Айлчлагч багшийн захиас бичиг
Итгэлээрээ бат бөх, гуйвшгүй бай
Очиж заадаг эгч нарынхаа хэрэгцээнд тохирсон судар болон эшлэлүүдийг заа. Сургаалын тухай гэрчлэлээ хуваалц. Заадаг хүмүүсээ мэдэрсэн, сурч мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.
Мозая 5:15: “Та нар үүрдийн аврал, мөнх амьдралыг авч болохын тулд, та нар тэнгэрт авчрагдаж болохын тулд Христ, Төгс Хүчит Их Эзэн Бурхан та нарыг өөрийнх байлгахаар лацдаж болохын тулд би та нарыг хичээнгүй мөн гуйвшгүй байж, сайн үйлсээр үргэлж бялхаасай хэмээнэ.”
Би хэрхэн итгэлээрээ бат бөх, гуйвшгүй байж чадах вэ?
3 Нифай 6:14: “Бүх нутагт агуу тэгш бус байдалтай болж, үүний хэрээр сүм хагарч эхлэв; тийм ээ, үүний хэрээр гучдугаар онд бүх нутагт сүм хагарч, үнэн сүсэг бишрэлд хөрвүүлэгдсэн леменчүүдийн дундах цөөн хэдээс бусад нь болой; учир нь тэд бат, мөн шаргуу, гуйвшгүй, бүхий л хичээл зүтгэлээрээ Их Эзэний зарлигуудыг дагахад бэлэн байв.”
Жюли Б.Бек, Нийгмийн Халамжийн Бүлгийн ерөнхий ерөнхийлөгч: Хожмын Үеийн Гэгээнтэн эмэгтэйчүүд итгэлээрээ бат, гуйвшгүй байх ёстой. Тэд Их Эзэн Есүс Христ болон Түүний сэргээгдсэн сайн мэдээгээр амьдарч, гэрчлэлээ хуваалцаж чадна, мөн үүгээрээ онцгойрон ялгардаг байх ёстой. Бид дараах зүйлсийг хийснээр ийм байж чадна:
“1. Их Эзэнтэй гэрээнд орж, гэрээнүүдээ сахиснаар.
“2. Зохистой байж Түүний ариун сүмүүдэд ёслолуудыг хүлээн авснаар.
“3. Түүний сургаалыг судрууд болон бошиглогчдын үгсээс судалснаар.
“4. Ариун Сүнсийг хамтрагчаа болгоход тэнцэхээр байж, түүнийг таньж, дагаснаар.
“5. Түүний сайн мэдээг хуваалцаж, хамгаалснаар.
“6. Хувиараа болон гэр бүлээрээ чин сэтгэлээсээ залбирснаар.
“7. Гэр бүлийн үдшийг хийснээр.
“8. Бие дааж, хашир хянамгай амьдрах зарчмыг баримталснаар.
Эдгээр нь чухал биш зүйлсээс түрүүнд хийх ёстой амин чухал юмс мөн. Эдгээр зүйлс бол бараг л хэний ч мэдээжийн гэмээр энгийн атлаа зайлшгүй хэрэгтэй дадал хэвшлүүд юм… . Эдгээр зүйлсийг хэн ч бидний өмнөөс хийхгүй. Энэ бол зөв зүйлийн төлөө биднийг бат бөх, гуйвшгүй болгодог хувь хүний дадал хэвшил юм (“What Latter-day Saint Women Do Best: Stand Strong and Immovable,” Лиахона, Ensign, 2007 оны 11-р сар, 109–10).
Шерил К.Лант, Хүүхдийн Хэсгийн ерөнхий ерөнхийлөгч: “Зөвхөн тохиромжтойг нь биш, харин бүх зарлигийг тууштай, гуйвшгүйгээр сахин амьдрахыг Их Эзэн биднээс хүсдэг билээ. Бид ийм байдлаар амьдарч эхэлсэн үед бидний хувийн хөрвүүлэг ирдэг. Улмаар бид өчигдрөөс өнөөдөр арай илүү сайныг өдөр бүр хийх үед энэ нь сайжралтын үйл явц болдог” (“Righteous Traditions,” Лиахона болон Ensign, 2008 оны 5-р сар, 14).
Би яагаад итгэлээрээ бат, гуйвшгүй байх ёстой вэ?
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч М.Рассел Баллард: “Таны итгэл, сайн мэдээний сэргээлтийн тухай мэдлэг чинь Их Эзэнтэй хийсэн гэрээнүүддээ итгэлтэй, үнэнч байх хүч чадлыг, мөн энэхүү хүч чадал, авьяас билгээ дэлхий дээр Бурханы хаант улсыг байгуулахын төлөө баяртайгаар хуваалцах хүч чадлыг танд өгөх болно.” Есүс Христийн тухай таны гэрчлэл бол ирээдүйд учирч болох сорилт, уруу таталтуудыг эс хайхран, өөрийг тань өргөж, шударга ёсны зарчмуудад тууштай, гуйвшгүй байхад тань туслах чухал тогтворжуулагч зангуу мөн” (“Steadfast in Christ,” Ensign, 1993 оны 12-р сар, 52).
Ахлагч Ричард Г.Скотт, Арванхоёр Төлөөлөгчийн Чуулга:
“Их Эзэнд гуйвшгүй дуулгавартай байх шийдвэр нь амьдрал дээр чухам юуг хэрэгжүүлэх боломжийг өөрт чинь олгохыг та өнөөдөр өчүүхэн багаар ч төсөөлж чадахгүй. Зөв шударгаар амьдрах нам гүмхэн атлаа эргэлт буцалтгүй шийдвэр төгс байдал тань одоогийн чинь ойлгох хүч чадлаас илүү их хүч, сүнсний нөлөөг бий болгоно (“Making the Right Decisions,” Ensign, 1991 оны 5-р сар, 34).