Тэргүүн Зөвлөлийн Захиас бичиг
Сэрэмжлүүлгийн дуу хоолойгоо өргөцгөөе
Их Эзэн нигүүлсэнгүй учраас хүмүүсийг аюулаас сэрэмжлүүлэхийн тулд үйлчлэгчдийг дууддаг. Сэрэмжлүүлэх энэхүү дуудлага хэцүү атлаа амин чухал юм. Учир нь үнэхээр бодитой аюулын тухай нэн чухал үнэ цэнэтэй сэрэмжлүүлгийг хүмүүс тоохгүй байна. Ионагийн тухай бодоод үз л дээ. Нүгэл үйлдсээр байгаад аюулыг харж чадахгүй харалган болсон Ниневегийн хүмүүсийг сэрэмжлүүлэх Их Эзэний дуудлагаас тэрээр эхлээд зугтаасан шүү дээ. Ёс бус хүмүүс зуун зууны туршид бошиглогчдыг эсэргүүцэж, заримдаа тэднийг алж байсныг Иона мэдэж байлаа. Гэвч Ионаг итгэлээр жигүүрлэн урагш давшихад Их Эзэн аюулгүй байдал, амжилт ололтоор түүнийг адисалсан билээ.
Бид эцэг эхийн хувьд ч бас хүүхдүүдийн хувьд ч туршлагаасаа суралцаж чадна. Бидний эцэг эхчүүд үр хүүхдийнхээ харж чадахгүй байгаа аюулыг мэдрээд сэтгэл нь түгшдэг. Үр хүүхдээ аюулаас хэрхэн зайлуулахыг мэдэхийг асуусан эцэг эхийн залбирал шиг шаргуу залбирал цөөхөн байдаг. Бидний ихэнх нь эцэг эхийнхээ сэрэмжлүүлгийн үгсийг сонсож, дагаснаас ирдэг адислалыг мэдэрдэг.
Намайг бяцхан хөвгүүн байхад ээж минь надад хандан эелдэг дөлгөөхнөөр ярьж байсныг одоо ч санадаг. Ямар ч гэм хоргүй гэж бодсон нэг юманд би ээжээсээ зөвшөөрөл гуйсан юм. Харин тэр нь аюултайг ээж маань мэдэж байв. Ээжид минь байсан тэрхүү хүчийг би өдий хүртэл гайхан биширдэг. Энэ хүч цөөхөн үгээр Их Эзэнээс надад ирсэн юм. “Өө, миний хүү, чи үүнийг хийж болох л юм. Харин сонголтыг чи л хийнэ шүү дээ” гэж ээж минь хэлснийг би санадаг. Болох л юм сонголт гэсэн хоёрхон үгээр л ээж минь намайг сэрэмжлүүлсэн юм. Гэсэн ч энэ хоёрхон үгийг хэлсэн өнгө аяс нь намайг сэрэмжлүүлэхэд хангалттай байлаа.
Хоёрхон үгээр намайг сэрэмжлүүлсэн ээжийн минь тэрхүү хүч түүнд зуршмал байдаг гурван зүйлээс үүдэлтэйг би мэдэж байлаа. Нэгдүгээрт, ээж минь надад хайртайг би мэддэг байв. Хоёрдугаарт, үүнтэй адил нөхцөл байдал ээжид минь тохиолдсон үед зөв сонголт хийснээр ээж минь адислагдсаныг би мэдэж байв. Гуравдугаарт, ээж маань бат бөх гэрчлэлээ надад өвлүүлсөн юм. Хэрэв би юу хийхээ Их Эзэнээс асуусан бол Тэрээр юу гэж хэлэх байсан бол гэдэг нь миний хийх ёстой байсан сонголтод амин чухал байсныг харуулж байна. Хайр, үлгэр жишээ, гэрчлэл бол тэр өдөр намайг шийдвэр гаргахад нөлөөлсөн гурван чухал зүйл байлаа. Дуулгавартай байсны ачаар бас Их Эзэний үйлчлэгчийн сэрэмжлүүлгийг анхааран сонссоны ачаар энэ гурван зүйл намайг хаана ч байсан адислал болж ирсээр байдаг билээ.
Сэрэмжлүүлэх дуу хоолойгоороо бусад хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүрч нөлөөлөх бидний чадвар бол Есүс Христийн гэрээт шавь нар болсон бүх хүмүүст хамаатай юм. “Болгоогтун, хүмүүст гэрчлэх хийгээд сэрэмжлүүлэхээр би та нарыг илгээсэн билээ, мөн сэрэмжлүүлэгдсэн хүн болгон хөршөө сэрэмжлүүлэх нь хэрэгтэй болой.” Энэ бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн бүрд өгсөн үүрэг даалгавар мөн (С ба Г 88:81).
Сэрэмжлүүлэх нь бидний үүрэг
Хөршөө сэрэмжлүүлэх үүрэг баптисмын гэрээг хүлээн авсан бидэнд оногдоно. Бид гишүүн биш найз нар, хамаатан садангуудтайгаа сайн мэдээний талаар ярилцах ёстой. Заахаар дуудагдаж, онцгойлон адислагдсан бүрэн цагийн номлогчдоор заалгахын тулд хөршүүдээ урих нь бидний зорилго байх ёстой. Сайн мэдээг заалгах бидний урилгыг хүн хүлээн авснаар агуу амлалтыг “өвлөгч” болж, баптисмын ус руу орон, итгэлтэй хэвээр үлдэх агуу боломж түүнд нээгддэг.
Танаас бүрэн цагийн, тойргийн, эсвэл салбарын номлогч нар сайн мэдээг хуваалцах хүмүүсийн жагсаалт гаргахыг хүсэж болно. Төрөл садан, хөрш, таньдаг хүмүүсийнхээ талаар бодохыг санал болгож ч мэднэ. Номлогчдын заах хүн юм уу гэр бүлийг бэлтгэх сар өдрийг товлохыг тэд танаас хүсч болно. Ийм туршлага надад тохиолдож байсан. Манай гэрийнхэн номлогч нарын урилгыг хүлээн авч тэдний зааж байсан 80 гарсан нэг бэлэвсэн эмэгтэйн баптисмыг гүйцэтгэж билээ.
Би тэр эмэгтэйг Сүмийн гишүүнээр батлахаар толгой дээр нь гараа тавьсан үед, баптисм хийлгэх түүний сонголт тэр эмэгтэйн өмнөх болон хойч үеийнхнийг адислах болно гэж сэтгэл догдлон хэлж билээ. Би тэр эмэгтэйг өөд болсны дараа ээжтэйгээ лацдан холбуулж буй хүүтэй нь ариун сүмд байх боломж тохиосон.
Сайн мэдээг заалгахыг урьсан хүмүүст тань ийм туршлага тохиолдсон байж болно. Бас амьдралд ийм торгон агшин цөөхөн тохиолддогийг та бүгд мэднэ. “Мөн эдүгээ, хэрэв миний Эцэгийн хаант улсад надад авчирсан нэг бодгальтай хамт та нар агуу баяр хөөртэй байх аваас, хэрэв та нар олон бодгалийг надад авчрах юм бол та нарын баяр хөөр хичнээн агуу байх билээ!” гэсэн Их Эзэний үгс номлогчдын хувьд ч, бид бүгдийн хувьд ч адилхан үнэн юм (С ба Г 18:16).
Номлогчид бидэнд тусалж, дэмжих болно. Гэвч баптисмын сан болон ариун сүм дэх ийм торгон агшин нь бид үүрэгтээ хэрхэн хандаж, үүргээ биелүүлэх талаар юу хийхээр сонгодгоос ихээхэн хэмжээгээр хамаарна. Хэрэв аюул байгаагүй бол Их Эзэн сэрэмжлүүлэх гэдэг үгийг хэрэглэхгүй байсан. Гэвч бидний таньж мэддэг олон хүмүүс аюулыг мэдрэхгүй хэвээр байна. Нийгэм задарч, нэгэн цагт боломжтой мэт санагдаж байсан хүмүүсийн амьдрал, гэр бүлд амар амгалан улам бүр үгүйлэгдэж байгааг хүмүүс үл ойшоож нэгэнт хэвшжээ. Аюулын шинж тэмдгүүдийг ийнхүү үл тоомсорлох нь: “Сэтгэл хангалуун байгаа хүнд би яагаад сайн мэдээний тухай ярих ёстой юм бэ?” гэж бодоход чинь дөхөм өгөх аян шалтаг болж мэднэ. Хэрэв би юу ч хийхгүй, эсвэл амандаа ус балгасан юм шиг юу ч хэлэхгүй бол, хүмүүст бас надад ямар аюул тохиолдох вэ?
Харин аюулыг олж харах нь хэцүү байж мэднэ. Гэвч аюул хүмүүст ч, надад ч нэгэн адил бодитой юм. Жишээ нь, энэ амьдралд өөрийн тань таньдаг хүн бүр эдүгээ таны мэддэг зүйлийг ирэх дэлхийд аль нэгэн үед мэдэх болно. Гэр бүлтэйгээ хамт бас бидний Тэнгэрлиг Эцэг, Түүний Хүү Есүс Христийн дэргэд үүрд мөнх амьдрах цорын ганц арга зам бол Бурханаас эрх мэдэл хүлээн авсан хүмүүсийн гараас баптисм хүртэж, хаалга руу орохоор сонгох явдал мөн гэдгийг хүмүүс мэднэ. Гэр бүлүүд үүрд мөнх хамт байх цорын ганц арга зам бол энэ дэлхий дээрх Бурханы ариун ариун сүмүүдэд санал болгодог ариун гэрээнүүдийг хүлээн авч, сахих явдал мөн гэдгийг хүмүүс мэдэх явдал юм. Таны мэдэж байсан гэдгийг тэд мэдэх болно. Мөн хэн нэгэн нь өөрт чинь санал болгосон зүйлийг та тэдэнд санал болгосон эсэхийг хүмүүс санах болно.
“Цаг нь болоогүй байна” гэж хэлэх амархан л даа. Гэвч хойш тавьснаар аюул даамжирч байна. Би олон жилийн тэртээ Калифорнид нэг хүнд хөлсөөр ажилладаг байлаа. Тэр надад эелдэг найрсаг ханддаг байв. Тэр хүн намайг өндөр үнэлдэг байсан байх. Би түүний сайн таньдаг цорын ганц Хожмын Үеийн Гэгээнтэн байсан болов уу. Би сайн мэдээний талаар түүнтэй ярилцах аятай мөчийг хүлээх ямар шалтгаан байсныг үнэндээ мэдэхгүй юм. Тэр хүн тэтгэвэрт гарч, би хол газар амьдардаг болсон хойно, тэр хүн Калифорнийн Кармел дахь гэр рүүгээ шөнө болсон хойно машинаар явж байгаад эхнэртэйгээ хамт осолд орж амь үрэгдсэнийг сонсоод би ихэд харамсан гашуудаж билээ. Тэр хүн эхнэртээ хайртай байсан. Тэр хүүхдүүддээ хайртай байсан. Тэр эцэг эхдээ хайртай байлаа. Тэр хүн ач зээ нартаа хайртай байсан. Тэр бүх үр хүүхэддээ хайртай байсан. Бас тэдэнтэйгээ үүрд мөнх хамт байхыг хүсэх байсан.
Бүх хүмүүс сүнсний дэлхийд хэрхэн зохион байгуулагдах буюу байрлагдахыг би мэдэхгүй. Харин би тэдэнтэй учрах болно, нөгөөх хүн миний өөдөөс эгцлэн ширтээд: “Хал чи мэдэж байсан шүү дээ. Яагаад чи надад хэлээгүй юм бэ?” гэж асуухыг нь би түүний харцнаас ажиглана.
Би энэ хүний тухай бодох үед, бас өөрийнхөө баптисм хүртээсэн нөгөөх бэлэвсэн эмэгтэйн тухай мөн эдүгээ түүнтэй болон бие биетэйгээ лацдан холбуулах гэрийхнийх нь тухай бодох үед илүү сайныг үйлдэхийг хүсдэг. Сайн мэдээг заалгах хүмүүсийг урих хүчээ нэмэгдүүлэхийг би хүсдэг. Бид ийм хүсэлтэй байх юм бол, Бурхан бидэнд тусална гэсэн итгэл бишрэлтэй байвал бид илүү сайн ажиллах болно.
Хайр бол бүхнээс чухал зүйл.
Хайр үргэлж бүхний түрүүнд байдаг. Нинжин сэтгэлийн ганц удаагийн үйлдэл хангалттай байх нь өдрийн од шиг ховор юм. Бидний мэдрэх ёстой хайрыг Их Эзэн дүрсэлсэн байдаг. Бидний урьдаг хүмүүс “Хайр бол тэвчээртэй,” “хайр бүгдийг даадаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг” гэсэн үгсийг биднээс олж хардаг байх ёстой 1 Коринт 13:4, 7.
Би “хайр тэвчээртэй,” “хайр бүгдийг тэсвэрлэдэг” гэдэг нь юу гэсэн үг болохыг мэдэрсэн хүн. Нэг айл манай ойролцоох байшинд нүүж ирсэн юм. Тэдний байшин дөнгөж шинээр баригдсан байв. Би тэр үед орчныг тохижуулж, мод, бут сөөг тарьж, зүлэгжүүлэхэд гар бие оролцоход олон оройг зориулсан Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн бүлгийн нэгэн гишүүн байлаа. Биднийг ажлаа дуусгасан орой нөгөөх гэр бүлийн тэргүүн хажууд минь зогсож байсныг санаж байна. Тэрээр бидний хийсэн ажлыг ажиглан, ойрхон зогсож байснаа бидэнд хандан, “Энэ бол Мормончууд та нараас бидэнд зориулан барьсан гурав дахь хашаа. Энэ хашаа хамгийн сайн нь гэж би бодож байна” гэв. Тэгээд тэр хүн өөрийнхөө сүмийн гишүүнчлэлээс хүлээн авдаг агуу сэтгэл ханамжийн талаар намуухан атлаа шийдэмгийгээр ярив. Түүнийг энд амьдарч байсан он жилүүдэд ийм яриа бидний хооронд олон удаа болдог байлаа.
Тэр хүнийг энд амьдарч байсан бүх хугацаанд түүнд болон гэр бүлийнхэнд нь үзүүлж байсан нинжин сэтгэлийн үйлдлүүд огтхон ч зогсоогүй юм. Юу гэвэл хөршүүд нь түүнийг үнэхээр хайрладаг байлаа. Нэг орой би тэдний гадаа ачааны машин зогсож байхыг харлаа. Тэднийх өөр муж руу шилжиж байгаа гэдгийг би хэн нэгнээс сонссон юм. Би туслахсан гэж бодоод хүрч очив. Гэрийн хогшил юмсыг ачааны машинд ачиж байгаа хүнийг би хараад таньсангүй. Намайг дөхөж очиход тэр хүн, “Айринг ах аа, сайн байна уу?” гэв. Тэр хүн бол энд амьдарч байх үедээ жаахан байсан хүү одоо том болж гэрлээд, шилжин нүүсэн тэдний хүү нь байв. Иймээс би түүнийг таниагүй ажээ. Олон хүн түүнийг хайрладаг байсан болохоор тэр баптисм хүртэж, Сүмийн гишүүн болсон байлаа. Энэхүү түүх эцэс төгсгөлгүй үргэлжлэх учраас би төгсгөлийг нь мэдэхгүй байна. Гэхдээ л уг түүх хайраар эхэлснийг би мэднэ.
Хоёрдугаарт, бид бусад хүмүүсээр хийлгэхийг урьдаг тэр зүйлдээ бүр илүү үлгэр дуурайл үзүүлэх хэрэгтэй. “Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, Тэнгэр дэх Эцэгийг тань алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг” гэсэн Аврагчийн энэхүү зарлиг ороо бусгаа энэ дэлхийд улам чухал болж байна (Матай 5:16).
Бидний үлгэр жишээний багаахан гэрэл бусдад бараг ажиглагдахааргүй өчүүхэн шүү дээ гэж бидний ихэнх нь боддог байж болох юм. Гэвч таныг бас гэр бүлийг тань бусад хүмүүс өөрийн чинь боддогоос илүү ихээр ажиглан харж байдаг юм шүү дээ. Надад нэлээд дээхнэ бусад сүмийн 300 орчим үйлчлэгчид, удирдагчид оролцсон цуглаанд оролцож, үг хэлэх завшаан тохиосон юм. Өмнөх цуглаануудад би ганцаараа очсоны нэгэн адил энэ удаа ч мөн л ганцаараа очив. Миний захиас Сүмийн гарал үүслийн тухай, залуу Иосеф Смитийн Анхны Үзэгдэл хийгээд амьд бошиглогчдын тухай байлаа. Тэд яагаад миний захиасыг тийм ихээр анхаарч сонссоныг би асуусан юм. Хүн бүр үндсэндээ нэг л хариулт өгдөг байлаа. Тэд өөрсдийнхөө таньдаг Сүмийн гишүүн юм уу, гишүүн гэр бүлийн тухай ярина. “Тэд бол миний мэддэг хамгийн сайхан гэр бүл байсан шүү” гэж хэлэхийг би олон удаа сонссон. Сүмийн гишүүд гайхалтай арга замаар ажилласан олон нийтийн ямар нэг үйл ажиллагаа эсвэл байгалийн гамшигт үзүүлсэн тусламжийн талаар хүмүүс олонтаа ярьдаг байв.
Дээрх цуглаанууд дээр миний уулзсан хүмүүс сургаал дахь үнэнийг ухаарч ойлгодоггүй байсан ч, сургаалын үр жимсийг манай гишүүдийн амьдралаас олж хардаг байсан юм. Иймээс тэд анхаарч сонсоход бэлэн байдаг. Гэр бүл үүрд мөнх хамтдаа лацдан холбуулж болно. Сайн мэдээ бидний зан төлөвийг өөрчилж чадна гэсэн Сэргээлтийн—үнэнүүдийг хүмүүс сонсоход бэлэн байдаг. Бидний үлгэр жишээг хүмүүс хараад сонсоход бэлэн байдаг.
Бидний улам сайн хийх ёстой гурав дахь зүйл бол гэрчлэлээр бусдыг урих явдал мөн. Хайр, үлгэр жишээ биднийг сонсох боломжийг хүмүүст олгоно. Харин бид амаа нээж, гэрчлэлээ хуваалцах ёстой. Үнэн сонголт хоёр салшгүй холбоотой байдаг энгийн баримт бидэнд тусална. Бидний Тэнгэрлиг Эцэгийн бүх хүүхэд сүнслэг үнэнүүдийг гэрчлэхэд тэнцэхүйц байхын тулд хийх ёстой зарим сонголт байдаг. Бид сүнслэг үнэнийг мэддэг учраас амьдралаа энэхүү үнэнд тохируулахаар сонголт хийх ёстой. Бид үнэний тухай гэрчлэлээ хайртай хүмүүс, найз нартайгаа хуваалцсанаар, тэд энэхүү үнэнийг өөрсдөө мэдэхийн төлөө хийх сонголтуудыг нь тэдэнд харуулдаг. Хоёр чухал үлгэр жишээ байдаг. Энэ хоёр үлгэр жишээ Мормоны Номыг уншихад хүнийг урих, номлогчдоор сайн мэдээг заалгахыг зөвшөөрөхөд нь түүнийг урихад харагддаг.
Мормоны Ном үнэн гэдгийг мэдэхийн тулд бид үүнийг уншиж: Энэ ном үнэнийг мэдэхийн тулд залбир гэсэн Моронай дахь сонголтыг хийх ёстой (Моронай 10:3–5-ыг үз). Ингэснээр найз нар маань уг сонголтыг хийж, мөнхүү үнэнийг мэдэж болохын тулд бид хувийнхаа туршлагаар тэдэнд гэрчилж чадна. Мормоны Ном бол Бурханы үг мөн гэдгийг мэдсэнээр тэд өөр нэг сонголттой тулгарах болно. Энэ сонголт бол номлогчдоор заалгах урилгыг хүлээн авах уу, үгүй юү гэдэг асуудал юм. Та бусдыг гэрчлэлээр урихын тулд номлогчид Бурханы үйлчлэгчид болон дуудагддагийг мэдэх хэрэгтэй.
Гэрийнхэндээ юм уу найз нартаа сайн мэдээг заалгахын тулд та номлогчдыг гэртээ урьснаар тэрхүү гэрчлэлийг олж авч чадна. Номлогчид ийм боломжинд баяртай байх болно. Та номлогчдыг заахад хамт байх юм бол нас, боловсролоос нь хавьгүй илүү хүч тэдэнд байгааг мэдэх болно. Үүнийг би аль хэдийн мэдсэн билээ. Та бусад хүмүүсийг номлогчдоор заалгахаар урьснаар, номлогчид үнэнийг зааж, аз жаргал руу хөтөлдөг сонголтуудыг санал болгодог тухай гэрчлэлийг тэдэнтэй хуваалцах боломжтой болно.
Өөртөө итгэх итгэл
Бид бусад хүмүүсийг хангалттай хэмжээгээр хайрладаг уу, амьдрал маань хангалттай сайн байна уу, урилгыг маань хөршүүд хүлээн авахаар бидний хүч хангалттай юу гэдэгт итгэх нь зарим хүмүүст хэцүү байж болох юм. Гэвч ийм бодол санаа бидэнд байж болохыг Их Эзэн мэддэг билээ. Их Эзэний урам хайрлагч үгсийг сонсогтун. Тэрээр эдгээр үгсийг Сургаал ба Гэрээний эхэнд оруулах чиглэлийг өгсөн юм. “Мөнхүү эдгээр эцсийн өдрүүдэд миний сонгосон шавь нарын маань амаар, сэрэмжлүүлгийн дуу хоолой бүх хүмүүст хүрэх болно” гэсэн үүрэг даалгаврыг Тэрбээр бидэнд өгсөн билээ (С ба Г 1:4).
Бид шавь нар байх шаардлагыг Тэрээр хэрхэн дүрсэлснийг сонсоцгооё: “Дэлхийн сул дорой зүйлс урагш гарч ирэх бөгөөд хүч чадалтнууд хийгээд хүчтэнүүдийг унагах болно” (С ба Г 1:19).
Мөн үүний дараа: “Миний сайн мэдээний бүрэн байдал сул доройчууд хийгээд эгэл борчуудаар дэлхийн хязгааруудад тунхаглагдаж болохын тулд бөлгөө” (С ба Г 1:23) гэжээ.
Дараа нь дахин: Мөн тэд даруу байхын хэрээр хүчирхэгжиж, мөн дээрээс адислагдаж болохын тулд бөлгөө” (С ба Г 1:28) гэсэн байна.
Энэхүү баталгааг Сүмийн анхны болон өнөөдрийн номлогчдод өгсөн юм. Мөн ийм баталгааг бидэнд ч нэгэн адил өгсөн юм. Бусдыг хангалттайгаар хайрлаж, сайн мэдээ бидний амьдралд хангалттай нөлөөлж, сонголт хийх урилга нь Эзэнийх учраас бидний урилгыг Түүнээс өөрөөс нь ирж байгаа юм шиг сонсдог байхуйц тийм итгэл бидэнд байх ёстой.
Их Эзэн бол бидний хийх ёстой зүйлийн төгс үлгэр дуурайл юм. Бүр танд хариу ирээгүй ч гэсэн, сайн мэдээний талаарх залбирал тань хариулагдаагүй ч гэсэн та Түүний хайр, анхаарал халамжийг мэдэрч болно. Тэрбээр Өөрийнхөө үйлчлэгчдээр заалгахад таныг үе үе урьсаар байх болно. Гэрийн багш нар, айлчлагч багш нарын айлчлал эсвэл бишоп утсаар ярих нь урилга гэдгийг та анзаарахгүй байж болох юм. Гэвч энэ бол танаар туслуулж, танаар заалгах гэсэн Түүний урилга юм. Их Эзэн юмсын үр дагаврыг ямагт тод томруун болгодог. Ингээд дараа нь өөрсдийнхөө төлөө сонгох боломжийг бидэнд олгодог.
“Мөн эдүгээ, хөвгүүд минь, би та нарыг агуу их Зуучид найдан, мөн түүний агуу зарлигуудыг сонсоосой; мөн түүний үгсэд итгэлтэй байж, Түүний Ариун Сүнсний тааллын дагуу мөнх амьдралыг сонгоосой хэмээнэ” гэж Их Эзэний үйлчлэгч Лихайн хөвгүүддээ заасан зүйл бид бүгдийн хувьд ямагт үнэн зөв юм (2 Нифай 2:28).
Номлогчдоор заалгахаар сонгох нь Бурханы бэлгүүдээс хамгийн агуу нь болох мөнх амьдралд хүрэх замд орохоор сонголт хийж байгаа хэрэг гэдгийг гэрчлэх үүргээ биелүүлэхэд мөн ийм урам зоригийг бид Иаковоос хүлээн авдаг билээ. “Тиймийн тул, зүрх сэтгэлээ урамтай болгоцгоо, мөн та нар өөрсдөдөө үйлдэх эрх чөлөөтэй гэдгээ сана—үүрдийн үхлийн зам эс бөгөөс мөнх амьдралын замыг сонгох ажгуу (2 Нифай 10:23).
Гагцхүү Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авч, үүгээр амьдрах нь Их Эзэний амласан амар амгаланг энэ амьдралд, мөнх амьдралын найдварыг ирэх дэлхийд авчирна гэдгийг би гэрчилж байна. Бидний ах, эгч нар болох Тэнгэрлиг Эцэгийнхээ хүүхдүүдэд ирэх адислалууд руу хөтөлдөг үнэн хийгээд сонголтуудыг санал болгох онцгой боломж, үүрэг хариуцлага бидэнд оногдсоныг би гэрчилж байна. Есүс бол Христ мөн. Тэрбээр амьд. Энэ ажил бол Түүний ажил мөн.