2010
Асуулт, хариултууд
2010 оны Арванхоёрдугаар сар


Асуулт, хариултууд

“Судар унших хүсэл эрмэлзэлтэй байх нь надад хэцүү байдаг. Өөрийгөө хэрхэн судар унших хүсэл эрмэлзэлтэй болгох вэ?”

Судар судлах нь эхлээд хэцүү байж болох юм. Мэдвэл зохих өдий төдий үзэл баримтлал, огт үл мэдэх харийн олон хүмүүс, газар нутаг судруудад гардаг. Гэвч судруудыг шимтэн судалбал үр дүн нь агуу байх болно.

Бошиглогч Алмагийн дүрсэлсэн туршилтыг туршиж үз (Aлма 32:27–34-ийг үз). Хэрэв та амьдралдаа Бурханы үгийг “байрлуулбал” энэ нь оюун ухааныг тань өргөжүүлж, ойлголтыг тань гэгээрүүлэх болно хэмээн тэр заасан юм. Энэ нь судар унших хүсэл эрмэлзлэлийг тань өдөөх болно. Учир нь Бурханы үг танд амтат байх болно гэж Алма амласан билээ (Aлма 32:28-ыг үз).

Судар унших хүсэл эрмэлзэлтэй болох өөр нэг арга зам бол судар судлахаас ирдэг олон адислалыг эрэлхийлэх явдал мөн:

  • Судруудыг чин сэтгэлээсээ тогтмол судлах нь Сүнсийг амьдралд чинь урьж, асуултуудад тань хариулан, цэвэр ариун бодол санаатай байхад тань туслан, бусдад үйлчлэх хүсэл эрмэлзлэлийг төрүүлнэ. Мөн илүү үр өгөөжтэй залбирахад тань тусалж, Есүс Христ болон Сэргээлтийн тухай гэрчлэлийг тань төлөвшүүлэх болно.

  • Судрууд хэрхэн итгэлтэй болохыг, Ариун Сүнсийг хэрхэн танихыг мөн хэрхэн наманчлахыг танд заах болно. Бидэнд яагаад Аврагч хэрэгтэйг, сөрөг тал яагаад зайлшгүйг, яагаад энэ дэлхий бүтээгдсэнийг гэхчлэн үй олон зүйлийг судрууд танд заах болно.

Та эдгээр адислалуудыг хүртсэнээр судар уншихад өөрийгөө албадах хэрэггүй болно. Харин судар уншихыг эгээрэн хүсэх болно.

Судруудад хариулт байдаг

Та 2 Нифай 32:3-ыг уншсанаар яагаад бид судар уншиж, судлах хэрэгтэйг тэр даруй ойлгож чадна. Судруудад бидний асуултуудын бүх хариу байдгийг би мэднэ! Судрууд бидэнд төгөлдөржилт өөд өсч хөгжихөд туслахын төлөө өгөгдсөнийг бид ойлгох ёстой. Төгөлдөржилт бол энэ амьдралын зайлшгүй чухал хэсэг мөн. Бид бүгд өдөр бүр хэдэн минутыг судар уншихад зориулж гаргадаг байх ёстой.

Сергей К., нас 21, Новосибирск, Орос

Хүчтэй гэрчлэл

Манай Залуу Эмэгтэйчүүдийн ерөнхийлөгч Хувийн хөгжил дэвшил дээрээ ажиллахыг надад зөвлөх хүртэл би судар уншдаггүй байлаа. Хувийн хөгжил дэвшил хөтөлбөрийн дагуу би судруудыг хэдэн долоо хоногийн турш өдөр бүр унших ёстой байв. Анх ингэж уншсаны дараа би судар уншихаа хэзээ ч орхиогүй. Хувийн хөгжил дэвшил буюу Бурханы өмнө хүлээсэн үүрэг дээрээ сайн ажиллахыг би та бүхэнд зөвлөж байна. Судруудыг дахин дахин шимтэн унш, тэгвэл зүрх сэтгэлдээ гарсан өөрчлөлтийг харах болно. Гэрчлэл чинь илүү бат бөх болохыг та бүхэн харах болно гэдгийг би ямар ч эргэлзээгүйгээр хэлж байна.

Паола С., нас 16, Кортес, Гондурас

Ойлгохын төлөө залбир

Сургууль дээр надад төсөл, даалгавар гээд олон ажил үүрэг байдаг ч би тэдгээрийг хойш тавьж байгаад хамгийн түрүүнд судар уншдаг. Би Бурханы үгийг ойлгохын төлөө Ариун Сүнсийг урихын тулд залбирлаар эхэлдэг. Семинарын гарын авлагуудын тусламжтайгаар миний судар унших хүсэл эрмэлзэл улам өсөн нэмэгдсээр байна.

Элиезер Н., нас 16, Айлокос Норте, Филиппин

Бурханы хуяг дуулга

Аливаа дадал хэвшлийг хөгжүүлэх түлхүүр бол хүсэл эрмэлзэл юм. Өдөр болгон уншиж байхыг хүсэл эрмэлзлээ болго. Судар унших хуваарь гаргаж, өдөр бүр тогтсон тодорхой цагт уншиж байхыг хичээ. Энэ нь хэвшил бий болгоход тань тусална. Судар унших нь Бурханы хуяг дуулгыг өмсөхтэй адил юм. Та нар хуяг дуулгагүйгээр тулалдаанд орохгүй биз дээ. Нүгэлт дэлхий уруу Бурханы хуяг дуулгагүйгээр бүү ор. Өөрийгөө хамгаалахын тулд судар унш.

Андрю Ж., нас 18, Мейн, АНУ

Хүн бүхэнд хэрэгтэй зүйл

Судруудад юу байдаг тухай бодох нь надад тусалдаг. Судруудад зөвхөн сайн мэдээ, Христийн сургаалууд болон зарлигууд агуулагддаг төдийгүй тэдгээр нь ялангуяа Мормоны Ном нь дайн тулалдаан, эрэлхэг баатрууд, сайн ба муу хүмүүсийн тухай адал явдлаар дүүрэн ном юм. Судруудад хүн бүрд зориулагдсан ямар нэг зүйл байдаг.

Ийв В., нас 15, Невада, АНУ

Зүгээр л нэг ном биш

Судруудыг семинарын хичээлд зориулж эсвэл унших шаардлагатай ном гэж бодох ёсгүй. Та тэндээс Бурханы үгийг уншина. Сударт адал явдал, гай зовлон, дайн тулалдааны тухай өгүүлдэг. Судрууд нь Есүс Христ бол бидний Аврагч бөгөөд Тэрээр бидний төлөө цусаа урсгаж, бидний төлөө үхсэнийг гэрчилдэг. Түүний бурханлиг чанарын тухай бошиглогчид бошиглодог байв. Тэднээс олон нь үнэн гэдгийг нь мэддэг байсан зүйлээ үгүйсгээгүйн улмаас үхсэн юм. Тэдний итгэл гуйвшгүй бат бөх байлаа. Бид бүгд тэдний адил итгэлтэй байхыг хичээх ёстой.

Калеб Л., нас 14, Юта, АНУ

Тэр чамтай ярилцахыг хүсдэг

Тэнгэрлэг Эцэг маань чиний асуусан асуулт болгонд хариулдаг. Чиний хийвэл зохих цорын ганц зүйл бол судруудыг уншиж, амьдралдаа хэрэгжүүлэх явдал мөн. Тэнгэрлэг Эцэг өөртэй чинь ярилцаж, залбиралд чинь хариулахыг хүсдэгийг мэдэх нь Түүнийг судруудаас өдөр бүр эрж хайхад чинь туслах болно. Түүний үгийг дагаснаар амьдрал чинь дээшилж, хоргодох газар, амар тайван байдлыг олох болно. Түүний дуу хоолойг сонссоноор чи аз жаргалтай байх болно.

Элберт Р. нас 18, Айкстапалука, Мексик

Унших зуршлыг бий болго

Зуршил бий болгох нь маш их ашиг тустай. Бага багаар эхэлж, өдөр бүр нэг юм уу хоёр бүлэг уншиж болно. Ингэвэл удалгүй судар унших зуршилтай болно. Би ихэвчлэн орой бүр судрын хоёр бүлэг уншиж, нэг дуулал дуулдаг. Энэ зуршил миний сэтгэл санааг өргөж, дараагийн өдөр юу болох тухайд намайг өөдрөг үзэлтэй болгосон юм. Иймээс би семинарын хичээлүүдийг илүү сайн ойлгодог болсон. Судрууд бол адислал мөн. Тэдгээрийн давуу талыг ашигла.

Тейлор К., нас 15, Вашингтон, АНУ

Амьдралын чинь зөвлөгч

Судрууд бидний туулдаг бэрхшээл сорилтуудтай адил зүйлстэй тулгарч даван туулсан хүмүүсийн туршлагуудыг өгүүлдэг. Судар уншиж эхлэхдээ залбирал хэлж, амьдралдаа ашигтай зөвлөгөөг тэндээс олно гэсэн итгэлтэй бай. Судрууд бол Тэнгэрлэг Эцэг Өөрийн хүүхдүүдтэйгээ харилцдаг арга хэрэгслүүдийн нэг юм. Бид судруудаас бүх төрлийн хүнд сорилтуудыг даван туулах хүч чадлыг олдог бөгөөд сайн заавар хүлээн авсан үед муугаас сайныг ялган танихад амжилт олж, Сатаны урхинаас зайлсхийх болно.

Андерсон Ф., нас 19, Сан Пауло, Бразил