2009
Чи Мормон гэдгээ хэзээ ч бүү март
2009 оны нэгдүгээр сарын


Чи Мормон гэдгээ хэзээ ч бүү март

Бид унаж уруудах нь, хийх ёстойгоосоо багыг хийх нь чухамдаа ээжийгээ мартсан лугаа адил юм гэж Ерөнхийлөгч Томас С.Монсон хэлжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, “Хүн ээжийгээ санасан үед хилэнцээс эргэж, хүний мөс чанар нь давамгайлдаг” гэжээ.1

Ерөнхийлөгч Монсоны захиас надад хүч чадлыг ихээр өгсөн юм. Би түүний үгсийг анх уншихад эдгээр үгс ээжийг минь бас олон жилийн тэртээ, намайг Сүмд элсээд удаагүй байхад ээжийн минь өгсөн ухаалаг зөвлөгөөг ой ухаанд минь сануулж билээ.

Ээж маань Христийн өөр сүмийн гишүүн байлаа. Гэвч надад сайн мэдээг зааж байсан номлогчдод эелдэг найрсаг ханддаг байлаа. Би Хожмын Үеийн Гэгээнтэн болохыг нэгэнт шийдсэн болохоор ээж намайг үргэлж дэмждэг байсан.

Сүмийн гишүүн болсон шинэ амьдралд маань эх орон Перудаа Сэтгүүлчдийн Өдрийг тэмдэглэх нэгэн үдэшлэгт оролцох хүртэл бүх юм дажгүй сайн байлаа. Тэр үдэшлэг дээр олон хүн үг хэлж, магтаалын үгсийг харин ч нэг урсгаж байлаа. Дараа нь хундага өргөлөө. Үдэшлэг цааш үргэлжлэх үед найз нартайгаа архи уух уруу таталт улам бүр ихсэж эхлэх нь тэр.

Сүмд хөрвөгчид сайн мэдээг хүлээн авснаар гардаг нэг өөрчлөлт бол шинэ найз нартай болдог явдал юм. Би зарим нөхцөлд, зарлигуудыг зөрчих болон хуучин дадал зуршилдаа эргэж ороход хуучин найз нар уруу татах дайсны зэмсэг болдгийг мэдсэн билээ.

Хамт ажиллагсад маань надад нэг аяга шар айраг өгөхөд ууж орхисон чинь, цааш нь татаж чадсангүй. Үдэшлэгийн төгсгөлд ухамсар минь намайг шаналган зовоож гарлаа. Би унаж урууджээ. Ээж юу гэх бол доо?

Би гэртээ ирээд чимээ гаргалгүй дотогшоо орж, унтахаар хэвтлээ. Ээж юу ч хэлсэнгүй. Би ичсэндээ болж, сүмд явахаа болихоор шийдэв. Долоо хоногийн дараа бид ширээнд сууж, хоол идэж байтал ээж миний өөдөөс эгцлэн ширтэж, “Миний хүү, чи Мормон гэдгээ хэзээ ч бүү март” гэх нь тэр.

Би ажилд ирж, очихдоо Сүмийн цуглааны байрын дэргэдүүр өнгөрдөг байлаа. Ингэж өнгөрөх бүрд ухамсар маань намайг шаналган зовооно. Гэмээ нууж, ингэж гөлөлзөж явахаа больё гэж би нэг орой шийдлээ. Би дугуйгаа салбарын ерөнхийлөгчийн өрөөний өмнө талд тавьчихаад дотогшоо орж, надтай ярилцлага хийхийг хүсэв.

Би болсон явдлыг салбарын ерөнхийлөгчид нэгд нэгэнгүй яриад уучлал гуйв. Үүний дараа тэрээр надад зөвлөгөө өгөв. Би түүнээс хойш Мэргэн Ухааны Үгийг огт зөрчөөгүй.

Ээж маань 20 гаруй жилийн тэртээ өөд болсон ч, хэзээ ч бүү март хэмээн надад хэлсэн үгийг нь би байнга санаж явахыг үргэлж хичээдэг билээ. Би чинь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн сүмийн гишүүн шүү дээ.

Тэмдэглэл

  1. “Behold Thy Mother,” Лиахона, 1998 оны 4-р сар, 4; Ensign, 1998 оны 4-р сар, 2, 4.