2009
Есүс Христтэй адилхан болох нь
2009 оны нэгдүгээр сарын


Бошиглогчийн дуу хоолойг сонсцгоо

Есүс Христтэй адилхан болох нь

2005 оны аравдугаар сарын ерөнхий чуулган дээр хэлсэн үгнээс.

Христийнхтэй адил зан төлөвийг хөгжүүлнэ гэдэг нь юу гэсэн үг болохыг Ерөнхийлөгч Угдорф тайлбарлаж байна.

President Dieter F. Uchtdorf

Есүс Христ мөнх бус үйлчлэлийнхээ эхэнд, “[Ирж] намайг дага. Би та нарыг хүмүүсийн загасчин болгоно” (Матай 4:19) гэж Төлөөлөгчиддөө зааварласан билээ. Бид “Түүнийг дагах” хэрэгтэй. Бид Түүнийг дагах юм бол Аврагч биднийг хүч чадлаас маань илүү ихээр адислах болно. Ингэснээр бид, Тэрээр биднийг ямар хүмүүс болоосой гэж хүсдэг шиг тийм хүмүүс болж чадна.

Христийг дагана гэдэг нь Түүнтэй улам адилхан болно гэсэн үг юм. Энэ бол Түүний зан чанараас суралцана гэсэн үг. Сургаалуудаар нь амьдарч, сайн мэдээнээс нь суралцахад Аврагч биднийг урьдаг. Эртний болон өнөө үеийн бошиглогчид Христийг дагах гэдгийг: “Зөвхөн зарлигуудыг л сахь” гэсэн гуравхан үгээр дүрсэлсэн байдаг.

Бид насан туршдаа хөгжүүлэх хэрэгтэй Христийнхтэй адил нэлээд олон зан төлөвийн шинж чанарыг судрууд дүрсэлсэн байдаг. Мэдлэг, даруу, дуулгавартай байдал, энэрэл хайр, хичээнгүй зүтгэл, итгэл найдвар зан төлөвийн эдгээр шинж чанарт багтана. Христийнхтэй адил зан төлөв бол Бурханы бэлэг юм. Зан төлөвийн эдгээр шинж чанарыг Түүний туслалцаагүйгээр хөгжүүлж чадахгүй. Бид бүгдэд хэрэгтэй энэ тусламжийг Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан бидэнд үнэгүй өгсөн юм.

Есүс Христ болон Түүний Цагаатгалд итгэх итгэлтэй байна гэдэг нь Түүний хязгааргүй хүч, оюун билэг, хайранд итгэн, Түүнд төгс байдлаар итгэл найдвар хүлээлгэх ёстой гэсэн үг юм. Бид Христэд итгэх итгэлтэй байсан цагт Их Эзэний зарлигуудыг—дагах учир шалтгааныг бүрэн дүүрэн ойлгохгүй ч гэсэн Түүнд итгэл найдвар тавьдаг. Бид Аврагчтай илүү адилхан болохыг эрэлхийлэхдээ үнэн наманчлалын замаар дамжуулан Есүс Христийн ач гавьяа, Түүний Цагаатгалын адислалууд дээр тулгуурлах хэрэгтэй.

Бид Христийнхтэй адил зан төлөвийг амьдрал, ажил үйлстээ алхам алхмаар хөгжүүлэх юм бол, ийм зан төлөв нь “[биднийг] бүргэдийн далавчин дээр лугаа адил авч явна” (С ба Г 124:18). Итгэл, найдвар хоёр биднийг уруу таталтын далай, гай зовлонгийн уулс дээгүүр гаталган гаргаж, мөнхийн гэр орон, мөнхийн хувь тавиланд маань эсэн мэнд буцаан хүргэх болно. ●

Төгс хайр, Дел Парсон, хуулбарлаж болохгүй