2010
Хангалттай цаг алга уу?
2010 оны Арванхоёрдугаар сар


Сайн мэдээ миний амьдралд

Хангалттай цаг алга уу?

Институтэд зориулах цаг алга гэж би боддог байлаа. Гэвч ийм цаг гаргахад Сүнс намайг өдөөв.

2008 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр би Солонгосын Сөүлийн Ариун сүмийн селестиел өрөөнд, шинэ жил хаяанд ирлээ дээ хэмээн бодон сууж байлаа. Би хоёр сар орчмын өмнө энэ ариун сүмд гэрлэсэн. Сүүлийн үед бүх цаг заваа эрхэлдэг ажил, Сүмийн дуудлага, шинээр төвхнөж байгаа гэр бүлдээ бүрэн зориулж байгаа юм шиг санагддаг байлаа. Өмнө нь би институтийн хичээлд тогтмол явдаг байлаа. Харин одоо институтэд явахаа больдог ч юм уу гэж боддог болов.

Шинэ жилд удирдамж авахаар залбиртал, харин үүнээс бүр өөр зүйлийг-институтэд явахаа үргэлжлүүл гэсэн мэдрэмж надад төрлөө. Бас ариун сүмд орохоо нэмэгдүүлэхэд өдөөгдөв. Тэр өдөр ариун сүмээс гарахад би амар амгалан болон Их Эзэний өгсөн шинэ удирдамжинд баярлах талархлын мэдрэмжээр дүүрэн байв. Хэрэв би хүлээн авсан удирдамжийг дагах юм бол адислагдах болно гэдгийг хүчтэй мэдэрч байлаа.

Би 1-р сараас эхлэн Сөүлийн Ариун сүмд ариун сүмийн ажилтнаар үйлчлэв. Ингээд ээлжиндээ гарахын тулд долоо хоногт хоёр удаа ариун сүм уруу нэг цаг орчим явах шаардлагатай болов. Түүнээс гадна, эхнэр маань бас долоо хоногт хоёр удаа нэг удаад нь ариун сүмийн ажилтнаар үйлчлэхээр, нөгөөд нь надтай хамт Мормоны Номын институтэд суухаар хол явдаг болов.

Эдгээр нэмэлт үүргүүдийг биелүүлдэг болсноор би долоо хоног бүр ажлаа хэдэн цагаар хорогдуулдаг болсон нь тодорхой болов. Би худалдааны салбарт ажилладаг учраас хэчнээн үйлчлүүлэгчид үйлчилснээрээ цалинждаг. Ажлын цагаа хорогдуулснаар цалингаа нэлээд их хэмжээгээр бууруулах нь гэдгийг би ойлголоо. Гэвч, хүлээн авсан мэдрэмжээ санаад, хэрэв би Их Эзэнийг дагахад өөрийгөө бүрэн дайчилбал бусад ажил үйлс бүтэх болно гэдгийг мэдэж байлаа.

Институтэд тогтмол явж, ариун сүмд улам олон удаа орсноор амьдралд минь олон адислал ар араасаа ирсэн. Мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан шүү. Би Сүнсийг улам олон удаа ойр дотно мэдэрдэг болж, сэргээгдсэн сайн мэдээний тухай гэрчлэл минь өслөө. Эхнэр бид хоёр ариун сүмд үйлчилж, институтийн хичээлд сууснаар олон ашиг тусыг нь хүртсэн билээ. Үүний хамт би материаллаг амьдралдаа санаандгүйгээр адислагдав. Би ажлын цагаа бууруулсан ч өмнөхөөсөө хавьгүй олон байнгын үйлчлүүлэгчтэй болов. Миний орлого буураагүйгээр барахгүй бараг хоёр дахин нэмэгдэв.

Эдгээр гайхамшигтай адислалууд Их Эзэнээс ирснийг би мэддэг. “Эхлээд Бурханы хаант улсыг мөн түүний зөв шударгыг эрэлхийл … эдгээр бүх зүйл та нарт өгөгдөх болно” (3 Нифай 13:33) хэмээн Тэрбээр намайг тайтгаруулсны төлөө би баяртай явдаг билээ.

Зураг чимэглэлийг Скотт Греер