Бурханыг нээсэн минь
Би бараг 18 хүрч байхдаа зун ажил хийхээр Аляскийн Солдотно хэмээх жижигхэн хот руу нисч билээ. Би анх удаа гэрээсээ хол газар явж байгаа нь энэ. Аав ээж маань энэ ажлыг надад олж өгсөн юм. Ингээд би аав ээжийнхээ сайн найз—Райтынхантай хамт амьдрах болов. Эднийхэн энд хүнсний дэлгүүртэй байлаа. Би коллежид суралцах мөнгөтэй болно гэж найдаж байв. Бурхан үнэхээр байдаг уу? гэсэн өдрийн бодол, шөнийн зүүд болсон асуултанд хариутай болж гэртээ буцаж харина даа гэсэн найдвар бас надад байсан.
Би энэ асуултын хариуг өөрөө олж авах хэрэгтэй байв. Иймээс би шөнө болгон залбирч, Бурхан үнэхээр байдаг уу гэдгийг асууж байхаар хатуу шийдэж билээ. Бурхан байдаг л юм бол залбиралд минь хариулах ёстой гэж надад бодогдоод байв. Хэрэв би хариу огт хүлээж авахгүй бол, Бурхан байдаггүйг мэдэж авна гэсэн үг. Би ердөө л ингэж бодсон.
Би Райтынхны гэрт охин Лизатай нь хамт нэг өрөөнд байдаг байв. Лиза Бригам Янгийн Их Сургуулиас зуныхаа амралтаар гэртээ ирж, надтай хамт хүнсний дэлгүүртээ ажиллаж байлаа. Би бүр эхнээсээ л Лизаг биширсэн. Тэр үзэсгэлэн гоо, ухаан сэргэлэн, өөртөө итгэлтэй, амьдралыг өөдрөг урамтайгаар хардаг байлаа. Бид хоёр тэр зуны өдөр болгоныг хамт өнгөрүүлсэн дээ.
Коллежийн амьдралын тухай Лизаг ярихад нь би сонсох дуртай байлаа. Түүний амьдрал хөгжил хөөрөөр дүүрэн, ихэд бие даасан байдалтай байв. Лиза хийх ёстой зүйлсийг нэг бүрчлэн хийж, ажил амьдралаа тэнцвэртэйгээр авч явдаг байв.
Лиза өдөр бүр судар уншиж, өглөө орой бүр залбирдгийг хараад түүнийг бишрэх нь улам нэмэгдэв. Яаж Бурханд итгэх итгэлтэй болсныг нь Лизагаас асуух юмсан гэж бодовч итгэл дутмагаасаа болж ичдэг байлаа. Лиза залбирлаараа Бурхантай юуны тухай ярьдгийг нь бодон, орондоо хэвтдэг байснаа би санадаг.
Би орой бүр орныхоо дэргэд өвдөг сөгдөн, Бурхан үнэхээр байдаг уу гэж асуун, хам хум залбирдаг байлаа. Би ямар нэг онцгой эсвэл сүнсний зүйлийг мэдрэхгүй л байлаа. Би ямар нэг дуу хоолой сонссонгүй. Залбирлын дараа залбирахын өмнө ямар байсан тийм л мэдрэмж төрдөг байв. Нэг л хэвийн ийм үдшүүд хоёр сар үргэлжлэв. Урам хугарч, Бурхан байдагт эргэлзэх нь улам нэмэгдэж эхлэх нь тэр.
Гэрээ жигтэйхэн их санаж уйтгарласан нэг орой нулимс аяндаа урсаж гарлаа. Гэрийхэнтэйгээ, найз нартайгаа, танил орчиндоо ойр байхсан гэж хичнээн ихээр хүснэ вэ! Би өөрийгөө таньдаг бас хайрладаг хэн нэгэнтэй ярилцахыг эгээрэн хүсч, залбирахаар өвдөг сөгдлөө. “Бурхан минь, яг одоо Та надад үнэхээр хэрэгтэй байна” гэж би залбирлаа эхэллээ. Би дараагийн хэдэн мөчид үнэн санаа бодлоо бүгдийг нь Тэнгэр дэх Эцэгтээ илчлэн уудлав. Би Түүнд юм бүхнийхээ талаар ярилаа. Бурхан байдагт гарцаагүй итгэсэн итгэлээр би Түүнтэй ярьж байлаа.
Бүлээн дулаахан мэдрэмж намайг өлгийдөн авах шиг санагдав. Тэнгэрлиг Эцэг доош бууж ирэн, намайг өвөр дээрээ авах шиг мэдрэмж төрөх нь тэр. Одоо би ганцаараа биш боллоо. Хайр, амар амгалан намайг тэврэн авлаа. Би Бурхан байдгийг ийнхүү мэдлээ.
Би залбирлынхаа хариуг яагаад хоёр сар гаруйн дараа авснаа бодлоо. “Та нар намайг хайх бөгөөд бүхий л зүрхээрээ Намайг хайвал олно” гэсэн хариуг Иеремиа 29:13: надад өглөө.
Зүрх сэтгэлийнхээ үнэнхүү хүсэл бодлыг чин сэтгэлээсээ хуваалцсаны дараа л би сая залбирлынхаа хариуг хүлээн авсан юм. Би Бурхан байдагт итгэх боллоо. Би залбиралдаа үлэмж их хүч чармайлт гаргасан билээ.
Тэр нэгэн үдэш амьдрал маань орвонгоороо өөрчлөгдөх нь тэр. Би номлолд үйлчилж, ариун сүмд гэрлэсэн. Бурхан байдагт итгэх итгэл минь үргэлж өсөн нэмэгдсээр байна.
Аляскад өнгөрүүлсэн тэр зуныг би үргэлж санадаг. Лизагийн үлгэр дуурайл байгаагүй бол би тэрхүү хоёр сар гаруйн залбирлаас Бурханд итгэх итгэлийг олж чадахгүй байсан биз ээ. Би залбирахаа орхиж, Тэнгэрлиг Эцэгийнхээ хайрыг хэзээ ч нээж чадахгүй байсан ч юм бил үү, бүү мэд. Лизагийн төлөө, үлгэр дуурайлынх нь төлөө би үүрд талархан баярлаж явах болно. Бурханыг бас намайг хайрладаг Түүний хайрыг мэдрэхэд Лиза надад тусалсан юм.