2010
Би Бошиглогч Иосефыг хамгаалсан
2010 оны Арванхоёрдугаар сар


Би Бошиглогч Иосефыг хамгаалсан

Мариа Брандо, Итали

Би 1978 онд мартах аргагүй нэг зүүд зүүдэлж билээ. Тэр зүүдэнд хоёр хүн над дээр хүрч ирэв. Би зүүдэндээ тэдэнтэй ярилцах үед учиргүй их баярласнаа мэдрэв. Маргааш өглөө нь сэрсний дараа ч нөгөөх мэдрэмж намайг эзэмдсэн хэвээр байв.

Яг тэр өдөр Хожмын Үеийн Гэгээнтэн хоёр номлогч манай хаалгыг тогшиж, захиас хуваалцаж болох уу гэж асуув. Би нөгөөх зүүдээ санаад зөвшөөрч, тэднийг гэртээ ор гэж урилаа. Манай нөхөр дургүй байсан ч би номлогчидтой ярилцалгүйгээр тэднийг явуулж чадахгүй гэдгээ түүнд хэлэхэд нөхөр маань зөвшөөрсөн юм.

Номлогчид тэр өдөр надад бусад зүйлсийн хамт бошиглогчдын тухай заав. Би Абрахам, Мосе зэрэг Библийн бошиглогчдыг мэддэг байв. Гэтэл номлогчид надад орчин үеийн бошиглогч, Иосеф Смитийн тухай заалаа. Ахлагчид хичээлийн эцэст дахин ярилцлага хийхийн тулд эргэж ирж болох уу гэж асуув. Болно оо гэж би хариуллаа.

Нэмэлт ярилцлагууд хийсний эцэст номлогчид намайг баптисм хийлгэхийг урилаа. Тэднээс мэдсэн зүйл надад таалагдсан ч баптисм хүртэхээсээ өмнө Иосеф Смитийн тухай гэрчлэлтэй болохыг хүслээ. Номлогчдын заасан бүх зүйлээс түүний түүх миний хувьд хүлээн зөвшөөрөхөд хамгийн төвөгтэй нь байв. Гэвч би чин сэтгэлээсээ ийм гэрчлэлтэй болохыг хүсвэл Тэнгэрлэг Эцэг үнэнийг надад батлах болно гэдгийг мэдэж байв.

Тэгээд багаасаа явдаг байсан сүмийнхээ шашны ажилтнуудын бүлгийн нэг гишүүнтэй уулзахаар явлаа. Номлогчдын надад заасан зүйлийн тухай, тэдэнтэй дахин уулзах хүсэлтэй байгаагаа түүнд ярилаа. Гэвч намайг өөр ямар нэг юм ярихаас өмнө тэрээр Иосеф Смит бол галзуу, хоосон мөрөөдөгч байсан гэв.

Гэнэт би, “Иосеф Смит бол үнэн бошиглогч байсан” гэж хэлэх дуу хоолойг сонслоо. Зүрх хүчтэй цохилж, хэдийгээр Сүмд хараахан баптисм хүртээгүй ч би Сэргээлтийн Бошиглогчийг хамгаалж байгаагаа мэдрэв.

Шашны ажилтны өрөөнөөс гарч явах үед нөгөөх мэдрэмж улам хүчтэй болсон байлаа. Би асуултандаа хариу авч аль сүмд хөвгүүдээ явуулахыг шийдлээ.

Үүнээс хойш их удалгүй би баптисм хүртэж, олж мэдсэн зүйлээ хуваалцах их хүслээ мэдрэв. Бошиглогч Иосеф Смитийн тухай сүнсний батлагаатай болж, үүний ачаар одоо миний амьдралд бий болсон баяр баясал бусдад байгаасай гэж хүсдэг болов. Намайг Сүмд элссэнээс хойш хоёр жилийн дараа Сүмд нэгдсэн миний нөхөрт энэхүү баяр баясал бас бий болсон юм.

Дэлхий дээр бид дахин бошиглогчидтой болсон үед амьдарч байгаадаа би баяртай байдаг. Тэдний удирдамжийн ачаар, дагах баттай зам надад байгаад би итгэлтэй байна.