2009
Авьяасаа үзүүлсэн нь
2009 оны нэгдүгээр сарын


Авьяасаа үзүүлсэн нь

“Гэвч энэрэл бол Христийн цэвэр хайр, мөн энэ нь үүрд үл цөхрөх ажгуу; мөн эцсийн өдөр энэрлийг эзэмшигч хэнд боловч, түүнд сайн байх болно (Моронай 7:47).

Хүүхдийн Хэсгийн ангийнхантайгаа хамт асрах газарт хүрэх замдаа, Марие машины цонхоор гадагш харлаа. Нүдэнд нь мэлмэрэх нулимсыг охидын хэн нь ч ажиглаагүй байх гэдэгт тэр найдна.

Үйл ажиллагаатай өдөр авьяасаа үзүүлэхийг Гибсон эгч санал болгоход энэ нь үнэхээр аятайхан санаа шиг санагджээ. Бүх охид өөрсдийнхөө хуваалцаж чадах авьяасыг магадлан шалгахаар явчихсан байв. Марие бодоод бодоод хийчих ямар нэг юм түүнд үнэхээр байсангүй.

Хоёр охин төгөлдөр хуур тоглох юм байна. Нэг охин хийл тоглож, нөгөө нь дуулах гэнэ. Өөр нэг охин бичсэн шүлгээсээ унших гэж байсан бол, Мариегийн дотны найз Шелли акробат хийх гэж байгаа аж. Андреа дуулж, хөгжимдөхгүй ч, авьяасаа үзүүлсний дараа хүн бүхний идэх жигнэмгийг хийж иржээ.

Марие авьяасаа үзүүлэх тухай бодох тусам өөрт нь ямар ч авьяас байхгүй юм байна гэдэгт улам бүр итгэн үнэмших болжээ. Ер нь тэр яах гэж энд ирснээ ч мэдэхгүй байлаа. Гибсон эгч түүний санаа сэтгэлийг өргөх гэж хичээн, Тэнгэрлиг Эцэгээс түүнд өгсөн авьяасыг Марие хараахан илрүүлж амжаагүй байгаа хэрэг гэж түүнд хэллээ. Гэвч Марие үүнд итгэж нэг л чадахгүй байлаа. Тэр өөрийгөө ямар нэг юманд сайн гэж огт бодохгүй байв.

Асрах газрын олон нийтийн арга хэмжээний танхимд нам гүм байлаа. Хаа хаагүй л настай хүмүүс. Энэ нь Марийг бүр ч сандаргалаа. Тэрээр эдгээр настай хүмүүст юу гэж хэлэхээ, бас юу хийхээ мэдэхгүй байлаа. Бусад охид ч бас л тэгж бодож байсан болов уу. Тэд бөөгнөрөн, Гибсон эгч хаана суухыг нь тэдэнд зааж өгөхийг хүлээн эргэн тойрныг ичингүйрэн харсаар зогсоно.

Хөтөлбөр эхлэх хүртэл Мариегийн санаа сэтгэл ихэд тавгүй байлаа. Тэгтэл анхны төгөлдөр хуурын гоцлол номерын дараа, ард нь нэг хүн бүгшин ханиалгахыг Марие сонсов. Эргэж хартал, ханиалгах тоолонд бие нь чичирч байгаа буурал үстэй нэгэн эмэгтэй ард нь зогсож байв.

Марие өөрийнхөө тухай бодохоо больж, нөгөөх эмэгтэйд санаа нь зовж эхлэв. Тэр халааснаасаа нэг чихэр чимээгүйхэн гаргаж ирээд, настай эмэгтэй рүү очлоо. Марие сайхь эмэгтэйн мөрөн дээр гараа тавьж, өчүүхэн бэлгээ гаргаж ирэв. Настай эмэгтэй үрчлээтсэн гараараа бэлгийг авч, инээмсэглэхэд Марие баяр хөөр, амар амгаланг мэдэрлээ.

Марие хөтөлбөрийг дуустал сайхь эмэгтэй дэргэд зогссоор байв. Тэр настай эмэгтэйн гарыг барьж, юу болж байгааг заримдаа түүнд ярьж өгч байлаа. Өөр бусдын төлөө ямар нэг юм хийсэн нь түүнд аятайхан санагджээ. Мөн энэ нь өөрийнхөө талаарх таагүй мэдрэмжийг мартахад хүргэсэн аж

Тэгээд явах цаг болоход сайхь эмэгтэй Мариег чанга тэвэрч, “Ярилцсанд баярлалаа. Хүмүүст хайрын мэдрэмж төрүүлэх авьяас чамд үнэхээр байна шүү” гэж шивнэн хэлэв.

Марие Сүм рүү буцаж явахдаа, ямартай ч гэсэн өөрт нь нэг авьяас байгааг мэдсэндээ баяртай байлаа. Тэр бусдад үйлчилсэн үедээ Тэнгэрлиг Эцэгийн хайрыг мэдэрдгээс гадна Түүний хайрыг мэдрэхэд энэ нь бас бусад хүмүүст тусалдаг байлаа. Энэ бол хүнд байдаг нэлээд онцгой авьяас юм.

Зураг чимэглэлийг Брандон Дорман