2009
Сургаал ба Гэрээг баялаг агуулгатайгаар судлах нь
2009 оны нэгдүгээр сарын


Сургаал ба Гэрээг баялаг агуулгатай судлах нь

Манай өнөө үед манай үеийнхэнд зориулан бичсэн илчлэлтийн гайхамшигтай ном—Сургаал ба Гэрээг судалж, агуу адислалууд хүлээн авах сайхан боломж энэ жил бидэнд тохиож байна.

Daniel K Judd
A. Roger Merrill
William D. Oswald

А.Рожер Меррилл (голд нь) ерөнхийлөгч; Даниел К.Жадд (зүүн талд) нэгдүгээр зөвлөх Виллям Д.Освальд, хоёрдугаар зөвлөх.

Тэр үед амьдарч байсан хүмүүст Сайн мэдээний Сэргээлтийг илчилсэн Их Эзэний удирдамж хэмээн зарим үед нэрлэгддэг Сургаал ба Гэрээ “цаг хугацааны бүрэн байдлын эрин үед Их Эзэн Есүс Христийн намуун зөөлөн атлаа чанд дуу хоолой шинээр ярьсныг” агуулдаг.1

Олон гишүүд энэ номонд аль хэдийн дуртай болсон байгаа. “Сургаал ба Гэрээн дэх хувь хүмүүст тусгайлан хандсан илчлэлтүүд их ашиг тустай. Би эдгээр илчлэлтүүдийг амьдралдаа хэрэгжүүлж чадна гэж боддог” гэж нэг эгч хэлжээ. “Сургаал ба Гэрээ их эртнийх биш учраас энд өгүүлсэн нөхцөл байдлууд надад ч бас тохиолдоно. Иймээс энэ ном надад тусална” гэж өөр нэг эгч ярив. “Энэ ном санваарыг ойлгоход тусалдаг болохоор Сургаал ба Гэрээ надад таалагддаг” гэж нэг ах өгүүлжээ.

Сургаал ба Гэрээ бол манай үе дэх Бурханы бүх хүүхдэд хандсан Их Эзэний дуу хоолой үнэхээр мөн гэдгийг, мөн энэ номыг судалсан хүмүүст агуу адислалууд ирнэ гэдгийг бид гэрчилж байна. Энэ жил уг номыг судлах нь та нарын хувьд урам хайрласан туршлага болох дөрвөн зөвлөмжийг мөн Ням гарагийн хичээл тусалж чадах зарим арга замыг бид бас санал болгож байна.

Номыг эхнээс нь дуустал унш

Сургаал ба Гэрээ болон Сүмийн Түүх судлах гишүүний удирдамж “Сургаал ба Гэрээ болон сэдвээр зохион байгуулагдсан Ням гараг бүрийн унших даалгаврыг 2009 оны туршид эхнээс нь дуустал уншихад”2 гишүүдийг урамшуулан дэмждэг.

Ийм байдлаар судлах нь судалж байгаа хэсгүүд болон эдгээрийн хам сэдвийг ойлгоход бидэнд тусална. Энэ нь бас ням гарагийн хичээл дээр өргөн цар хүрээтэй ярилцлагад оролцоход биднийг бэлтгэнэ. Ням гарагийн хичээл нь бидний хувийн болон гэр бүлийн амьдралд ашиглах шинэлэг санаа, сүнслэг нөлөөгөөр хангах болно.

Өдөр бүр судар судлахдаа хичээл дээр ярилцах зүйлийг долоо хоногийн нэг юм уу хоёр өдөр урьдчилж нэгтгэн дүгнээд дараа нь Сургаал ба Гэрээг эхнээс нь дуустал унших нь ашигтай байж болно.

Дотроо асуулт тавьж унш

Гватемалын Рензо Молли Барриос Матиас ах амьдралдаа хувиараа илчлэлт хүлээн авахын тулд судрын судалгааг ашиглахаас ирдэг хүчний тухай мэдсэн ажээ.

“2001 онд Төв Америкийг дайран өнгөрч, замдаа таарсан бүхнийг газрын хөрснөөс арчсан Мич хар салхины дараа надад олон асуулт гарч ирсэн юм” гэж тэр хэллээ. “Би асуултуудад хариу эрж, гүнээ хүндэтгэдэг нэгэн найз дээрээ очлоо. ‘Судруудыг унш. Чи асуултынхаа хамгийн сайн хариуг судруудаас л олно гэж найз маань хэлэв.’

“Судрууд уншсан нь амьдралыг минь өөрчилсөн юм” гэж Матиас ах ярив. Би судруудыг нэлээд удаан хугацаагаар судалсны дараа асуултууддаа хариу олж эхлэв. Амьдрал маань утга учиртай байсныг ойлголоо. Ингээд би бүрэн цагийн номлолд үйлчлэхээр шийдэв.”

Ахлагч Матиас үүнээс хойш удалгүй Гондурасын Тегусигалпагийн Номлолд үйлчилж, бусдад тусалснаар судар судлахаас ирдэг хүчийг нээн олжээ.

Дотроо асуултууд тавьж унших нь амьдралд тохиолддог сорилт, боломжуудад бидэнд сүнслэгээр нөлөөлж, чиглүүлэхэд Их Эзэнийг урьдаг. Та судар судлахдаа тавих асуултуудыг залбиран тэмдэглэж болно. Та хариу хүлээж авсан үедээ энэхүү шинэлэг санааг Ням гарагийн хичээл дээр хуваалцахаар сүнслэгээр нөлөөлөгдөж болно. Их Эзэн хувь хүнд удирдамж өгөх, сүнсээр нөлөөлөхийн тулд судруудыг хэрхэн ашигладаг тухай ангийн гишүүд бие биетэйгээ гэрчлэлээ хуваалцсанаар ойлголтоо улам бататгадаг.

Уялдаа холбоо, загвар, сэдвүүдийг эрж хай

Бид бүгд судар судлахдаа уялдаа холбоо, загвар, сэдвүүдийг эрж хайхыг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Давид А.Беднар зөвлөмж болгожээ.3

Сургаал ба Гэрээн дэх уялдаа холбооны нэг жишээ нь бидний дуулгавартай байдал, амлагдсан адислалуудын хоорондох уялдаа холбоо юм. “Миний хэлснийг та нар хийхэд Их Эзэн бибээр үүрэг хүлээдэг; гэвч миний хэлснийг та нар үл хийхэд та нарт амлалт байх нь үгүй” (С ба Г 82:10). Бид энэхүү уялдаа холбоог ойлгож, Их Эзэний зарлиг болгосон зүйлийг хийхэд шийдвэр төгс байвал судар судлах нь илүү үр ашигтай, илүү утга учиртай болно.

Сургаал ба Гэрээнд нэг загвар харагддаг нь энэ номын мөн чанар юм. Номын удиртгалд, “Эдгээр ариун илчлэлтүүд хэрэгтэй цаг үед залбирлын хариуд хүлээн авагдсан бөгөөд бодит хүмүүс оролцсон бодит амьдралын нөхцөл байдлаас үүдэлтэй байв” хэмээн өгүүлжээ.4 Эдгээр илчлэлтүүд хувь хүнд зориулагдсан бөгөөд хувь хүн бүрийн тухайд “хамгийн их үнэ цэнэтэйг” нь Тэнгэрлиг Эцэг мэддэг зүйлсийн талаарх асуултуудад хариу өгдөг (С ба Г 15:6; 16:6).5 Хувиараа илчлэлт эрэлхийлж, хүлээн авах эл загвар бол хувийн амьдралдаа бидний баримтлах ёстой загвар юм.

Бүх судар дахь хамгийн нийтлэг сэдвүүдийн нэг бол “Намайг хичээнгүйлэн эрэлхийлэгтүн, тэгвэл та нар намайг олох болно; асуу тэгвэл та нар хүлээн авна, тогш тэгвэл та нарт нээгдэх болно” (С ба Г 88:63). Бурханы үгсийг уншиж тунгаан бодох үед сурч мэдэхийн төлөө их хариуцлага хүлээхэд энэ мэтийн сэдвүүд биднийг урамшуулан дэмждэг.

Сургаал ба Гэрээ дандаа түүх өгүүлээд байдаггүй ч, уялдаа холбоо, загвар, сэдвүүд ээлжлэн сүлжилдсэн байдаг. Ням гарагийн хичээлээр судрыг хамтран ярилцахаас ирдэг нэг адислал бол бид санаа бодлоо хуваалцахын хамт бусдын санаа бодлыг сонссоноор ойлголтоо улам нэмэгдүүлдэг явдал мөн.

Гэгээрэхийг эрэлхийлж, хамтдаа баяс

Сүмийн гишүүд суралцахын хамт Сүнсээр бие биедээ заасан үед “хоёул сэнхэрч мөн хамтдаа баясдаг” (С ба Г 50:22) хэмээн Их Эзэн хэлжээ. Сүмийн аль ч хичээл дээр жинхэнэ багш бол Ариун Сүнс байдаг бөгөөд ангийн гишүүдийн идэвхтэй оролцоо нь гэрчлэл хэлэхэд Сүнсийг урьдаг гэдгийг багш, суралцагчид аль аль нь ойлгосон тохиолдолд сайн мэдээг үр ашигтайгаар зааж, сүнсээр нөлөөлөгдсөн мэдлэг олж авдаг.

Сургалт ба суралцах үйл явцын талаар 2001 оны хоёрдугаар сард болсон дэлхий дахины удирдлагын сургалтаар Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Жеффри Р.Холланд сайн мэдээнд суралцах талаар их үүрэг хариуцлага хүлээхэд биднийг урьсан билээ. Сүнсээр нөлөөлөгдсөн багш нар ангийн гишүүдийг хичээл дээрх ярилцлагад идэвхгүй сонсогчид биш, харин хэрхэн идэвхтэй оролцогчид болгохыг тэрээр харуулсан юм.

“Сурч мэдэх үүрэг хариуцлагыг суралцагч өөр дээрээ авахад нь бид туслах юм бол, заасан үнэнүүдийнхээ тухай бид гэрчлэх юм бол, Есүс Христийн сайн мэдээний захиасыг Бурхан бидний зүрх сэтгэлд бас оюутнуудын маань зүрх сэтгэлд батлах болно.”6

Ангийн гишүүд долоо хоногийн туршид залбирч судлаад дараа нь судруудаас хамтдаа уншиж, санаа бодлоо хуваалцах юм бол Ариун Сүнс гэрчилж, уг гэрчлэлийг ангийн гишүүн бүрийн “зүрх сэтгэлд” (2 Нифай 33:1) оруулж, тухайн гишүүн юу мэдэх буюу юу хийх хэрэгтэйг мэдүүлэх болно (2 Нифай 32:3–5-ыг үз).

Хувийн урилга

Энэ жил бид Сургаал ба Гэрээг судалснаар Тэнгэрлиг Эцэг болон Есүс Христэд итгэх бидний итгэл улам бэхжиж, Иосеф Смит бол Бурханы Сэргээлтийн бошиглогч мөн гэсэн гэрчлэл маань өсөн нэмэгдэнэ. Их Эзэн бидний ойлголтыг нэмэгдүүлж, судрууд улам бүр бидний амьдралын салшгүй хэсэг болно.7

Энэ шинэ жилийн эхэнд “эдгээр зарлигуудыг [Сургаал ба Гэрээн дэх] судлахад” бидэнтэй нэгдэхийг урьж байна. “Учир нь эдгээр нь үнэн бөгөөд итгэмжлэгдсэн юм, мөн эдгээрт буй бошиглолууд хийгээд амлалтууд бүгд биелэгдэх болно” (С ба Г 1:37).

Анхааруулга

  1. Сургаал ба Гэрээний Удиртгалын тайлбар.

  2. Сургаал ба Гэрээ болон Сүмийн Түүх судлах ангийн гишүүний удирдамж (1999) Орºшил, 3.

  3. Давид А.Беднар, “A Reservoir of Living Water” (Залуу насанд хүрэгчдэд зориулсан Сүмийн Боловсролын Системийн галын дэргэдэх ярилцлага, 2007 оны 2-р сарын 4), www.ldsces.org

  4. Сургаал ба Гэрээний Удиртгалын тайлбар.

  5. Хувиараа илчлэлт хүлээн авсан бусад жишээнүүдийг С ба Г 7–9; 11–12; 14–17-гоос үз.

  6. Жеффри Р.Холланд, “Teaching and Learning in the Church,” Лиахона, 2007 оны зургадугаар сар, 73; Ensign, 2007 оны зургадугаар сар, 105. Шууд нэвтрүүлэг нэлээд олон хэл дээр www.lds.org -д байгаа. Эхлээд “Gospel Library,” “Additional Addresses” дээр, дараа нь “Worldwide Leadership Training: Teaching and Learning” дээр дар.

  7. Иосеф Смит—Түүх 1:73–74-ийг үз. Иосеф Смит, Оливер Каудери хоёр баптисм хүртсэнийхээ дараа “Ариун Сүнсээр дүүрсэн” байлаа. Дараа нь тэдний оюун “гэгээрч, [тэгээд тэдний] ойлголтод судрууд нээгдэж эхлэв.”

Сүмийн аль ч хичээл дээр жинхэнэ багш бол Ариун Сүнс байдаг. Ангийн гишүүдийн идэвхтэй оролцоо нь гэрчлэл хэлэхэд Сүнсийг урьдаг гэдгийг багш, суралцагчид аль аль нь ойлгосон тохиолдолд сайн мэдээг үр ашигтайгаар зааж, сүнсээр нөлөөлөгдсөн мэдлэг олж авдаг.

Гэрэл зургийн чимэглэлийг Крейг Даймонд

Сургаал ба Гэрээ болон Сүмийн Түүх

Ангийн гишүүний судлах удирдамж