2010
Жимсний цэцэрлэг дэх Христийн Мэндэлсний Баяр
2010 оны Арванхоёрдугаар сар


Биднийг дахин уулзтал

Жимсний цэцэрлэг дэх Христийн Мэндэлсний Баяр

Хүнд хүчир ажил хийхийн тулд Христийн Мэндэлсний Баяраар гэр орноо орхин явахад Хожмын Үеийн хэсэг Гэгээнтнийг юу өдөөсөн бэ? Мэндэлсэн өдрийг нь бидний тэмдэглэдэг Их Эзэнд үйлчлэх тэдний хүсэл.

Арванхоёрдугаар сарын сүүлчээр үүрийн үнэгэн харанхуйд хүйтэн манан навч нь унасан усан үзмийн моддыг бүрхжээ. Жимсний цэцэрлэг анир чимээгүй нам гүмхэн. Харин нэг л хэсэгт нь хүмүүс чанга дуугаар ярих сонсогдон, шажигнан асах түүдэг галын хурц гэрэл харагдана. Энэ бол Христийн Мэндэлсний Баярын өглөө, мөн энэ хөндийд өөр хаа нэгтээ хүмүүс дулаан орон дотроо дугжирч байгаа эсвэл Христийн Мэндэлсний Баярын сүлд моддын дэргэд цугларан сэтгэл нь догдолсон хүүхдүүдийг харж байгаа. Гэвч жимсний цэцэрлэгт цугласан цөөхөн хүнтэй бүлгээс бусад нь шүү. Тэд бэлэг өгөхөөр иржээ.

Та энэхүү бэлгийн утга учрыг ойлгохын тулд АНУ-ын Калифорнийн Мадера дахь жимсний энэ цэцэрлэг бол Сүмийн халамжийн үйлдвэрлэлийн системийн хэсэг гэдгийг мэдэх ёстой. Энэ хэсэг жил бүр 180,000 кг үзэм үйлдвэрлэдэг юм. Усан үзмийн хагас нь бишопын агуулахуудын тавиур дээр очдог ажээ. Үлдсэнийг нь дэлхий даяар хүмүүнлэгийн үйлчлэлд зориулдаг байна. Найман гадасны тойрог, салбарууд усан үзмийн хэсэг модыг хариуцан тордож, арчилдаг ажээ.

Нэг маш чухал ажил бол жимсний моддыг тайрах юм. Өнгөрсөн жил ургац өгсөн мөчрүүдийг тайрч, дараагийн ургац өгөх хэдэн модорхог ишийг үлдээдэг ажээ. Жимсний модыг ийнхүү жимсээ өгөөгүй үед тайрахгүй бол жимсний цэцэрлэг хэтэрхий шигүү ургадаг ажээ. Хэтэрхий олон усан үзэм үндсээ муутгадаг. Ингэсэн үед жимс давжаарч, ургац үлэмж буурдаг.

Яагаад Христийн Мэндэлсэн Баярын өдөр энэ ажлыг хийдэг вэ? Яагаад гэвэл тойргийн олон гишүүн эрхэлдэг ажил мэргэжлээрээ жимс тариалагчид бөгөөд усан үзмийн болон жимсний цэцэрлэг нь тэдний амь зуулгын эх сурвалж юм. Тэд жилийн энэ үед долоо хоногийн долоон өдөр ажилладаг. Тиймээс энэ бол хэдэн долоо хоногийн хугацаан дахь чөлөөтэй байдаг ганцхан өдөр юм. Тэд Христийн Мэндэлсний Баярыг энд Сүмийн жимсний цэцэрлэгт өнгөрүүлдэг ажээ. Өнгөрсөн 15 удаагийн Христийн Мэндэлсний Баяраас тэд 8-аар нь энд ирж ажиллажээ. Мадерагийн гуравдугаар тойргийн испаниар ярьдаг гишүүдийн хувьд энэ нь Эл Нино буюу Христ хүүхдэд барих тэдний бэлэг юм.

Энэ бол Их Эзэнээс тэдний авсан үй олон адислалын хариуд юухан хээхнийг ч болов өгч байгаа арга зам юм: “Бид тусламж хэрэгтэй гэр бүлүүдэд хэрэгтэй юм хийж байна. Бидний багаахан хувь нэмэр бусад хүмүүст агуу адислал болно” гэж ажилчдын нэг Мигель Чавез тайлбарлав. “Энэ бол Бурханы жимсний цэцэрлэг учраас энэ ажил бидний хийж болох хамгийн сайхан ажил мөн” гэж тойргийн өөр нэг гишүүн даруухнаар хэлэв.

Тийнхүү Христийн Мэндэлсний энэхүү онцгой өдөр Мадерагийн гуравдугаар тойргийн эдгээр гишүүд өөрсдийн хариуцсан жимсний моддыг тайрч, боож, уян, зэргэлдээх хоёр тойргийн хариуцсан моддыг дуусгажээ. Энэ бол Хаанд өргөн барих бэлэг ажээ.

Ховард Коллеттын гэрэл зураг