Дуртай дууллаа эрсэн нь
Манай номлолын ерөнхийлөгч Ганын Аккрагийн Номлолын номлогчдод “санаа бодлоо байнга төвлөрүүлж байхыг” зөвлөдөг байлаа. Тэр энэ нийлэмж үгийг байнга хэлдгээрээ нэрд гарсан хүн юм. Тэрээр бүсийн нэгэн чуулган дээр бид ийм байх арга замуудыг бас энэ жагсаалтын гол зүйл нь дуртай дуулал байх ёстойг зөвлөмж болгов.
Дуртай нэг дууллаа сонгож аваад, цээжилж, уруу татагдсан юм уу санаа сэтгэлээр унасан үед дуулж бай гэж тэр бидэнд захив. Энэ үг өдөржингөө санаанаас минь гарсангүй.
Би гэрээ жигтэйхэн их санаж байлаа. Гэрийхнээс хэн нь ч ойрын үед надад захидал бичсэнгүй. Иймээс би сэтгэл санаагаар унаад байв. Сэтгэл нэг л тогтворгүй байлаа. Сэтгэл санаагаа өөдрөг болгохын тулд нэг дуулал сонгох хэрэгтэй байв. Дууллын ногоон номон дотроос би олон дуулал мэддэг байв. Гэвч би алинд нь хамгийн их дуртай юм бэ?
Тэр шөнө би дууллын хуучин ном гаргаж ирээд, намайг тайтгаруулах үгстэй дуулал хайлаа. Нэгэн бодол зурсхийн орж ирлээ. Тэр үед Африкийн Баруун Бүсийн Ерөнхийлөгч байсан Далын Ахлагч Шелдон Ф.Чайлд номлогчийг бэлтгэх төвд ирж, Цагаатгалын тухай ярилаа. “Хэрэв бүх залуу номлогчид та нар бидний Их Эзэн Есүс Христийн Цагаатгалыг ойлгох юм бол, номлолын дүрэм хэрэггүй юм” гэж тэрээр үгээ төгсгөв.
Энэ бол надад хэрэгтэй байсан нөгөөх дуулал байлаа. Миний сэтгэл тайвшрав. Хэрэв надад Цагаатгалын тухай дуулал байсан бол, би Аврагчийнхаа хайрыг мэдэрч тайтгаран надаар Түүний хийлгэхийг хүссэн зүйл дээр хамаг анхаарлаа төвлөрүүлэх байсан.
Эцэст нь би “Гэтэлгэгч минь амьдыг би мэднэ” дууллыг сонгож авлаа.
Өнөөдөр би мэргэн зөвлөгөөнийх нь төлөө номлолын ерөнхийлөгчдөө талархаж явдаг. Одоо би дуртай дууллаа тогтоочихсон. Санаагаар унасан, хүнд сорилт, асуудал бэрхшээл тохиолдсон үед би үргэлж тунгаан бодож, дуулахаа санадаг. “Би Гэтэлгэгч амьдыг мэднэ. Энэ нь намайг их тайвшруулж байна… . Тэр хэцүү үед адислахаар амьд.”