2010
Тэжээлийн тэвшин дэх сүрэл
2010 оны Арванхоёрдугаар сар


Тэжээлийн тэвшин дэх сүрэл

“Сайныг үйлдэхэд мөн Бурханыг хайрлахад мөн түүнд үйлчлэхэд урьж мөн татдаг тэрхүү юм бүр Бурханаар нөлөөлөгддөг” (Moронай 7:13).

Майкл зөөлхөн, жижигхэн сүрлэн орыг цоо ширтэн харна. “Христийн Мэндэлсний Баярын урьд орой Есүс зөөлхөн, дулаахан ортой байгаа нь яасан сайхан хэрэг вэ” гэж тэр бодлоо.

Майкл өнгөрсөн долоо хоног тэжээлийн энэ жижигхэн тэвшинд жижиглэсэн хэсэгхэн сүрлийг нэг нэгээр нь хийсэн гэнэ. Энэ удаагийн Христийн Мэндэлсний Баяр өмнөх бүх баяраас хамгийн сайхан боллоо гэж Майкл бодов. Учир нь тэр одоо Христийн Мэндэлсний Баяр гэж чухам юу болохыг ойлгохоор том болсон ажээ.

Долоо хоногийн өмнө ээж нь Христийн Мэндэлсний Баяр гэж чухам юу болох тухай гэр бүлийн үдшийн хичээл заасан гэнэ. Есүс Христ бол Тэнгэрлэг Эцэгээс дэлхийд өгсөн хамгийн агуу бэлэг юм гэж ээж нь хэлжээ. Тэгээд тэр жижигхэн, хоосон тэжээлийн тэвш, нялх Есүсийн бяцхан дүрсийг хүүхэд болгондоо үзүүлсэн гэнэ.

“Ирэх долоо хоногт Тэнгэрлэг Эцэгт хариу бэлэг барих завшаан та нарт бүгдэд нь олдоно” гэж ээж нь хэлэв.

“Бид яаж хариу бэлэг өгөх юм бэ?” гэж Майкл асуулаа.

“Тэнгэрлэг Эцэгт та нарын барих бэлэг бол бусдад үйлчлэх явдал байх болно” гэж ээж нь хэлжээ. Та нар сайн үйлс бүтээх буюу өөр хэн нэгэнд туслах бүрд тэжээлийн тэвшиндээ сүрэл нэмж байна гэсэн үг. Та нар бусад хүмүүст хэдий чинээ нинжин сэтгэлээр хандана, Христийн Мэндэлсний Баярын өмнөх орой тэжээлийн тэвш төдий чинээ зөөлөн байх болно.”

“Тэгвэл би тэжээлийн тэвшиндээ хэнээс ч илүү их сүрэлтэй болж чадна!” гэж Майкл бодлоо.

Майкл маргааш нь сүрэл цуглуулж эхлэв.

“Ээж ээ, шал шүүрдэхэд чинь би тусалж болох уу?” гэж ээжийгээ гал тогооны өрөө цэвэрлэж байхыг нь хараад асуув.

Бяцхан эрэгтэй дүү нь тоглоомоо алга болгочихоод уйлж байхад нь “Бамбаруушаа олоход чинь ах нь тусалъя” гэв.

Аав нь замын цас арилгахаар хүрз авч гарахад “Би бас цас арилгамаар байна” гэв.

Хэдхэн хоногийн дотор Майклын бяцхан тэжээлийн тэвш огт өөр болж, сүрлээр пиг дүүрэв! Майкл бас өөрөө их өөрчлөгдсөнийг ажиглажээ. Бусад хүмүүсийн төлөө сайн зүйлс хийх нь түүнд таалагддаг болжээ. Учир нь ингэхийг Тэнгэрлэг Эцэг түүнээс хүсдгийг тэр мэдсэн ажээ. Заримдаа тэр хэн нэгэнд тусалж байхдаа тэжээлийн тэвшинд сүрэл нэмэхээ мартдаг болжээ.

Сайн зүйлс хийхэд санаа сэтгэл сайхан байдаг юм байна гэж Майкл бодлоо. Христийн Мэндэлсний Баярын өмнөх орой тэр баярын сүлд модны намуухан гэрлийн дэргэд зогсон бяцхан Есүсийг тэжээлийн тэвшиндээ зөөлхөн тавилаа. Тэжээлийн тэвш сүрлээр пиг дүүрчээ.

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг хайрладаг хайраа хамгийн сайнаар харуулж чадах зүйлээ хийснийг Майкл мэдэж байв. Энэ удаагийн Христийн Мэндэлсний Баяр хамгийн сайхан нь байлаа.

Зураг чимэглэлийг Жим Мадсен