2010
Хамгийн сайхан бэлэг
2010 оны Арванхоёрдугаар сар


Хамгийн сайхан бэлэг

Тэр нэгэн Христийн Мэндэлсний Баяраар бидэнд хоол хүнс байсангүй. Бид зөвхөн гайхамшигт л найдаж болох байв.

Намайг 12-той байхад манайх Бразилд хотоос хол нэг ферм дээр амьдарч байв. Тэр арванхоёрдугаар сард гэнэт бороо орж эхлэхэд би ахынхаа хамт өөр нэг фермийн эзэнд самар хурааж өгч байлаа. Аадар бороо дөрвөн хоног цутгасан учир бид ажиллаж чадсангүй.

Христийн Мэндэлсний Баяр хаяанд ирээд байхад манайх хоол хүнсгүй болчихоод байдаг. Христийн Мэндэлсний Баярыг зооггүйгээр өнгөрүүлэх нь үү дээ гэж ээж санаа нь зовж, бид хоёрыг нөгөөх фермийн эзнээс хийсэн ажлынхаа мөнгийг өгөөч гэж гуйгаач гэв. Бид хоёрын ажлын хөлс нэг их мөнгө биш ч гэсэн бусад хүмүүс баярт бэлтгэж байгаа үед манайханд бол бага ч болов хүнсний зүйл худалдаж авч болох байв.

Ах бид хоёр шавар шавхайтай замаар нэлээд хэдэн км явж фермийн эзний гэрт хүрч очив. Биднийг очиход фермийн эзэн гайхан харлаа. “Ийм усан борооноор та хоёр хаачиж яваа нь энэ вэ?” гэж тэр асуув. Биднийг ирсэн учраа хэлэхэд тэр, “Надад бэлэн мөнгө алга. Харин чек бичиж өгч болно” гэв. Бид хоёр чекийг нь аваад хот орж, мөнгөө аваад хэрэгтэй хүнсний зүйлсээ худалдаж авахын тулд шалавхан буцав.

Биднийг хотод очиход худалдаа арилжааны бараг бүх байгууллага Христийн Мэндэлсний Баяраар хаалттай байлаа. Бид бүр цөхөрч, чекээ бэлэн мөнгө болгох гэсэн оролдлого талаар болов.

Биднийг хүнсний зүйлгүй гэртээ эргэж ирэхэд ээж, ах эгч дүүс наймуулаа сэтгэл санаагаар унаж, уруу царайлав. Бидэнд байсан бүх юм гэвэл чек. Гэтэл чек тэр үед бидэнд ямар ч үнэ цэнэгүй болчихоод байв. Христийн Мэндэлсний Баярын өмнөх оройг ямар ч бэлэггүй, хомсхон хоолтой өнгөрүүлэв. Бид цагаан будаатай хоол идээд унтлаа.

Бид Христийн Мэндэлсний Баярын өглөө хөршүүд маань гадаа баяр тэмдэглэх чимээнээр сэрсэн ч, ширээн дээр хоол хүнс өрөөд тавьчих ямар нэг гайхамшгийг хүлээн гэрээсээ гарсангүй. Тэгтэл яг үдийн хоолны өмнөхөн хаалга тогшиход бид ихэд гайхлаа. Манай нэг хөрш алчуураар бүтээсэн том савтай юм барьчихсан зогсож байв.

“Би үүнийг та нарт авчирлаа” гэж тэр хэлэв. Ээж савтай юмыг талархан хүлээж авлаа. Дотор нь юу байгааг харвал Христийн Мэндэлсний Баярын бэлгээр дүүргэсэн ажээ. Бидний хувьд энэ бол баярын хүлээн авалтын зоог, ёстой гайхамшиг байлаа!

Христийн Мэндэлсний Баярын энэ зоог миний хүлээж авсан бүх бэлгээс хамгийн сайхан нь байлаа. Учир нь энэ хоол биднийг онцгой хүндэтгэлтэй өдөр цатгасан билээ. Манай хөрш хэдийгээр бидний ямар байдалтай байсныг мэдээгүй ч, Тэнгэрлэг Эцэг тэр нэгэн Христийн Мэндэлсний Баяраар биднийг дайлахын тулд түүгээр дамжуулан ажилласныг би мэднэ. Бидэнд өөр арга зам байхгүй болсон үед Их Эзэн хэмжээлшгүй нигүүлсэл, нинжин сэтгэлээрээ олон агуу гайхамшгийг бидний амьдралд илгээдгийг би мэднэ. Бид тэр хөрш шигээ Их Эзэнд үйлчлэн бусдын амьдралд гайхамшиг тохиолгон авчирч чадна гэдгийг манай гэрийнхэн тэр удаагийн Христийн Мэндэлсний Баяраар мэдсэн юм.

Зураг чимэглэлийг Борн Торкелсон