Итгэлээр голыг гаталсан нь
“Тэрээр дээрээс илгээж, намайг авсан. Их уснаас Тэр намайг татан гаргасан. Тэр намайг хүчит дайснаас аварсан (Дуулал 18:16–17).
Рафаел Матео хүү Валинсонтойгоо (Валли гэдэг) шуургатай үдэш, борооны дараа үерлэсэн голын хуйлран хүрхрэх усыг ширтэн зогсож байлаа. Салбарын ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх Рафаел, салбарын ахлагч нарын чуулгын ерөнхийлөгч Халли хоёр Домниканы Бүгд Найрамдах Улсын Сан Хосе де Окоа дахь ариун ёслолын байранд болсон ням гарагийн үйлчлэлийн дараа гэртээ харих гэж яваа нь энэ ажээ.
Хувингаар цутгаж байгаа мэт орсон аадар бороонд тэр хоёр шалба норжээ. Хүрхрэн үерлэсэн Ро Окоа гол ариун ёслолын байр, тэдний гэр хоёрын хооронд аюултай саад бий болгосон байв. Хуурай улиралд хөндийн нэг талаар уруудан ариун ёслолын байрнаас 6 км яваад голын нөгөө талаар өгсөн гэр рүүгээ явган явахад нэг цаг болдог байжээ. Гэвч борооны улиралд гол үерлэсэн үед Рафаел болон гэрийнхэн нь голыг аюулгүйгээр гатлах газрыг хайн 15 км явахад гурван цаг зарцуулдаг байв.
Рафаел урьд нь энэ замаар тоо томшгүй олон удаа явсан аж. Тэрээр ажилдаа очихын тулд энэ голыг өдөр бүр гаталсаар 12 жил болж байгаа ажээ. Рафаел баптисмынхаа дараа хоёр сар болоод салбарын ерөнхийлөгчөөр дуудагдаад зургаан жил энэ дуудлагат ажилдаа үйлчилжээ. Энэ дуудлага гол гаталж, сүмд ирэх, очих тоог нь ч нэмэгдүүлсэн юм. Үүний дараа тэрээр ахлагч нарын чуулгын ерөнхийлөгчөөр дуудагдсан гэнэ. Дараа нь түүнийг салбарын ерөнхийлөгчийн зөвлөлд эргүүлэн дуудав.
Голыг сайн мэддэг болсон ч үерийн аюул нь багассангүй. Үерлэсэн голын урсгал цутгадаг гол шигээ ширүүсч амь насанд аюул учруулж болзошгүй болдог ажээ. Эргээсээ халин үерлэсэн голд саяхан нэг хөрш нь хөл алдаж, нарийнхан хавцал руу урсан орж, лаг шаварт шигдэн амь насаа алдсан гэнэ.
Аав хүү хоёр усны захад тээнэгэлзэн зогсож байснаа, аав нь ус руу орлоо. Гол өргөн биш боловч, ус хэтэрхий их, урсгал ширүүн байсан учир голдрилд гүн ховил үүсгэсэн байв. Ширүүн урсгалт хүйтэн ус эхлээд өвдгөөр нь татаж, дараа нь бүсэлхийд, удалгүй цээжинд хүрлээ.
Байдал хүндэрч хутганы ирэн дээр байгааг Рафаел мэдлээ. Голын голдрил халтиргаатай, овон товон байснаас гадна ширүүн урсгал түүнийг хэзээ хэзээгүй хөл алдуулж мэдэхээр байлаа. Тэрээр голын дунд хүрч, бүх хүчээ шавхан эгцээрээ зогстол, урагшаа ч, хойшоо ч хөдлөх тэнхэлгүй болсноо мэдрэв.
Үертэй дахиад тэмцэлдэх хүч тамир нэгэнт байхгүй болжээ гэж бодтол, араас гэнэт түлхэж түүнийг голын нөгөө эрэг рүү шидчих нь тэр. Рафаел голын нөгөө эрэгт хүрээд хүүгээ тусаллаа гэж бодоод эргэж харвал хүү нь голын нөгөө эрэг дээр зогссон хэвээр байлаа.
Тэрээр үерээс аврагдсанаа Аврагчийн хүчтэй холбон бодлоо. Тэр өмнө нь бие махбодын болон сүнсний аль алинаар нь хүнд сорилттой тулгарахад Аврагч түүнд тусалсан юм.
“Би Их Эзэний үйлчлэлд байгаа үедээ цээжинд хүрсэн гүнзгий усыг олон удаа туулах шаардлага гарч байсан”. Харин би өөрийгөө Их Эзэнд их өртэй гэж боддог. Их Эзэн надад зөвхөн Өөртөө үйлчлэх боломжийг төдийгүй, амь дүйсэн нөхцөлд эсэн мэнд үлдэх боломжийг олгосон юм” гэж Матео ах ярив.
Матео ах Давид Хааны адил, Аврагч “их уснаас намайг татан гаргасан. Тэр намайг хүчит дайснаас аварсан” (Дуулал 18:16–17) гэдгийг мэддэг аж.
Энэхүү гэрчлэл нь Валлитай хамт усан бороо орсноос үерлэсэн голыг гаталсан нь үнэн бодитойн адил, бүр илүү төвөгтэй хүнд сорилтуудын дундуур ч түүнийг авч гарсан аж
Матео ах, гэргий Алтаграция, гурван хүүхдийнхээ хамт аяллын зардлыг үл харгалзан 2001 онд ариун сүмд лацдан холбуулжээ. Тэр цагаас хойш тэд жил бүр наад тал нь хоёр удаа ариун сүмд явахад хүрэлцэхүйц мөнгө хадгалан золиослол хийж байгаа аж.
Матео ахад ажлын, биеийн хийгээд сүнсний золиослол аль аль нь үнэ цэнэтэй юм.
Зорилго маань юу билээ гэдгийг мэдэж байвал, золиослол хийх хэцүү биш л дээ. “Бид дэлхийн зүйлсээс илүү эрхэм нандин юмны төлөө тэмцэж байгаа шүү дээ” гэж тэр хэллээ.