2010
Яг л амттай сүү шиг
2010 оны Арванхоёрдугаар сар


Би хэрхэн мэдсэн бэ?

Яг л амттай сүү шиг

Хэрэв та Их Эзэний үнэн сайн мэдээг хүлээн авбал энэ нь яг л сахар сүүг чихэрлэг амттай болгодог шиг амьдралыг тань сайхан болгоно.

Би аав ээж хоёрынхоо шашин шүтлэгийн хязгаарлагдмал мэдлэгээрээ надад заасан зарчмуудыг дагадаг, буурь суурьтай, хариуцлагатай хүн болж өссөн билээ. Гэвч 2005 онд намайг 15-тай байхад аав минь өөд болсны дараа би өөр хүн болсон. Аавдаа баяртай гэж хэлээгүйнхээ төлөөх сэтгэлийн эмзэглэлээ илэрхийлэх арга зам ч байж болох юм. Аавыгаа эмнэлэг уруу явахаас нь өмнө үнсэж чадаагүйнхээ төлөө үргэлж харамсдаг байлаа.

Аавыгаа өөд болсны дараа би эрхэмлэх сайн зүйлсгүй хүмүүстэй ойртон сүлбэлдэх болов. Өөрийнхөө сайн гэж санасан зүйлсийг эсвэл бусад хүмүүсийн хийдэг зүйлсийг хийдэг байлаа. Харин тэдгээр зүйлс Их Эзэнийг баярлуулдаггүйг би ойлгосон. Би дэлхийн жишгийн дагуу хөгжилдөн наргидаг байсан ч хэрэг дээрээ бол аз жаргалтай байсангүй. Би нэг л хоосон донгио болж, надад ямар нэг юм үгүйлэгдээд байсан ч, чухам юу вэ гэдгийг мэдэхгүй байлаа. Хичээлдээ муудаж эхлэв. Хамгийн таагүй зүйл бол амьдралдаа хэрхэн аз жаргалыг олохыг мэдэхгүй байлаа. Тэр үед би хамгаас хайртай гэр бүлийнхэн, ээжийгээ санахгүй байлаа.

Шөнө болохоор Бурханд хандан залбирдаг байв. Хэрхэн залбирахыг надад хэн ч заасангүй. Гэвч Тэр сонсож байгаа юм шиг санагддаг байв. Аз жаргалтай байхад туслаач, аав маань ямаршуухан байгааг мэдэх боломжийг надад олгооч хэмээн би Түүнээс хүсдэг байлаа. Аав минь хаа нэгтээ зовж байгаа болов уу гэж айдаг байлаа. Би мөн ч олон шөнө гуйсан даа.

Эцэстээ хариу ирлээ. Би зүүдэндээ л хариу авах болов уу гэж бодсон чинь харин хоёр ахлагч хүрч ирсэн нь хариу байлаа. Тэд манайд 2006 оны 12-р сард ирсэн. Тэд бол миний залбирлын хариу байсныг би ойлгосонгүй. Тиймээс ядахдаа ганц ярилцлага ч сонсохыг хүссэнгүй. Харин ээж сонсож, сүмд явахаар шийдэв. Тэр цагаас хойш ээж сүмд тасралтгүй явж байгаа билээ. Ээж баптисм хүртэж, хэдэн долоо хоногийн дараа миний эгч, эгчийн хүүхдүүд баптисм хүртэв. Ээж баптисмынхаа дараа ихэд өөрчлөгдсөнийг ажиглалаа. Тэр наснаасаа залуу, илүү аз жаргалтай харагдах болов. Ээжийн минь аз жаргал, амар амгалан манай гэрийг тэр даруйд дүүргэсэн юм. Манайд орж ирсэн хэн ч гэсэн тэр их өөрчлөлтийг дор нь мэдэрдэг байлаа.

Энэ нь чухам юунаас үүдэлтэйг би ойлгоод, сүмд явахаар шийдэв. Хүмүүс өмнө нь надад хэзээ ч ийм их найрсаг хандаж байсангүй. Энэ нь нэг л сонин байв. Эгч нар ихэд найрсаг ханддаг байсан учир сүм дээр байх нь надад маш их тааламжтай байв. Сүм үнэн гэдэгт би бага багаар итгэх болов. Ингээд ахлагч нарын хичээлийг сонсохоор шийдлээ.

2007 оны 2-р сарын 3-нд Мексикийн Веразруз гадасны Юрибе тойрогт нөгөөх хоёр ахлагч надад баптисм хүртээв. Би тэднийг үргэлж санаж явах болно. Мөн тэднийг тэнгэр элчүүдээ гэж үздэг. Баптисм хийлгэсэн өдрөө би хэзээ ч мартахгүй. Би бүх нүглээсээ цэвэршсэн. Есүс Христийн Цагаатгалын улмаас миний алдаа дутагдал арилсан юм. Сэтгэл санаагаар унаснаа ардаа орхиход, хоосон донгио мэдрэмж дахин мэдрэгдээгүй билээ. Тэрхүү хоосон донгио бодол санаа бодгальд минь агуу баяр баяслаар солигдсон юм.

Үнэн сайн мэдээ миний гэр бүлд болон надад жинхэнэ аз жаргалыг авчирсан билээ. Би мөнхийн найз нараа олсон. Би дэлхийн эсрэг тэмцсээр байгаа. Харин одоо надад үнэн сайн мэдээ болон баяр баясгалан, амар амгаланг өдөр бүр авчирдаг Сүнс байгаа. Би урт удаан хугацааны туршид Их Эзэнээс асуудаг байсан асуултынхаа хариуг мэддэг болсон. Хэрэв аав минь өөрийнх нь төлөө ариун сүмд бидний хийлгэсэн ёслолыг хүлээн авбал тэр аз жаргалтай, амар амгалан байхыг би мэднэ. Тэр сайн мэдээг хүлээн авсан бөгөөд биднийг хүлээж байгаа гэдэгт би итгэдэг.

Заримдаа би өнгөрснөө эргэж хараад хэчнээн их адислагдсанаа ойлгодог. Дэлхийн санал болгодог аз жаргал, баяр баясгалан, зугаа цэнгэлээс илүү их аз жаргалыг би сайн мэдээнд олж хардаг. Жинхэнэ аз жаргал Есүс Христийн сайн мэдээнээс ирдэг. Сайн мэдээний заадаг юм бүхэн бидний сайн сайхны төлөө үйлчилдэг.

Бурхан бол сүүн дээр чинь нэмдэг сахартай адилхан юм гэж ээж минь отгон хүүдээ тайлбарласан и-мэйлийг би нэг удаа хүлээж авсан. Та нар үүнийг харж чадахгүй. Гэвч энэ нь юм бүхэнд сайхан амт оруулдаг. Яг үүнтэй адил та Их Эзэний үнэн сайн мэдээг олж харж чадахгүй. Гэвч та үүнийг хүлээн авч, амьдралдаа хэрэгжүүлж чадна. Сайн мэдээ яг л сахар сүүнд сайхан амт оруулдаг шиг амьдралыг чинь сайхан болгоно.

Христ Еммауд, Карл Хейнрих Блок, Дани улсын Хиллеродын Фредериксборг дахь Үндэсний Түүхийн Музейн зөвшөөрлөөр нийтлэв; сүүний гэрэл зургийг Robert Casey