Миний хамгийн сайхан Христийн Мэндэлсний Баяр
Мортен Сондерсков, Дани
Намайг бага байхад нэг удаа арванхоёрдугаар сард ээж хүндээр өвчлөв. Ууж байсан эм нь ээжийг бүр ядрааж, тэр хоногт 18 орчим цаг унтдаг байлаа.
Ээж минь ганц бие байсан болохоор эгч бид хоёр чадах ядахаараа гэр орноо авч явахыг хичээж байв. Гэвч бид хоёр нас бага, туршлагагүй байсан болохоор юм бүхэн төдийлөн сайн биш байдаг байлаа. Ээжийг өвчтэй байсан хэд хоног бид ямар нэгэн идэх юм хайж байв. Гал тогооны өрөөгөө нэгжиж байтал хаалганы хонх дуугарав.
Манай тойргийн нэг эгч хоол барьчихсан үүдний амбаарт зогсож байв. Тэр бидний хэрэгцээг мэдээгүй атлаа хоол авчирсан юм. Ээж өвчлөөд хэр удаж байгааг, бид ийм урт хугацаанд ямаршуухан амь зууж байгааг тэр эгч асуув. Бид чадах чинээгээр л ээждээ анхаарал тавьж, гэр орноо авч яваагаа түүнд яриад, бидэнтэй хоол хүнсээ хуваалцсанд талархав.
Тэр эгч манайхаас явахдаа Нийгмийн Халамжийн Бүлгийн ерөнхийлөгчид утасдаж, бидний байдлын талаар мэдэгдлээ. Маргааш нь бас түүнээс хойш олон өдөр тойргийн гишүүд манайд хоол авчирч өгсөн. Бид маш их баяртай байлаа! Бид идэж дуусаагүй хоол хүнсээ хөлдөөж хадгалдаг байв. Тойргийнхоо энэрэнгүй сэтгэлийн үйлчлэлийн улмаас манайх дараагийн гурван сард идэх уухаар элбэг дэлбэг байлаа. Бусдын энэрэнгүй нинжин сэтгэл зөвхөн хоол хүнсээр дуусаагүй юм.
Христийн Мэндэлсний Баяр ойртсон үед ээжийн бие алгуураар сайжирч байсан ч хуучин байдалдаа эргэж орсонгүй. Копенхейгенаас (65 км холоос) манай авга ах ирж баярт бэлтгэхэд туслав. Авга ах маань чадах хэрээрээ бидэнд туслан, Христийн Мэндэлсний Баярын сүлд мод, баяр тэмдэглэх хоол хүнс авч өгөн, өгөөмөр сэтгэл гаргасан юм. Эгч бид хоёрт бас бэлэг өгөв. Эгч бид хоёр хариуд нь ээж, авга ах хоёртоо даруухан бэлэг худалдаж авав. Талархах ёстой зүйл бидэнд зөндөө байсан ч хүүхэд л юм хойно энэ удаагийн Христийн Мэндэлсний Баяр иймэрхүү болж өнгөрсөнд сэтгэл жаахан гундуухан байлаа.
Христийн Мэндэлсний Баярын урьд орой манай хаалганы хонх дуугарав. Цонхоор гадагш хартал хэн ч байсангүй. Хэн нэг нь тоглож байгаа юм болов уу гэж би бодлоо. Гэвч эгч юу ч гэсэн хаалга ойнгойлго гэв. Гэтэл үүдний амбаарт том сагстай юм байлаа. Дотор нь хүнсний болон бусад хэрэгцээт зүйлс бас хэдэн тоглоом байв. Айл андуураад энэ бэлгийг манай үүдэнд тавьчихаж гэж бид бодлоо. Бид хөршүүдээсээ энэ сагстай бэлэг тэднийх биш биз гэж асуухаар очсон ч тэд гэртээ байхгүй байлаа. Тэгтэл бүх бэлгэн дээр бидний нэр бичээстэй байхыг ажиглалаа. Тэр ч байтугай зарим юмыг манай авга ахад өгсөн байв. Хэн нэгэн нь бидний төлөө санаа тавьсан байх нь.
Манай гэр бүлд үзүүлсэн нэргүй өгөөмөр харамгүй сэтгэл баргар, гунигтай юм шиг санагдсан тэр жилийн Христийн Мэндэлсний Баярыг миний амьдрал дахь хамгийн сайхан Христийн Мэндэлсний Баяр болгосон юм. Бусдын нинжин сэтгэл, хайрыг мэдэрсэн тэр үеийн мэдрэмж өнөөдрийг хүртэл надад хэвээр байдаг билээ.