Бид Христийн тухай ярьж байна
Бэлэг
Миний дуртай Христийн Мэндэлсний Баярын дуунуудын нэг бол Ханделын Мессиа-гийн “Бидний төлөө хүүхэд төрлөө” дуулал юм. Энэ дуулал бол Христийн Мэндэлсний Баярын тухай бүхнийг сануулагч юм. Тэнгэр элч Габриел Мариад, “Ивээгдэгч ээ, баярла! Эзэн чамтай хамт байна” (Лук 1:28) гэхэд Мариад ямар санагдсан бол гэж би байнга боддог.
Мариа энэ үгэнд ихэд цочсонд тэнгэр элч цааш нь:
“Мариа, бүү ай: Чи Бурханы ивээлийг олжээ.
“Үзэгтүн, чи хэвлийдээ үртэй болж хүү төрүүлнэ. Түүнийг чи Есүс гэж нэрлэх болно.
“Тэр Хүү агуу нэгэн болох ба Хамгийн Дээдийн Хүү гэж дуудагдана. Эзэн Бурхан Түүнд өвөг Давидынх нь хаан ширээг өгөх болно:
“Тэр Иаковын гэрийг үүрд хаанчлах бөгөөд Түүний хаанчлалд төгсгөл байхгүй байна” (Лук 1:30–33).
Энэ нь ямар гайхамшигтай үйл явдал байсан бол! Мариад амлагдсан хүү бол Тэнгэрлэг Эцэгийн махан биеэр төрсөн Цорын Ганц болох учиртай байв. Энэ эмэгтэй Бурханы бүх бэлгүүдээс хамгийн агуу нь болох бидний Аврагч Есүс Христийг дэлхийд авчрахаар сонгогдсон юм.
Тэнгэрлэг Эцэг энэ бэлгийг залуу, хөгшин, баян ядуу бид бүгдэд өгсөн юм. Энэ бэлгийг бид дэлгүүрээр явж хайх хэрэг байсангүй. Энэ бэлгийг бидэнд сохор зоосны ч үнэгүй өгсөн юм. Мөн гялалзсан өнгөтэй боодлын цаасанд боож ирүүлээгүй. Бүхнээс үнэ цэнэтэй энэ бэлгийг өлгийний даавуунд өлгийдөж, тэжээлийн тэвшинд тавьсан байлаа. Тэнгэрлэг Эцэг энэ бэлгийг хайраараа бид бүгдэд илгээсэн юм.