2010
Бүү ай
2010 оны Арванхоёрдугаар сар


Тэд бидэнд хандан ярив

Бүү ай

Бид айх хэрэггүйг Мариа, Иосеф хоёроос сурсан юм. Учир нь асуудал болгонд шийдэл нь байдаг.

Асуудал бүрийн шийдэл нь Бурханд байдгийг Мариа, Иосеф хоёр амьдралынхаа эхэн үед мэдсэн юм. Тэнгэр элч Мариад: “Бүү ай. … Учир нь Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй” (Лук 1:30, 37) гэжээ.

Зарим үед даван туулах боломжгүй юм шиг хэцүү асуудал залуу насанд хүрэгчдэд тулгардаг. Асуудал нь хэтэрхий хүнд, шийдвэрлэх аргагүй юм шиг тэдэнд санагддаг. Тэд асуудлын шийдлийг олж хардаггүй учраас санаагаар унаж, тэр ч байтугай ирээдүйгээ сөргөөр буюу гутрангуйгаар хардаг. Гэвч та нар Мариа, Иосеф хоёр шиг, амьдралд шийдвэрлэгдэшгүй олон асуудал тулгарч болох ч шийдэл нь Бурханд үргэлж байдгийг мэдэх хэрэгтэй.

Мариа Бурханы Хүүг хэвлийдээ тээж төрүүлэх тэнгэрлэг дуудлагынхаа тухай мэдсэн үед үй олон асуудал, санаа зовох зүйл оюун санааг нь эзэмдэх болсон нь эргэлзээгүй. Юуны өмнө, тэрээр Иосефтой сүй тавьсан байдаг. Гэтэл Иосеф юу гэж бодох бол? Тэгэхэд тэнгэрийн элч, “Бүү ай” (Лук 1:30) хэмээн зөвлөсөн юм. Мариа жирэмсэн болсон тухай Иосеф мэдээд сүй тавьснаа цуцлахаас өөр зөв шийдлийг олж хараагүй юм. Тэнгэр элч дахин “Бүү ай” (Maтай 1:20) гэж зөвлөжээ. Энэ бол өмнө нь Захариад өгсөн тэрхүү тэнгэрлэг удирдамж байсан (Лук 1:13-ыг үз) бөгөөд “Бүү айгтун, харагтун, би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайн мэдээг та нарт авчирлаа” (Лук 2:10) хэмээн хожим нь хоньчдод бас өгсөн удирдамж юм.

Өнөөдөр дэлхийд гэрлэхээс, үр хүүхэдтэй болохоос, үүрэг хариуцлага хүлээхээс, зөв зүйлийн төлөө тэмцэхээс, үе тэнгийнхнийхээ дарамт шахалтаас ихэд айдаг болжээ. Эдийн засгийн хямрал, байгалийн гамшгаас айж эмээдэг болжээ. Гэвч “Зоригтой байгтун мөн бүү эмээ, учир нь Их Эзэн бибээр та нартай хамт байна” (С ба Г 68:6; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн) гэж өнөө үед Их Эзэн бидэнд өгсөн зөвлөгөө Мариа, Иосеф хоёрт өгсөн зөвлөгөөтэй адил юм.

“Бүү ай” хэмээн Мариа, Иосеф хоёрт тэнгэр элчийн өгсөн зөвлөгөө нь тэдний хувийн асуудлаар өгсөн ердийн зөвлөгөөнөөс илүү чухал юм. Мариа, Иосеф хоёр Аврагчийн үйлчлэлд ер бусын өвөрмөц үүрэг гүйцэтгэсэн учир дээрх зөвлөгөө нь ертөнцийн бүх хүмүүст хандсан мэндчилгээ байлаа. Энэ үйлчлэл бүх эрин үеийн бүх хүмүүсийн бүх aйдсыг үгүй болгох боломжийг олгосон юм.

Аврагчийн төрөлт, амьдрал, Цагаатгалын ачаар шийдвэрлэгдэшгүй асуудал гэж үгүй билээ. Түр зуурын эмгэнэлт явдал, хүндрэл бэрхшээл тохиолдох нь мэдээжийн хэрэг, гэвч тэдгээр нь байнга байдаггүй, даван туулах аргагүй байдаггүй. Бурханы шийдвэрлэж чадахгүй асуудалтай тулгарсан хүн байдаг гэж та төсөөлж чадах уу? Бидний мөнхийн өсөлт хөгжилтөд түлхэц үзүүлэх шийдэл Түүнд үргэлж байдаг. Үүний шалтгаан, мөн чанар аль аль нь Цагаатгал юм. Чухам иймээс Мормон, “Христийн цагаатгалаар та нарт найдвар [байх болно]” (Moронай 7:41) гэж хэлжээ.

Бидэнд тохиолддог асуудал бэрхшээлийг шийдлээр хангадаг Цагаатгалын хүч чадалд эргэлзэх хэрэггүй. Энэ асуудалд судрууд тод томруун хариулт өгдөг. Бид тэдгээр шийдлийг дуртай хүлээж авдаг уу? Бид дэлхийн хариултыг уу эсвэл Бурханы хариултыг сонгох уу? Бид наманчилж гэмшдэг үү, сул талаа “өөрсдийн хүчээр” даван туулахын тулд Бурханы ач ивээлийг эрэлхийлдэг үү, уй гашуу тохиолдсон үед Бурханы хайрыг хүлээн зөвшөөрдөг үү эсвэл амьдралд сорилт бэрхшээл тохиолдох бүрд Түүнийг үл ойшоодог уу? гэсэн асуултууд туйлын чухал юм.

Цагаатгал бол амьдралд тохиолддог томоохон асуудлуудыг шийдвэрлэх арга хэрэгсэл мөн. Хэрэв бид Түүний хүслийг дуулгавартай дагавал Бурхан бидний тэнгэрлэг хувь тавиланг хяналтандаа авах болно. Энэхүү дуулгавартай байдлын онцгой үлгэр жишээ бол Мариа байлаа. Тэрээр тэнгэр элчид, “Хэлсэн үгийн тань дагуу надад биелэх болтугай” (Лук 1:38) гэжээ. Мариа эргэлзэж тээнэгэлзсэнгүй, хойшлуулсангүй, тэвдэж сандарсангүй. Бурханы хүсэлд зүгээр л даруухнаар захирагдсан юм. Иосеф мөн л ийм дуулгавартай байсан билээ. Мариа итгэлгүй байж мэдэхийг учир шалтгааны хүчин зүйлс харуулж болох ч гэсэн, Иосеф “Эзэний тэнгэр элчийн тушааснаар Мариаг эхнэрээ болгосон юм” (Maтай 1:24).

Хэрэв та Цагаатгалд итгэж, Бурханы хүслийг биелүүлдэг бол бүү ай. Учир нь танд тулгарсан асуудлуудын шийдэл ямагт байдаг гэсэн амьдралын хамгийн бат ноттой сургамжуудын нэгийг Мариа, Иосеф хоёр ухаарч мэдсэн.

Дэлхий дэх шүүмжлэгчид энэ сургамжийг хэзээ ч ухаарч ойлгоогүй юм. Үнэнийг хэлэхэд, тэд ихэнхдээ ухаалаг, ажигч гярхай хүмүүс. Тэд бидний өмнө тулгардаг үй олон, нарийн төвөгтэй асуудлыг олж хардаг ч, шийдлийг нь олж хардаггүй учраас цөхрөнгөө барж, гараа өргөн бууж өгөх нь олонтоо байдаг. Тэд Цагаатгалыг ойлгодоггүй учраас тэгдэг. Тэд өөрсдийнхөө өмнө асуудлууд уул овоо шиг хуримтлагдаж байгааг зөвхөн харах төдийгөөс хэтэрдэггүй. Зүйрлэвээс өндөр хана тэнгэрийн хаяаг хаачихаад байгаа мэт, тэд зөвхөн асуудлыг л олж харж чадна. Үүний үр дүнд тэд үл итгэгчид, эрээ цээргүй, гутрангуй үзэлтэй хүмүүс болдог. Тэдний байдлыг схем 1-д дүрсэлсэн нь.

Схем 1: Шүүмжлэгчид

ердийн нүдээр

асуудлууд

шийдэл нь

Нөгөө талаар, шүүмжлэлгүйгээр юмсыг сүнсний нөлөөгөөр задлан шинжилж, үнэлэлт өгдөг олон хүмүүс байдаг. Тэд бас л ухаалаг, ажигч гярхай хүмүүс. Тэд амьдралд тохиолддог адармаатай, олон талыг хамарсан нарийн асуудлуудыг мөн л хардаг. Гэвч огт өөр өнцгөөс. Тэдний харааг хаадаг хана байдаггүй. Харин зөвхөн асуудлуудыг төдийгүй түүнээс цааш харахад тусалдаг дуран авай тэдэнд байдаг. Өөрөөр хэлбэл, тэд Цагаатгалын санал болгодог шийдлийг бас хардаг. Амьдрал дахь тэдний байдлыг схем 2-т харуулав.

Схем 2: Юмсыг сүнсний нөлөөгөөр задлан шинжилдэг

сүнсний нүдээр

асуудлууд

Цагаатгалын санал болгодог шийдлүүд

Үүний улмаас эдгээр хүмүүст айдас байдаг юм аа гэхэд өчүүхэн бага байдаг. Тэд аливаад нааштай ханддаг, өөдрөг үзэлтэй, амьдралд урам зоригтой хүмүүс. Учир нь асуудал болгонд сүнсний эмчилгээ бий гэдгийг тэд төгс мэддэг. “Зоригтой байгтун, Би ертөнцийг ялсан” (Иoхан 16:33) хэмээн Аврагч мэдэгдсэн билээ. Чухам иймээс Христийн Сүмд үгүйсгэх үзэлд байр байдаггүй. Үгйсгэх үзэл, эрээ цээргүй байдал Сатанаас иш үндэстэй юм. Гэрэл гэгээтэй, өөдрөг үзэл Христээс иш үндэстэй юм.

Дэлхийн бүх асуудал бэрхшээл дөрвөн үндсэн төрөлд хуваагддаг. Аврагч доош бууж ирэхдээ дөрвүүлэнг нь биеэр үзэж, даван туулсан юм. Иймээс Тэрээр “зоригтой бай” гэж зарлигласан билээ.

  • Нэгдүгээрт, үхэл. “Адам дотор бүгд үхдэгчлэн Христ дотор бүгд амьдруулагдах болно” (1 Кoринт 15:22) хэмээн судрууд тунхагласан юм.

  • Хоёрдугаарт, нүгэл. Тэнгэр элч Иосефт, Есүс “Өөрийн ард түмнийг нүглээс нь аварна” (Maтай 1:21) гэжээ.

  • Гуравдугаарт, сул дорой байдал. “Миний өмнө өөрсдийгөө даруусгадаг бүх хүмүүст миний ач ивээл [Цагаатгалын хүч]” хангалттай; учир нь хэрэв тэд миний өмнө өөрсдийгөө даруусгаж, мөн надад итгэлтэй байх аваас, тэгвэл би тэдэнд сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө” (Ифер 12:27) хэмээн Аврагч Моронайд сургамжилсан билээ.

  • Дөрөвдүгээрт, нүгэлтэй холбоогүй боловч нийтлэг тохиолддог өвчин, сэтгэл санааны эмгэг (өвчин, эсэргүүцэл, санаа сэтгэлээр унах, ажилгүй болох гэхчлэн). Аврагч “шаналсан зүрхтэй хүмүүсийг эдгээн,” “бүх гашуудагсдыг тайвшруулан,” “гашуудагсдад үнсний оронд цэцгийн хэлхээ өгөх” (Исаиа 61:1–3; мөн Aлма 7:9–13-ыг үз) болно гэдгийг Исаиа бошиглосон юм.

Бидэнд дэлхийн учруулдаг гай зовлон бүрийг эдгээх ер бусын хүч Аврагчид байдаг. Мариа, “Сэтгэл минь Эзэнийг дээдэлнэ. Сүнс минь ч миний Аврагч Бурханд баяссан” (Лук 1:46–47) хэмээн дуу алдсанд гайхах юун. Тэрбээр биднийг үхэл, нүгэл, сул дорой байдал, амьдралд нийтлэг тохиолддог өвчин эмгэг, гай зовлонгоос үнэхээр аварч чадах учраас Аврагч мөн.

Мариа, Иосеф хоёр авралын бүх хүчийг эзэмшсэн Түүний Хүү төрөх болно гэдгийг мэдээд, амьдралын тодорхой биш замаар айхгүйгээр замнахыг бидний Тэнгэрлэг Эцэг тэднээс хүссэн юм. “Бүү ай.” … Учир нь Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй” (Лук 1:30, 37) гэсэн энэ сургамжийг амьдралдаа бүр багаасаа сурч мэдэхийг Тэр бас биднээс хүсдэг.

According to Thy Word, Элспет Янг, хуулбарлаж болохгүй; зураг чимэглэлийг Стийв Кропп

Тэнгэр элч Мариад: “Бүү ай. … Учир нь Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй” гэв.

Тэрбээр биднийг үхэл, нүгэл, сул дорой байдал, амьдралд нийтлэг тохиолддог өвчин эмгэг, гай зовлонгоос үнэхээр аварч чадах учраас Аврагч мөн.

Миний хүсэл бус харин Таны хүсэл биелэгдэг, Харри Андерсон © Pacific Press Publishing Association, хуулбарлаж болохгүй; гэрэл зураг чимэглэлийг Маттью Рейер