын зоогоор Израйлчуудын Египетээс чөлөөлөгдсөнийг дурсаж, мөн талх иддэг уламжлалтай байв. Энэхүү баяр ойртон ирсэн тэр үед Есүс 5000 хүнийг хооллож, гайхамшгийг үзүүлсэн. Олон хүмүүс тэрхүү гайхамшгийг хараад Түүнийг дагав. Учир нь Тэрээр тэднийг хооллож, мөн “мөнх аминд хүргэх” (Иохан 6:27) хоолыг эрэлхийлэхийг тэдэнд сургасан байв. Дараа нь Тэрээр тэдэнд тэнгэрлэг хоолны талаар зааж, энэ нь аглаг буйдад байх Израйлчуудыг хооллохын тулд тэнгэрээс ирсэн гэдгийг нь сануулсан юм. Тэрээр “Би бол амийн талх” хэмээн хэлж, Тэнгэрлэг Эцэгийн Түүгээр дамжуулан илгээсэн сүнслэг тэжээлийн талаар болон Түүний авчирсан мөнх амийн амлалтын талаар тэдэнд өгүүлсэн билээ.

Хожим нь Дээгүүр Өнгөрөх Баярын зоогоор ариун ёслолын нэгэн хэсэг болох Өөрийн биеийг төлөөлж Есүс талхыг хэрэглэсэн юм. Долоо хоног бүр бид ариун ёслолын талхыг хүртэхдээ Есүс Христ болон Түүний золиослол, Амилалт, мөн Түүний Сүнсний нөхөрлөлөөс ирэх байнгын сүнслэг тэжээлийн амлалтыг бид дурсан санадаг.

Ертөнцийн Гэрэл

“Би бол Ертөнцийн гэрэл мөн. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно” (Иохан 8:12).

Асрын баярын үеэр Есүс Өөрийгөө Ертөнцийн Гэрэл хэмээн нэрлэсэн нь бий. Энэхүү баярын үеэр дэлхий рүү илгээгдсэн Бурханы Гэрэлийг бэлэгдэж орой болгон ариун сүмийн гэрэл асдаг байв. Иохан хэлэхдээ, Есүс бол “ертөнцөд ирэх хүн бүрийг гэрэлтүүлэх жинхэнэ гэрэл” (Иохан 1:9) хэмээв. Мөн Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Их Эзэн илчлэл болгон хэлэхдээ Христийн Гэрэл бол “та нарын мэлмийг гэгээрүүлдэг түүгээр дамжсан байдаг нь та нарын ойлголтуудыг амьдруулдаг мөнхүү тэр гэрэл” мөн энэ нь “бүх зүйлд амьдралыг өгдөг, бүх зүйл түүгээр зохицуулагддаг хууль бөлгөө” (С ба Г 88:11, 13) хэмээв.

Бидний оюун бодол хийгээд сүнснүүд Есүс Христээр дамжуулан гэрэлтдэг. Түүний гэрэл бидний замыг гэрэлтүүлж, сайн муугийн хоорондох ялгааг хэлэхэд туслан мөн бидэнд мөнх амь руу хөтлөх замыг зааж өгдөг.

Усан Үзмийн Мод

“Би бол усан үзмийн мод, та нар бол мөчрүүд. Хүн миний дотор байж, мөн би Түүний дотор байвал, тэр хүн их жимс ургуулна. Учир нь надаас салангид байвал та нар юу ч хийж чадахгүй” (Иохан 15:5).

Есүс усан үзмийн модтой Өөрийгөө зүйрлэсэн юм. Тэрхүү усан үзмийн мод нь зөвхөн ургамлуудыг газарт үндэслүүлээд зогсохгүй, мөчрөөс нь урган гарах бүхий л жижиг усан үзмээ тэтгэж, мөн жимсийг ургуулдаг ажээ. Есүс Христ бол бидний найдварын зангуу бөгөөд сүнслэг тэжээл хийгээд өсөлтийн эх үндэс нь юм. Түүгээр дамжуулан бид шударга амьдрахад шаардлагатай хүчийг нэмэгдүүлж, мөн сайн үйлсийг дэлгэрүүлдэг. Тэрээр мөн Сүмийн суурь бөгөөд сайн мэдээг тунхаглаж, дэлхий дахинд түгээх эрх мэдлийн үндэс билээ.

Сайн Хоньчин

“Би бол сайн хоньчин мөн. Би өөрийнхийгөө мэдэх бөгөөд өөрийнхөн минь Намайг мэднэ” (Иохан 10:14).

Хоньчны гол үүрэг бол хонио унд устай газар аваачиж мөн тэднийгээ сүрэгт нь аюулгүй авчрах явдал юм. Хоньчин нь мөн хонио зэрлэг амьтад болон хулгайч зэрэг аюулаас хамгаалдаг. Учир нь тэрээр сүргээ мэдэх бөгөөд хонио алга болсныг мэдмэгцээ түүнийгээ олохоор явдаг. Хоньд нь түүнд дуулгавартай байх бөгөөд түүнд бүрэн итгэх буюу.

Сайн хоньчин болох Есүс биднийг төөрөх үед дуудан, хэрэв бид Түүний дууг дуулгавартайгаар сонсож сурвал Тэрээр биднийг аврал хийгээд мөнхийн амийн аюулгүй бэлчээр лүү удирдаж, биднийг үхлийн болон нүглийн аюулаас хамгаалдаг.

“Би Байдаг”

“Есүс тэдэнд хэлрүүн, Үнэнээр үнэнээр би та нарт хэлье. Абрахамыг бий болохоос өмнө Би байсан юм” (Иохан 8:58).

“Би байдаг” хэмээн жирийн нэгэн үгээр Есүс бүгдийг хэлсэн юм. Үүгээрээ Тэрээр Өөрийгөө Би бол ертөнцийг Бүтээгч, Иехова, болон Хуучин Гэрээний Бурхан хэмээн тунхаглав. Түүний нэр үнэндээ бол “Би байдаг” гэсэн утгатай билээ. (Египтээс Гарсан нь 3:14-ийг үз).

Есүс бол Бурханы Хүү, Мессиа болон Аврагч, бөгөөд Тэрээр биднийг нүгэл хийгээд үхлээс авардаг. Түүний хэн болохоос шалтгаалан, мөн Түүний бидний төлөө хийсэн зүйлсийн улмаас бид мөнхийн амийг олж, мөн байвал зохих хүмүүн болж чадна.