Гайтид найдвар бий
Арлын энэ оронд номлолын санаа сэтгэл өөдрөг өрнүүн байна. Өсвөр үеийнхэн нь санаа сэтгэлийн өөдрөг өрнүүн байдлыг хадгалж явах шийдвэр төгс байна.
18 настай Дьювент Демостин, 19 настай Робенсон Марсел Ларокви Жийн хоёр сайн найзууд юм. Тэд нөхөрлөлөө хэвээр нь хадгалж явах бодолтой байна. Үүрд.
“Бид хөршүүд болохоор сагсан бөмбөг хамт тоглодог байсан. “Би 16-тай байхдаа Сүмд элссэн. Тэгээд би нэг их удалгүй Дьювентэд сүмд элсэхийг санал болгосон юм. Би олон удаа залбирч, шаргуу гуйдаг байлаа. Одоо тэр Сүмийн хүчирхэг гишүүн болжээ. Би найзаараа бахархдаг” гэж Робенсон ярив.
“Робенсон намайг мөн ч олон удаа урьсан даа. Тэгсээр байж би сая нэг юм зөвшөөрч билээ” гэж Дьювент ярив. Тэрээр бүх зүйлийг ойлгож байгаа юм шиг үргэлж гайхалтай сайхан үгсээр ярина. Иймээс түүний урилгад санаа зовох хэрэггүй. Харин ч бүр ер бусын гээч. Би номлогч нараар хичээл заалган 17-тойдоо Сүмд элссэн юм.
Төгс арга зам
Найз нар найзуудтайгаа сайн мэдээг хуваалцаж, заах боломжтой хүмүүсийг номлогчидтой танилцуулах нь номлолын ажлын төгс арга зам мөн. “Би Сүмд элсэхдээ ганцаараа байсан бол найзыгаа Сүмд авчирснаар одоо хоёул болоод байна. Одоо бид хоёр номлолын ажил хийж байна” гэж Робенсон ярилаа. Тэдний хүч чармайлтын үр дүнд Дьювентийн ах нарын нэг нь бас өөр нэг найз нь Сүмд элсээд байна. Нэг хүн хоёр, хоёр хүн дөрөв боллоо.
Гайтийн Порт-ау-Принцын хойд Гадасны Төв тойргийн Робенсон, Дьювент хоёр 2005 онд улс төрийн үймээн самууны улмаас бусад орны номлогчдыг тус орноос гаргаснаас хойш номлолын ажилд тохиолдож байгаа зүйлийг тусган харуулж байгаа ажээ. Гайтийн Порт-ау-Принцын Номлол гишүүдээсээ хүч чадал олохыг нэгэн цагт хүсч байв. Эдүгээ энэ хүч чадлаа олоод байна. Өнөөдөр Гайтид зөвхөн Гайтийн номлогчид үйлчилж байгаа бөгөөд идэр үеийнхэн номлолын насанд хүрч байна. Тэд бүрэн цагийн номлолд дуудагдахаасаа өмнө, хөршүүд, найз нартаа үйлчилж, зааж байна.
Та Гайтид Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг хаана ч харлаа гэсэн гишүүд нь зөвхөн Гайтичууд байхыг харна” гэж мөн Төв Тойргийн залуу эмэгтэй, 18 настай Фара Жийн Баптисте өгүүлэв. “Бид Гайтийн Сүмийн ирээдүйн төлөө хариуцлага хүлээж байгааг харах нь залуучуудад үнэнхүү урам зориг нэмдэг.”
“Сүмийн залуу эрэгтэйчүүд, залуу эмэгтэйчүүд Аврагчийн дагах урам зоригоор жигүүрлэсэн байдаг” гэж мөн энэ тойргийн гишүүн Фарагийн найз 17 настай Натали ЛаГуерре хэлэв. “Бид Их Эзэний замаар замнахыг, Түүний ажил амжилттай байхыг харахыг хүсдэг. Иймээс бид Гайтийн номлогчид эх орондоо ажиллаж байгааг хараад ихэд баярладаг. Манай номлогчид ирмүүн хүсэл эрмэлзэлтэй, аз жаргалтай байна. Тэд хуримтлуулсан сайн туршлагаа номлолынхоо дараа бидэнд ярьж өгдөг. Номлогчид биднийг мөн ийм туршлагатай болоход урьж, сайн мэдээг найз нартайгаа хуваалцахыг хүсдэг.
Залуу эрэгтэйчүүдийн адил бүрэн цагийн номлолд үйлчлэх санваарын үүрэг залуу эмэгтэйчүүдэд байдаггүй ч гэсэн “үйлчилдэг хүмүүст ирдэг олон адислал байдгийг бид бас мэддэг.” Бусад хүмүүсийг адислах боломж танд бий. Энэ нь бас таныг гэгээрүүлдэг. Бусдыг адислах нь амьдралд тохиолдох сорилтуудад тань хүч чадал өгч, сайн мэдээг шимтэн судлахад тусална. Энэ нь таныг Есүс Христийн жинхэнэ шавь болохыг, та бол Түүний гэрч бөгөөд үлгэр дуурайлыг нь дагадгийг харуулна” гэж тэр хэллээ.
Найдвар
“Гайти дахь Бурханы хаант улсад их найдвар бий” гэж Гайтийн Порт-ау-Хойд гадасны ерөнхийлөгч Г.Гаммалд Франциллон ярилаа. “Залуучууд номлолд үйлчлэх үнэнхүү хүсэл эрмэлзэлтэй байна. Залуучууд бүр коллежид суралцахаасаа өмнө номлолыг эн тэргүүнд хийх ёстой зүйл гэж үздэг болжээ. Хэрэв та гудамжинд номлогчидтой тааралдаад асуух юм бол, тэд Их Эзэний ажилд дуудагдсан учраас хичээл сургуулиа ардаа үлдээгээд номлолд гарсан гэж хариулахвий.
Эхнэр нь буцаж ирсэн номлогч учраас тэрээр гэр орондоо ирсэн адислалуудыг мэдэрсэн гэнэ. Бат бөх гэр бүлүүд, хүчтэй удирдагчид бол номлолын үйлчлэлийн шууд үр дүн мөн гэж тэр ярилаа. “Хэрэв эх оронд маань Гайтийн өдий олон номлогч үйлчилсээр байх юм бол, манай Сүм 15–20 жилийн дараа ямар байхыг бодоод үз л дээ! “Бошиглогч, Ерөнхий Эрх мэдэлтнүүд болон өнгөрсөн үед энд үйлчилж байсан бусад орнуудын номлогчдын хайр, дэмжлэг туслалцааг гишүүд мэдэрдэг. Харин одоо бол номлолд 100 хувь Гайтичууд, түүний дотор Гайтид 10 жилийн өмнө үйлчилж байсан, буцаж ирсэн номлогч, ерөнхийлөгч Фоучард Пиерре-Нау үйлчилж байна” гэж тэр ярив.
Ирээдүй
Гадны тусламжгүй бол Гайтийн Сүм асуудал бэрхшээлтэй тулгарна гэж зарим хүмүүс боддог байлаа. “Гэвч би энэ талаар огт санаа зовдоггүй шүү” гэж Гайтийн Порт-ау-Принц Номлолд эдүгээ үйлчилж байгаа номлогч, Ахлагч Ж.Хенри Мишель өгүүлэв. “Сүм хэзээ ч доройтохгүй. Энэ бол Есүс Христийн Сүм. Иймээс энэ сүм доройтохгүй.
Харин ч сайн мэдээ аз жаргал авчирдгийг хүмүүс мэдсэн болохоор Гайти дахь Сүм цэцэглэн хөгжих болно. “Сайн мэдээг надтай хуваалцсаных нь төлөө би Робенсонд үнэхээр их талархаж явдаг. Чухам иймээс л би сайн мэдээг бусадтай хуваалцахыг хүсдэг. Баяр баясгалан гэж юу байдгийг би өнгөрсөн үед мэддэг байсан уу гэж өнгөрсөн долоо хоногт өөрөөсөө асуув. Хэдийгээр өөртөө байлгахыг хүсдэг бүх материаллаг зүйлс өнөөдөр надад байхгүй ч гэсэн, би өөрийнхөө тухайд үргэлж амар амгаланг мэдэрдэг. Тэнгэрлиг Эцэгтээ ойрхон байх болно гэсэн агуу найдвар надад байдаг” гэж тэр ярив.
“Би номлогч болохоор одооноос хичээж байгаа шүү” гэж Робенсон хэлэв. “Би өдөр бүр нэлээд хэдэн Мормоны Номыг бусадтай хуваалцахын тулд үүргэвчиндээ авч явдаг. Намайг Сүмийн гишүүн гэдгийг олон хүн мэднэ. Би гэрчлэлээ хуваалцах их дуртай шүү. Бүрэн цагийн номлолд явж, Түүний хүүхдүүдэд үйлчилснээр Бурханд үйлчлэх агуу боломж байх болно. Номлолд явах нь миний агуу хүсэл юм.
Дьювент буцаж ирсэн номлогчидтой байнга ярилцдаг ажээ. “Их Эзэн номлогчдоор дамжуулан хүмүүсийг хэрхэн адисалдгийг тэд надад ярьдаг. Би ч бас ийм адислалуудыг хуваалцахыг хүсдэг. Тэд номлолын талбарт хэрхэн амьдарч байснаа, номлол тэдэнд хичнээн их таалагддаг байсныг надад ярьсан. Тэд бас номлолынхоо дараа ч, зохистой байж, сайн үлгэр дуурайл үзүүлдэг. Би тийм байхыг хүсдэг.
Ирээдүй юу авчрах бол? “Гайтид зориулсан төлөвлөгөө Тэнгэрлиг Эцэгт байгаа шүү дээ” гэж Дьювент хэллээ. “Тэрээр хүчирхэгжих боломжийг манай гишүүдэд олгож байна. Одоо Гайтичууд Гайтичууддаа зааж байгаа нь биднийг адислах болно.”
Робенсон удалгүй номлолын дуудлагаа хүлээн авна. Номлол нь Гайтид байх болов уу гэж тэр бодож байгаа аж. Дьювент түүний дараа номлолд явна. Тэр бас л эх орондоо үйлчлэхээр найдаж байна. Гэвч тэд Гайтид юм уу өөр оронд дуудагдлаа ч гэсэн Сүмд олон найз нартай болно. Бас тэр хоёр улам дотно найзлахаа үргэлжлүүлэх болно гэдгийг мэддэг ажээ. Сайн мэдээнд найз нар байна гэдэг чинь үүрд мөнх найз нар байна гэсэн үг шүү дээ.