2009
Хамгийн ашигтай мэдлэг
2009 оны нэгдүгээр сарын


Хамгийн ашигтай мэдлэг

Айдахо дахь Бригам Янгийн Их Сургууль дээр 2004 оны 6-р сарын 8-нд онцгой цугларалт дээр хэлсэн үгнээс Англи хэл дээрх хаягийг доор өгөв www.byui.edu/Presentations/transcripts/devotionals/2004_06_08_christensen.htm.

Та нараас зарим нь Оксфордын Их Сургуулийг дэлхийн хамгийн эртний их сургууль гэдгийг мэдэх байх. Оюутан байхдаа миний сууж байсан байшин 1410—онд баригдсан, харахад гоёмсог, дотор нь амьдрахад нэг их таатай биш барилга байлаа. Би Оксфордод анх очоод энд Сүмийн идэвхтэй гишүүн байх нь хэцүү юм байна гэдгийг мэдэж билээ. Надад сургалтын тэтгэлэг олгосон Rhodes Scholarship Trust байгууллага тэтгэлэг хүлээн авагчдад зориулан олон үйл ажиллагаа зохион байгуулна.

Сүмийн үйл ажиллагаануудад илүү идэвхитэй оролцмоор байсан боловч би өөрийгөө Мормоны ном үнэн эсэх талаар мэдэхгүй гэдгээ дөнгөж ухаарлаа. Би Мормоны Номыг аав ээжээсээ эсвэл Бригам Янгийн Их Сургуулийн багшаас даалгавар болгон авч хэдэн удаа уншсан боловч, энэ ном үнэн үү гэдгийг хараахан мэдээгүй байв. Гэтэл энэ удаад Мормоны Ном үнэн эсэхийг мэдэх нь надад их чухал болов. Иймээс би орой бүр 23:00-00:00 хүртэл Мормоны Номыг уншиж, энэ ном үнэн эсэхийг мэдэхээр шийдэв.

Эдийн засгийг статистикийн аргаар судлах хөтөлбөр маань нэн шахуу байсан учраас Мормоны Номыг уншихад ийм их цаг гаргаж чадах болов уу даа гэж би эргэлзэж билээ. Ихэнх хүмүүс сургалтын программыг гурван жилд багтаан дуусгадаг байхад би хоёр жилд багтаан дуусгахыг зорьж байлаа. Би хичээлийнхээ хажуугаар Мормоны Номыг уншихад өдөр бүр нэг цаг гаргаж чадах эсэхээ мэдэхгүй байв.

Юутай ч гэсэн эхлээд үзэв. Би 23:00 гэхэд чулуун ханан доторх бяцхан халаагуурын дэргэд өвдөг сөгдөн, чангаар залбирч эхлэв. Би Мормоны Ном үнэн эсэхийг мэдэхийг туйлын ихээр хүсч байгаагаа Бурханд хандан ярилаа. Хэрэв Тэрээр энэ ном үнэн гэдгийг надад илчлэх юм бол, би Түүний хаант улсыг байгуулахад амьдралаа зориулах бодолтой байгаагаа Түүнд ярив. Хэрэв Мормоны Ном үнэн биш юм бол, юу үнэн болохыг мэдэхийн тулд би бас л амьдралаа зориулах учраас энэ ном үнэн эсэхийг мэдэх нь надад зайлшгүй хэрэгтэй байгааг би Түүнд ярилаа.

Би Мормоны Номын эхний хуудсыг уншлаа. Би эхний хуудсын доод хэсэгт хүрч очоод зогсов. Энэ хуудаснаас уншсан зүйлийнхээ тухай би эргэцүүлэн бодлоо. Тэгээд дараа нь би, “Луйварчин этгээд хүмүүсийг мэхлэхийн тулд үүнийг бичсэн байж таарах уу? Эсвэл үүнийг үнэхээр Бурханы бошиглогч бичсэн үү? Энэ ном миний амьдралд ямар учир холбогдолтой байж болох вэ?” гэж өөрөөсөө асуулаа. Тэгээд би номыг тавьж, залбирахаар өвдөг сөгдөн, “Энэ ном үнэн эсэхийг надад хэлж өгөөч” хэмээн Бурханаас дахин гуйв. Залбирч дуусаад сандалдаа сууж, номыг авч, нэг хуудсан дээр очоод уншиж, төгсгөлд нь хүрээд зогсолт хийж, уншсанаа эргэцүүлэн бодов. Би Оксфордын хүйтэн, чийглэг өрөөнд орой болгон энэ үйлдлийг нэг цагийн турш давтан хийсээр байлаа.

Нэг орой би 2 Нифайн сүүлчийн бүлгүүдэд хүрэх үед сандалдаа сууж, залбирал хэлээд, номоо нээлээ. Огт санаандгүй байтал туйлын сайхан, бүлээн дулаан, хайрын Сүнс өрөөгөөр дүүрч, намайг хүрээлэн авах нь тэр. Эл Сүнс бодгальд минь нэвтэрч, хайрын мэдрэмжээр намайг өлгийдсөн байлаа. Ийм мэдрэмж надад төрөх юм гэж би огт төсөөлсөнгүй. Би уйлж гарав. Би нулимс дүүрэн нүдээрээ Мормоны Номон дахь үгсийг хараад эдгээр үгс доторх үнэнийг олж харж чадсан юм. Үүнийг ойлгож чадна гэж би өмнө нь хэзээ ч төсөөлөн бодож байсангүй. Би үүрд мөнхийн алдар суу сүр жавхланг харж чадсан билээ. Өөрийнх нь хөвгүүдийн нэг болсон надад зориулж Бурхан юу нөөцөлснийг би харж чадсан юм. Тэр орой бүтэн цагийн турш Сүнс надтай хамт байж Мормоны Номыг уншсан орой бүрийн заримд нь мөн хамт байдаг байв. Мөнхүү Сүнс үргэлж эргэж ирдэг байсан бөгөөд зүрх сэтгэлийг минь, амьдралыг минь эгнэгт өөрчилсөн юм.

Би өөртөө тохиолдсон нөгөөх зөрчлийг эргэн хараад, Мормоны Ном үнэн эсэхийг мэдэхийн тулд эдийн засгийг статистик аргаар судлах хичээлээсээ өдөр бүр нэг цаг гаргаж чадах байсан болов уу гэж тээнэгэлзэн боддог байснаа санадаг. Би эдийн засгийг статистик аргаар судлах мэдлэгийг жилд нэг удаа л ашигладаг. Гэтэл Мормоны Ном бол Бурханы үг мөн гэдэг мэдлэгийг би амьдралынхаа өдөр бүр олон удаа ашиглана. Энэ мэдлэг бол миний сонирхож байсан бүх боловсрол мэдлэгээс хамгийн хэрэгцээтэй нь юм.

Та нарын зарим нь өдий хүртэл бусдын гэрчлэлд найдсаар явж байж мэднэ. Мормоны Ном үнэн эсэхийг өөрөө олж мэдэхийн тулд өдөрт нэг цаг гаргаж байхад би таныг урьж байна. Учир нь энэ ном миний зүрх сэтгэлийг өөрчилсний нэгэн адил таныхыг бас өөрчлөх болно. Бурхан үүнийг илчилэхэд амьдарч байсан газартаа та хэзээ нэгэн цагт очин эхнэр эсвэл нөхөртөө мөн хүүхдүүддээ, “Энэ бол ариун газар. Учир нь Есүс бол Христ гэдгийг би энд мэдсэн юм” гэж хэлэх болно.

Би дуудлагадаа хичээл зүтгэл гаргахыг, Есүс Христийг мэдэхийг эрмэлзсэн үедээ Тэр бол Бурханы Хүү бөгөөд амьд гэдгийг баттай мэддэгээ гэрчилж чадна. Тэрбээр бидний хүн нэг бүрийг мэддэг бас хайрладаг гэдгийг би баттай мэднэ.

Мормоны Ном үнэн эсэхийг өөрөө олж мэдэхийн тулд өдөр бүр нэг цаг гаргаж байхад би таныг урьж байна. Учир нь энэ ном зүрх сэтгэлийг тань өөрчилнө.

Та эрдэм номын мөр хөөж байх үедээ олж авч чадах хамгийн үнэ цэнэтэй нэг зүйл бол Мормоны Ном Бурханы үг мөн гэдгийг өөрөө олж мэдэх явдал мөн.

Жон Лукийн авсан Мормоны Номын гэрэл зураг; ар талын зургийг Lushpix/Unlisted Images Inc.

Дээд талд: Гэрэл зургийн чимэглэлийг Франк Хелмрич