2012
Аавын гутал
2012 оны нэгдүгээр сар


Аавын гутал

Присила Коста Завиер, Сан Пауло, Бразил

Хэдэн жилийн өмнө аав, ээж хоёр тусламж хэрэгтэй хүмүүст хандивлах гутал хувцас, бусад юмсыг цуглуулахад Нийгмийн Халамжийн Бүлэгт тусалж байх үеэрээ бөөн хувцас хунарын дотор тун дажгүй сайн нэг хос гутал байхыг ажиглажээ. Тэр агшинд нөгөөх гутлыг авч хадгалах юмсан гэсэн хүчтэй бодол аавд төрсөн гэнэ.

Ээж инээд алдаад, “Энэ гутал чиний өмсдөгөөс гурван размераар бага юм байна шүү дээ. Огт таарахгүй!” гэжээ.

Гэвч аав дахин дахин шалсаар байж. Эгч нар хэдэнтээ наргиа үгс хэлсний дараа нөгөөх гутлыг авч хадгалахыг аавд зөвшөөрсөн ажээ.

Аав гэртээ ирмэгц авчирсан гутлаа тослон, дотор нь сонин чихэж, хайрцганд хийгээд шүүгээн дээрээ тавьлаа. Хайрцганд хүрч болохгүй гэж бидэнд анхааруулав. Тэр гутал таван жил нөгөөх газраа байсаар байв.

Нэг өдөр манай зэргэлдээх байшинд нэг айл нүүж ирлээ. Тэднийх хоёр охин, зургаан сартай нэг жаалтай айл байлаа. Эгч бид хоёр тэдний хоёр охинтой тэр дороо найзууд боллоо. Тэр хоёр охин бидний үе чацуутнууд байв. Бид сүм дээр сурч мэдсэн зүйлээ шинэ найз нартайгаа хуваалцдаг байснаас гадна тэднийг Хүүхдийн Хэсэгтээ урьлаа. Тэд сэтгэл догдлон, бидний хуваалцсан зүйлийн талаар илүү ихийг мэдэх хүсэлтэй байв.

Тэд Хүүхдийн Хэсгээс гэртээ ирсний дараа Сүмийн тухай аав, ээжтэйгээ зогсолтгүй ярилцдаг байлаа. Манай аав ээж хоёр тэднийхийг бүгдээрээ номлогчдын хичээлүүдийг сонсож, сүмд явахыг урив. Тэднийхэн урилгыг баяртай хүлээж авлаа. Номлогчдын хичээл тэдэнд таалагдсан учир бид тэдэнтэй хамт сүмд явахдаа баяртай байв.

Гэвч хагас сайн өдөр болоход тэдний охид нэг л уруу царайтай харагдав. Юу болсон тухай биднийг асуухад аав, ээж хоёр нь сүмд явахгүй гэж байна гэж охид хариулав.

Бид хоёр санаагаар унаж, аавыг тэдний эцэг эхтэй яриач гэж гуйлаа. Аав сүмд явснаас ирдэг адислалуудын тухай тэдэнд ярихад, тэдний аав, “Тийм ээ, би энэ бүхний тухай мэднэ. Асуудал нь юу гэвэл би удаан хугацаанд гүйлтийн энэ шаахайнаас өөр гутал өмсөж элээгээгүй хүн. Гэтэл Сүмийн цуглаанд сайхан хувцаслаж явах ёстой шүү дээ” гэж хариулжээ.

Тэр агшинд аав ээж уруу харлаа. Ээж яах ёстойгоо тэр дор нь ойлгосон юм. Аавын шургуулгатай шүүгээн дээрх хайрцаганд байсан гутал найз охидын маань аавд яг таарч, тэднийхэн бүгдээрээ сүмд явж билээ. Тэр ням гараг тэдэнд ч, бас бидэнд ч гайхалтай сайхан байлаа. Тэд удалгүй Сүмийн гишүүд болсон. Өнөөдөр тэд мөнхийн сайхан гэр бүл болоод байгаа.

Тэр гутлыг авч хадгалах удирдамжийг аав Ариун Сүнснээс хүлээн авсныг би мэднэ. Үүний үр дүнд сайн мэдээг сонсоход бэлэн байгаа гэр бүлүүдийг эрж олох удирдамжийг би Түүнээс байнга эрэлхийлдэг билээ. Тэрбээр гэр бүлүүдийг бэлтгэдгийг, мөн бид тэднийг эрж олон Христэд авчрах хэрэгтэйг би мэднэ.