Шинэ дэлхий дэх Христийн Мэндэлсний Баяр
Америк тивд Аврагчийн төрөлтийн тэмдэг—шөнийн турш харанхуй болоогүй нь итгэгчдийг аварсан юм.
Тэнгэрт нэг шөнө шинэ од гэнэт гарч ирвэл та ажиглах уу? Ажиглахгүй байх аа. Харин нар жаргасны дараа огт харанхуй болохгүй, өдөр дунд шиг гэрэлтэй шөнө болбол та лавтай ажиглана. Хэрэв тийм шөнө болсон бол, хэрэв та хотын хэрмэн дээр зогсон Бурханы Хүүгийн төрөлтийн агуу тэмдгүүд болон гайхамшгуудын тухай лемен хүн Самуел цугласан олонд ярьж байхад тэнд байсан бол ажиглахгүй өнгөрөхгүй нь лавтай. Хэрэв та Самуелын ярихыг сонссон бол тэмдгүүдийг харах нь гарцаагүй байсан биз.
Зарахемла уруу очсон Самуелын зорилго
Самуел бол Зарахемла уруу очиж нифайчуудад наманчлалд дуудахыг тэнгэр элч түүнд зарлиг болгосон лемен хүн байлаа. Мормоны Номонд цэдэглэснээр энэ үед Шинэ Дэлхийн түүхэнд чухамдаа леменчүүд илүү зөв шударга хүмүүс байсан бөгөөд иймээс ч тэдэнд бошиглогч хэрэгтэй байлаа. Хилэнцэт байдлаасаа эргэж Түүнийг дэлхийн Гэтэлгэгч хэмээн хүлээн авахад нэлээд цаг хугацаа хэрэгтэйг Их Эзэн мэдэж байсан нь эргэлзээгүй. Тиймээс Тэрээр Өөрийнх нь ирэлтэд хүмүүсийг бэлтгэхийн тулд Самуелыг таван жилийн өмнө илгээсэн хэрэг.
Самуел наманчлалыг номлохын хажуугаар Зарахемлагийн хүмүүст Есүс Христийн төрөлтийн тэмдгүүдийн талаар заахыг тэнгэр элчээр зааварлагдсан байлаа. Тиймээс Самуел таван жилийн дараа “түүний ирэлтийн үеийн тэмдэг; учир нь болгоогтун, тэнгэрт агуу гэрлүүд байх болно, үүний хэрээр түүнийг ирэхийн өмнөх шөнө харанхуй болохгүй, үүний хэрээр энэ нь хүмүүнд өдөр мэт үзэгдэх болно” (Хиламан 14:3) хэмээн мэдэгджээ. Энэ тэмдэг “[Их Эзэний] төрөхийн өмнөх шөнө” (Хиламан 14:4) тохиох болно гэж тэр хэлжээ. Самуел харанхуй болохгүй шөнийн тухай бошиглосноос гадна “та нарын хэзээ ч тийм нэгнийг болгоогоогүй тэрхүү нэгэн шинэ од …, гарахыг” (Хиламан 14:5) харах болно” хэмээн тэдэнд хэлжээ.
Итгэлтнүүдээр тохуурхав
Самуелыг бошиглосноос хойш тав орчим жилийн дараа итгэгчдийг дайснууд нь тохуурхан, “тэр цаг өнгөрсөн, мөн Самуелын үг гүйцэлдсэнгүй; тиймийн тул, энэ зүйлийн талаарх та нарын баясал болоод та нарын итгэл хоосон байжээ” (3 Нифай 1:6) гэлцэх болов. Тэр ч байтугай хэрэв заасан хугацаанд тэмдгүүд харагдахгүй бол итгэлтнүүдийг алахаар үл итгэгчид хуйвалдсан байв (3 Нифай 1:9-ийг үз).
Заасан таван жил ойртох тусам итгэсэн хүмүүс “улам гуньж эхлэв, яригдсан тэдгээр зүйлүүд ямар нэг байдлаар улиран тохиохгүй байхвий хэмээснээс бөлгөө” (3 Нифай 1:7). Гэвч “тэдний итгэл хоосон бишийг тэд мэдэж болохын тулд шөнө үгүй байсан мэт нэг өдөр лугаа адил байх тэрхүү өдөр мөн тэрхүү өдрийг тэд тууштайгаар ажиглан” (3 Нифай 1:8) хүлээсээр байлаа.
Бошиглол гүйцэлдэв
Итгэгчдийг үхэлд хүргэхээр товлосон өдөр ойртсоор байв. Түүний хүмүүс санаа зовох нь ихэссээр байсан учир бошиглогч Нифай Тэнгэрлэг Эцэгт хандан, “өөрийн хүмүүсийн, тийм ээ, эцэг өвгөдийнхөө уламжлалд итгэсний учир устгагдах гэж буй тэдний тусын тулд гуйв. [Мөн] тэрээр тэрхүү өдрийн туршид Их Эзэнд хүчтэйгээр залбиран гуйв” (3 Нифай 1:11–12). Их Эзэн Нифайд хэлсэн нь, “Тэргүүнээ өргөгтүн мөн урамтай байгтун; учрыг болгоогтун, цаг нь ойртлоо, мөн энэ шөнө тэмдэг өгөгдөх болно, мөн ариун бошиглогчдынхоо амаар өөрийн яриулсан бүгдийг би гүйцэлдүүлэх болно гэдгийг дэлхийд үзүүлэхээр маргааш бибээр дэлхийд ирэх болно” (3 Нифай 1:13). Тэр үдэш яг Самуелын угтан хэлсэн шиг, “нар шингэхэд харанхуй болсонгүй” (3 Нифай 1:15), Самуелын бошиглосон бүхэн тохиож, бүр нэгэн шинэ од харагдав.
Итгэхгүй байх шалтгаан үгүй
Христийн төрөлтийн үеэр өдөр мэт гэрэлтэй шөнө болсон тухай цэдэг Библид байдаггүй харин шинэ одны тухай дурдсан байдаг. Мэргэн хүмүүс (зурхайчид) энэ одыг харж, дагасаар нялх Христ дээр хүрч очсон тухай өгүүлдэг (Maтай 2:2, 9–10-ыг үз). Иудейн нутагт, зөвхөн хоньчид зэрэг цөөхөн хүмүүс Христийн төрөлтийн тэмдгүүдийг гэрчилсэн ажээ (Лук 2:8–18-ыг үз). Гэтэл Америк тивд “өрнөдөөс дорнодыг хүртэл, умард нутаг мөн өмнөд нутаг аль алинд нь бүх газрын гадаргуу дээрх бүх хүмүүс” (3 Нифай 1:17) тэмдгүүдийг харж, “Бурханы Хүү удахгүй үзэгдэх ёстойг” мэджээ.
Шинэ Дэлхий дээр Аврагчийн төрөлтийн тэмдгүүдийг яагаад өдий олон хүмүүс гэрчилсэн юм бол? Самуелын үгсэд зарим тайлбар байдаг нь: “Эдгээр тэмдгүүд мөн эдгээр гайхамшгууд энэ нутгийн бүх гадаргуу дээр тохиох болно гэдэгт тэд итгэж болох зорилгын тулд, хүмүүний үрсийн дунд итгэлгүйн ямар ч шалтгааныг байлгахгүй хэмээх зорилгын тулд олон нь эдгээрээс илүү агуу зүйлсийг харна хэмээн тэнгэр элч надад хэлэв” (Хиламан 14:28; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн) гэсэн үгс юм.
Хожмын үе дэх аврал
Харанхуй болоогүй шөнийн дараа тэнгэрт нар дахин мандахад хүмүүс “энэ нь Их Эзэний төрөх өдөр байсныг өгөгдсөн тэмдгийн учир тэд мэдсэн ажгуу” (3 Нифай 1:19). Тэрхүү агуу баяр хөөрийг төсөөлөн бод доо! Итгэгчид аврагдав. Тэдний амь нас үл итгэгч дайснуудынх нь гарт эрсдэхээс аврагдав. Тэд сүнслэг байдлын хувьд бас аврагдсан юм. Учир нь Бурханы Хүү Цагаатгалаараа дамжуулан хүн төрөлхтнийг нүглээс нь аврахын тулд дэлхийд ирсэн юм.
Бид Христийн Мэндэлсний Баярыг ердөө чөлөөлөлтийн баяр, Израилын хүүхдүүдийг Египетийн боолчлолоос чөлөөлснийг тэмдэглэдэг иудейчүүдийн Дээгүүр өнгөрсний баяр шиг тэмдэглэдэг гэж бодож болохгүй. Гэвч Шинэ Дэлхий дэх итгэгчдийн хувьд Аврагчийн төрсөн өдөр нь чөлөөлөлтийн өдөр байлаа.
Та нар энэ жил Христийн Мэндэлсний Баярыг тэмдэглэхдээ Америк тивд болсон үйл явдлуудыг мөн дэлхийн нөгөө хагаст Аврагчийн төрсөн газарт болсон үйл явдлуудыг санаарай. Хэдийгээр Түүний төрөлт бүх хүн төрөлхтөнд сүнсний чөлөөлөлтийг авчирсан ч чухамдаа Шинэ Дэлхий дэх тууштай хэсэг итгэгчдийг үхлээс чөлөөлсөн юм. Түүнийг өөрсдийн Их Эзэн, Аврагч хэмээн хүлээж авдаг бүх хүмүүст Түүний төрөлт чөлөөлөлтийг санал болгосон хэвээр байна.