2010
Хэн бэлэг байх вэ?
2010 оны Арванхоёрдугаар сар


Хэн бэлэг байх вэ?

Ана Марсиа Агра де Оливейра, Пернамбуко, Бразил

1982 онд биднийг гэрлэснээс хойшхи хоёр дахь Христийн Мэндэлсний Баярын дараа Глето бид хоёр гэр бүлийн уламжлал бий болгохоор шийдэв. Бид гэр бүлийнхээ гишүүд дотроос Сүмийн анхны гишүүд байсан учраас өмнөх Христийн Мэндэлсний Баяр тэмдэглэдэг уламжлал сайхан дуртгал үлдээсэн ч жинхэнэ нинжин сэтгэл, үйлчлэлээр дутмаг байлаа. Түүнээс гадна манай ууган хүү, найман сартай Диего энэ талаар бид өөрсдийгөө сайжруулах нэг шалтгаан болсон юм.

Бид их сургуулийн хичээл, гэрийн ажил, Сүмийн дуудлага, анх удаа эцэг эх болж үрийн зулай үнэрлэснээс хүүхдээ асрах гээд борви бохисхийх завгүй болсон ч онцгой энэ баярт бэлтгэхэд бие сэтгэлээ зориулсаар байлаа. Бид арванхоёрдугаар сард гэр бүлийн бүх үдшээ чимэглэл хийх, өөр хаа нэгтээ харсан бэлгэдлүүд болон өнгүүдийг илүү сайн ойлгоход зориулав. Бид энгийн хоол хийхээр төлөвлөж, ашигтай бөгөөд үнэ хямд бэлгийн талаар бодож байлаа. Мөн судар судлах хөтөлбөр гаргаснаар Христийн төрөлтийг тэмдэглэх уламжлалд маань үнэхээр өөрчлөлт гарч байгааг мэдрэв. Энэхүү өөрчлөлтөд Аврагчид зориулж бэлэг сонгох явдал орсон юм.

“Тэнгэр, газар Түүний мэдэлд байдаг хүнд та нар юу өгөх юм бэ?” гэж бид өөрсдөөсөө асуулаа. “Эдгээр ах дүүсийн маань хамгийн дордод нь” (Maтай 25:40) бид ямар нэг юм хийх хэрэгтэйг сануулсан энэ судар хариуг өгсөн юм. Христийн Мэндэлсний Баяр бол нөхөрлөл, хайр энэрлийн үе учраас бид гэр орондоо байдаг элгэн халуун сэтгэлийн уур амьсгалыг Сүмийн аль нэг гишүүнд мэдрүүлэхийн тулд түүнийг урихыг хүсч байлаа. Түүнд урам дэм өгч, туслах нь Аврагчид өргөн барих бидний Христийн Мэндэлсний Баярын бэлэг болж чадах хэн нэгнийг олох гэж бид хичээнгүйлэн хайв.

Тойргийн буюу гадасны аль нэг ах эсвэл эгчийг гэртээ урих бүрд уг хүн бусад үйл ажиллагаануудад аль эрт уригдсаныг мэдээд бид баяртай байдаг байлаа. Гэтэл Христийн Мэндэлсний Баяр хаяанд ирээд байхад бид энэ баяраа хуваалцах хэн нэгнийг олоогүй л байв.

Урам дэм хайрлаж туслах хэн нэгнийг олоогүйтэйгээ бид эвлэрч, хоолоо идэхэд бэлэн болоод байтал хаалганы хонх дуугарав. Хаалга онгойлготол нэлээд удаан хугацаанд уулзаагүй нэг найз маань зогсож байхыг хараад миний баярласан гэдэг нь. Авелар эхнэрээсээ тусдаа амьдарч байгаагаас болж саяхан сэтгэлийн хямралд орсон байсан юм. Ганцаараа байх нь түүнд гунигтай санагдаж, бидэнтэй хамт байхыг эгэлгүй их хүссэн аж.

Бид Авеларыг хайраар хүлээн авсанд тэрээр хүнд сорилт тулгарсан үед тайвшрахад өөрт нь хэрэгтэй байсан орчныг олж энд ирснээ бидэнд ярьж билээ. Их Эзэн түүнийг мэддэг мөн түүнд хайртай гэдгийг ойлгоосой гэсэндээ бид тусламж хэрэгтэй хэн нэгэнд үйлчилж, туслахаар бэлтгэж байснаа түүнд ярилаа.

Бидний олж чадаагүй найз Авеларыг маань Аврагч бидэнд илгээснийг мэдсэн нь бид бүгдийн хувьд үнэхээр гайхалтай байлаа. Тэнгэрлэг Эцэгийн хөвгүүд, охидын хоорондын харилцаа онцгой чухал болохыг бид мэдсэн юм. Үүний улмаас дараа дараагийн Христийн Мэндэлсний Баяруудаар бид болон бидний гурван хүүхэд энэ баярын зорилго бол эв нэгдэл, хайр, нөхөрлөлийг бэхжүүлэх явдал гэдгийг үргэлж санадаг болсон.

Урам дэм хайрлаж туслах хэн нэгнийг олоогүйтэйгээ бид эвлэрч, хоолоо идэхэд бэлэн болоод байтал хаалганы хонх дуугарав.