2010
Есүс мэндэллээ
2010 оны Арванхоёрдугаар сар


Есүс мэндэллээ

Бетлехемийн ойролцоох ногоон толгодын дээгүүр үдшийн бүрэнхий алгуурхан нөмөрлөө. Хавар цаг байсан болохоор олон хонь хургалжээ. Борви бохисхийх завгүй хоньчид шөнө болохоос өмнө нэг хургыг шалгаад нөгөө уруу нь яарна.

Бетлехем ч бас хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Тосгон аянчдын хөлд дарагджээ. Учир нь бүх хүмүүс татвараа төлөхийн тулд өвөг дээдсийнхээ хотод хүрч ирэхийг Ромын эзэн хаан зарлиг болгосон байв. Тэдгээр аянчдаас хоёр нь, Иосеф эхнэр Мариагийнхаа хамт шөнө хоноглох газар хайжээ.

Иосеф, Мариа хоёр эцэст нь малын хашаанд толгой хоргодох газар олов. Тэрхүү ядмагхан малын хашаанд Мариагийн хүү төрсөн юм. Тэр бяцхан хүү Бурханы Хүү, дэлхийн Аврагч байлаа.

Мариа хүүгээ өлгийний цэвэрхэн даавуунд өлгийдөж, тэжээлийн тэвшин дотор зөөлөн цэвэрхэн өвсөөр ор хийж өгчээ. Энэ хүүхэд бол Бурханы Хүү гэдгийг Иосеф мэдэж байв. Тэрээр хүүд тэнгэр элчийн хэлсэн ёсоор Есүс гэсэн нэр өгөв.

Тэнгэрийн элчүүд баяслаа! Бошиглогчдын амлалт гүйцэлдэв. Эдүгээ Есүс гэж нэрлэгддэг Иехова дэлхийд төрлөө. Сайн мэдээг зарлахаар тэнгэрт нэг шинэ од гэрэлтлээ.

Уулын бэлд тэнгэр элч хоньчдод үзэгдэж, эргэн тойронд хурц гэрэл гэрэлтэв. Хоньчид ийм зүйлийг огт харж байсангүй. Тэд үлэмж балмагдав.

Тэнгэр элч, “Бүү айгтун, харагтун, би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайн мэдээг та нарт авчирлаа. Өнөөдөр Давидын хотод Аврагч, Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ. Тэжээлийн тэвшинд байх даавуунд өлгийдсөн нялх хүүхдийг та нар олж харна. Энэ нь та нарт тэмдэг болно гэлээ.”

Гэнэт өнөөх тэнгэр элчүүд хоньчдод, “Дээр өндөрт алдар нь Бурханд байх болтугай, доор газарт амар тайван нь Түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай” гэцгээв.

Тэнгэр элчүүд тэднийг орхин одоход хоньчид Бетлехемийг зорин яаран явж, тэнд тэжээлийн тэвшинд тавьсан нялх Есүсийг олж харав. Хоньчид хонин сүрэг дээрээ буцаж ирээд Бурханыг магтаж, харсан бүх зүйлээ бусад хүмүүст ярив.

Иерусалим

Бетлехем

Зүүн талаас: Христ ба баян залуу захирагч, Хейнрих Хофманн, C. Harrison Conroy Co-ийн зөвшөөрлөөр нийтлэв.; Бетлехемийн гэрэл зураг Скот Проктор; Mountain High Maps-ын гэрэл зураг © 1993 Digital Wisdom; зураг чимэглэлийг Сам Лоолор; Мэргэн хүмүүс, Пол Маннын уран зураг © 1999 IRI