2010
Хэрэв би тэнд байсан бол
2010 оны Арванхоёрдугаар сар


Залуу насанд хүрэгчдэд зориулав

“Хэрэв би тэнд байсан бол”

Өмнөд Африкийн нэгэн залуугийн бичсэн дууны үг, хөгжим Аврагчийн тухай зөвхөн Христийн Мэндэлсний Баяраар төдийгүй харин үргэлж гүн гүнзгий эргэцүүлэн бодоход бид бүгдийг урамшуулан дэмжиж байна.

Ая нь шивнэх мэт намуухан эхэлж, эхлээд сэтгэл зүрхэнд чинь нэвтэрч тэр дороо чихэнд чинь сонсголонтойёо эгшиглэнэ. Энэ дууг найрал дуу дуулахад бүр ч сайхан сонсогдоно:

Хэрэв би тэнд байж, тэр хүнийг Есүс хэмээх мужааныг харсан бол,

Түүнтэй хамт байгаа мянга мянган сүргийг харсан бол, тэднийг дагахгүй Түүнийг сонсохгүй байсан гэж үү?

Хэрэв би Түүнтэй уулзсан бол ганцхан хараад түүнийг дор нь таних байсан уу?

Тэр бол Христ гэдгийг таних байсан болов уу?

Найрал дууг харагтун. Бүх гишүүд жинхэнэ зүрх сэтгэлээсээ дуулж байгааг та харах болно. Хөгжмийн эгшиг бүрийг соргогоор сонсон чихэнд чимэгтэй, сэтгэлд яруу зохистой нэгдмэл нэгэн аялгуу болгож байгаа удирдаачдыг харагтун. Их Эзэн Есүс Христийг магтан дуулахад мэдлэг туршлага, дуу хоолойгоороо нэгдэж, бие сэтгэлээ зориулсан Өмнөд Африкийн Преториа гадасны залуу насанд хүрэгчдийг харна уу.

Тэдний гол дунд магтуу дууны үг бүрийг бичиж, нот болгоныг зохиож, сургуулилалт, тоглолт бүрийг зохицуулан зохион байгуулж, найз нар, Сүмийн гишүүд, нийгэм хамт олон, тэр ч байтугай Аврагч болон Тэнгэр дэх Эцэгтээ зориулж үүнийгээ Христийн Мэндэлсний Баяр болгосон 20 настай хөгжмийн удирдаач сууж байна.

Удахгүй бүрэн цагийн номлолд үйлчлэх гэж байгаа Майкл МкЛеод баяр тэмдэглэх нь цуглааны дөрвөн байранд концерт тоглох үйл явдал болж өргөжих юм гэж санасангүй аж. Цуглааны дөрвөн байр сэтгэл нь догдолсон хэдэн зуун үзэгчдээр пиг дүүрсэн байжээ. Тэрээр Аврагчийг шүтэн бишрэхэд нь хүмүүст туслах гадасныхаа магтаалын дуу, хөгжмийн хөтөлбөр бэлтгэх ганц бие залуу насанд хүрэгчдэд (ГБЗНХ) өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн нь энэ ажээ. Хэрэг дээрээ энэ хөтөлбөрийг анх 2009 оны 6, 7-р сард төлөвлөсөн ч хойшлуулж 12-р сард шилжүүлсэн байна.

“Гадасны ГБЗНХ-ийн төлөөлөгчид өөрсдөөс нь хийхийг хүссэн зүйлийн тухай ярихад нь ‘Бид бусдын дуу хөгжмийн оронд өөрсдийнхөө зохиосон дуу хөгжмийг ашиглаж яагаад болохгүй байх билээ’ гэж хэлснээ Майкл санаж байна. ГБЗНХ-ийн төлөөлөгчид зөвшөөрсөн гэнэ. Чухам Майкл МкЛеод шиг хүн л энэ ажлыг хийж чадна гэдгийг тэд бас мэдэж байлаа.

Майкл бол англи хэл, математикийн боловсрол эзэмшихээр сурч байгаа Преториагийн Их Сургуулийн оюутан юм. “Би багш болохыг үнэхээр их хүсдэг шүү” гэж тэр хэллээ. Үүний хажуугаар тэр дуу хөгжим их сонирхдог ажээ. Майкл 17 хүртлээ хөгжмөөр нухацтай хичээллэсэн гэнэ.

“Дуу хөгжим бол миний хобби. Би үүнд дуртай хэвээрээ байгаа” гэж тэр тайлбарлав. Дуу хөгжим хүмүүсийн зүрх сэтгэлд нөлөөлдөг арга хэлбэр надад их таалагддаг. Би найрал дуу удирдаж, найрал дуунаас, ялангуяа энэ дуу сайн мэдээний сэдэвтэй бол түүнээс ирдэг эрч хүчийг мэдэрдэг. Дуу хөгжим цугларагсдыг Сүнсэнд ойртуулж, түүнийг мэдэрч байгааг нь би харах дуртай. Миний бүхий л амьдрал дуу хөгжимтэй холбоотой учраас энэ миний хувьд их чухал зүйл гэж боддог.

Гэвч Майклын хамгийн дуртай зүйл бол Аврагчийн тухай гэрчлэлээ хуваалцах. Христийн Мэндэлсний Баяраар дуу хөгжмөөр гэрчлэлээ хуваалцах нь агуу боломж юм. “Магтуу дууны үг, хөгжмөөр дамжуулан Аврагчийн тухай гэрчлэлээ хуваалцах нь бидний гол зорилго” гэж тэр ярив. “Хүч нөлөө ихтэй дуу хөгжим, бат бөх гэрчлэл аль аль нь бидний хүсдэг зүйл. Иймээс бид Аврагчийг таньдаг байсан хүмүүс: Мариа, Иосеф, Анна, Симеон, Петр, Иаков, Хайрт Иохан, Магдалын Мариа, түүнчлэн Христийн эдгээж, заасан хүмүүсийн гэрчлэлийг судруудаас авч ашигласан. Тэдний мэддэг байсан зүйлийг бид дамжуулахыг хичээсэн. Ингэвэл хүч нөлөө ихтэй болно. Бид бас Аврагчийн өөрийнх нь гэрчлэлийг ашигласан. Эдгээр бүх гэрчлэлүүд нийлээд гайхалтай зүйл болсон шүү.”