2010
Хүүхдүүдэд сонгох эрхээ эдлэхэд туслах нь
2010 оны Арванхоёрдугаар сар


Бидний гэр орон, гэр бүл

Хүүхдүүдэд сонгох эрхээ эдлэхэд туслах нь

Тэнгэрлэг Эцэг Адам, Ева хоёрт сонгох эрхийг заасан шиг бид хүүхдүүддээ сонгох эрхээ ойлгож, эдлэхэд нь туслах хэрэгтэй.

Тэнгэрлэг Эцэг адам, Ева хоёрыг бүтээхэд тэд гэнэн цайлган байлаа. Тэд амьдрал болон түүний үр дагаврын тухай төдийлөн их зүйл мэдэхгүй байлаа. Гэвч Тэнгэрлэг Эцэг тэдэнтэй хамт алхлан зааж, тэр хоёр энд оршин буйгаа мэдэх хүртэл нь тэдэнд тэвчээртэй хандаж байлаа.

Эцэг эхчүүд бид бяцхан үрстэйгээ хамт байж тэдэнд заах онцгой боломжтой билээ. Гэвч бид заримдаа хүүхдүүд маань ч Тэнгэрлэг Эцэгийн сүнсэн хүүхдүүд гэдгийг мартдаг байх гэж би боддог. Тэдэнд анхны хичээлүүдийг нь заахад туслах, тэднийг Аврагч Есүс Христ уруу удирдан хөтлөх нь бидний үүрэг хариуцлага юм.

Хэрэв бид Едений Цэцэрлэг дэх Тэнгэрлэг Эцэгийн үлгэр жишээг дагавал, үр хүүхдээ халамжлан хүмүүжүүлж, Есүс Христийн сайн мэдээний тухай тэдэнд заах үүрэг хариуцлагыг өөрсөд дээрээ авах ёстой. Ингэсэн тохиолдолд, бид тэдэнд үйлдлийнх нь үр дагавруудын тухай заах хэрэгтэй. Энэ бол амаргүй ажил. Учир нь бид ч байнга суралцсаар байгаа болохоор заримдаа Тэнгэрлэг Эцэгийнхээ хүслийг биелүүлж чаддаггүй. Хүүхдүүд маань өөрсдийн алдаанаасаа суралцах хэрэгтэй байхад ч бид тэдний дундуур орж, тэднийг аврахыг хүсдэг.

Тэнгэрлэг Эцэг бүр эхлэлээс Адам Ева хоёрт сонгох эрхийг тэвчээртэй заасан. Тэрбээр тэдэнд зарлигууд, тэдгээрийн үр дагавар болон сонгох эрхээ эдлэх чадварыг өгч, “Цэцэрлэгийн мод болгоноос чи чөлөөтэйгөөр идэж болно, харин сайн ба муугийн мэдлэгийн модноос чи идэж болохгүй, гэсэн хэдий ч, өөрийнхөө төлөө сонгож болно, учир нь энэ нь чамд өгөгдсөн билээ; Харин би үүнийг хориглосныг санагтун, учир нь түүнээс идсэн тэр өдөртөө чи гарцаагүй үхэх болно” (Moсе 3:16–17; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн) гэсэн билээ.

Бид хүүхдүүдээ хүчлэн албадахгүйгээр зарлигуудыг дагахад хэрхэн урамшуулан дэмжих тухай бодлогоширч байж магадгүй. Үүнд туслах, бидний хийж болох хэдэн зүйл бий. Бид хүүхдүүддээ сайн мэдээг ялангуяа судруудаас зааж, улмаар судрын эдгээр зарчмуудын дагуу амьдрахыг зааж болно. Бид тэдэнд Тэнгэрлэг Эцэгтээ найдахыг үгээр болон үлгэр жишээгээрээ зааж, сайн мэдээгээр амьдарснаас ирдэг адислалуудыг тэдэнтэй хуваалцаж болно. Бид эцэг эхчүүд мөн сул талуудтай учир хүүхдүүдэд маань Түүний хайр, нигүүлсэл, тэвчээр хэрэгтэйн адил бидэнд ч мөн хэрэгтэй гэдгийг зааж болно.

Зарим үед хүүхдүүд маань дүрсгүйтэхэд бид итгэл алдрах нь байдаг ч Тэнгэр дэх Эцэг бидэнд хэзээ ч итгэл алдардаггүй. Тэнгэрлэг Эцэг биднийг Хүүгийнхээ хүч, ач ивээлээр дамжуулан Өөртэйгөө адилхан болох чадвартай Өөрийн хөвгүүд, охид гэж үзэн ханддаг шиг бид үр хүүхдэдээ тийм байдлаар хандаж сурах ёстой. Бидэнд үр хүүхдээ аврах хүч байхгүй. Гэвч бид тэдэнд сайн үлгэр дууриал үзүүлж, тэдний төлөө итгэлээ ашиглаж болно.

Бид энд хэн нэгнийг хүчээр албадан Тэнгэрлэг Эцэгийн хүслийг гүйцэлдүүлэхийн тулд байгаа биш. Мэдээж, хүүхдүүддээ бидний олгодог эрх чөлөө, үүрэг хариуцлагын хэмжээ нь тэдний нас болон чадвараас хамааралтай байдаг. Бид хүүхдүүддээ сонгох эрхээ зохистойгоор эдлэхэд нь тусалбал, тэд яадаг ч байлаа гэсэн тэдэнд зааж, хайрлах нь амар хялбар байх болно.

Адам, Ева хоёр уруу татагдаж, сайн ба муугийн мэдлэгийн модны жимснээс иднэ гэдгийг Тэнгэрлэг Эцэг мэдэж байсан. Түүний Хүүгээр дамжин эргэж ирэх замыг Тэрбээр тэдэнд аль хэдийн бэлтгэсэн байлаа. Тэрээр бидний Аврагчийн цагаатгагч золиослол, наманчлалын зарчмууд болон тэд Хүүгийн нэрээр Бурханыг хэрхэн дуудаж болох тухай, Тэнгэрлэг Эцэгийн нигүүлсэл, хайраар дамжуулан нүглийн уучлалыг хэрхэн олж болох тухай тэдэнд заалгахаар тэнгэр элчийг илгээжээ (Moсе 5-ыг үз).

Хүүхдүүд маань буруу замаар орж төөрсөн ч гэсэн бид тэдэнд хайраа илэрхийлж, заах тал дээр хатуу байж, итгэл найдвар тавин, тэдний төлөө залбирах юм бол тэд Есүс Христэд итгэх итгэл, жинхэнэ наманчлалаар дамжуулан баяр баясгаланг олох болно. Бид эдгээр зарчмуудыг санаж хэрэгжүүлснээр Христийн цэвэр хайраар илүү элбэг дэлбэгээр адислагдаж, эцэг эхчүүдийн хувьд илүү их амжилт олох болно (С ба Г 121:41–46-г үз).

Зураг чимэглэлийг Майкл Паркер