2012
Мормоны Номоо унш
2012 оны нэгдүгээр сар


Мормоны Номоо унш

Жювелин Картер, Виржини, АНУ

Бид хоёр баяр хөөрөөр бялхана даа бодож байсан ч, сэтгэл зүрхэндээ гуниг тээж, гар хоосон буцаж ирлээ. Дебра Каилия Картер 2010 оны 4-р сарын 26-нд төрөх ёстой өдрөө мэндэлсэн ч, амьгүй төрсөн юм.

Бид гэртээ орж ирээд Дебраг эмнэлэг дээр өргөж, тэврэхэд ашигладаг байсан жижигхэн ягаан хөнжлийг гаргаж ирлээ. Намайг сэтгэлийн шаналгаагаа дарах гэж буйдан дээр сууж байтал, манай хоёр настай хүү хоосон хөнжил уруу хүрч ирэн, “Сайн уу, бяцхан дүү минь. Чамдаа хайртай шүү” гэж шивнэв.

Нүүрийг минь даган нулимс урсахад би эргэн харж суулаа. Эргэж хараад суутал хананд өлгөөтэй байгаа Найз сэтгүүлийн нэгэн үзүүлэнгийн: “Бидний Тэнгэрлэг Эцэг ганцхан залбирлын зайтай, харин Ариун Сүнс шивнэх төдий зайд оршдог” гэсэн үгсийг олж харлаа.1

Би эрч хүчтэй, нам гүмхэн залбирлаар зүрх сэтгэлийнхээ үгсийг Бурханд хандан юүлж эхэллээ. Тэгээд залбирсныхаа дараа “Мормоны Номоо дахин унш” гэж Ариун Сүнс шивнэхийг мэдэрлээ. Номыг уншиж дууссан ч нөгөөх мэдрэмж болон сүнсний өдөөлт тодоос тод мэдрэгдэж байлаа.

Маргааш өглөө нь би эрт босч Мормоны Номоо уншиж эхлэв. Итгэл, залбирал, найдвар, Есүс Христийн зан чанар, сайн мэдээг номлох болон Их Эзэний дуу хоолойг анхааран сонсох тухай бүх хэсгийг харандаа, самбарын үзгээр тодруулан зурлаа. Нифай, Инос, Моронай болон Мормоны Номын бусад бошиглогчид сорилт бэрхшээлүүдийг даван туулахын тулд хийдэг байсан зүйлийг хийх ёстойгоо би мэдсэн юм. Мөн хүнд бэрх цагт тэдний амьралд дүүрэн байсан Аврагчийг хайрлах хайраар би энэ бүхнийг хийх ёстой.

Би ийнхүү өдөр бүр хувиараа судар судлах явцдаа Их Эзэний мутар агуу хайраараа намайг тэвэрч байсныг, тэрчлэн бүхний төлөө Түүний цагаатгагч золиослолын хүчийг мэдэрдэг байлаа. Сүнс надтай ярьж, амар амгалан намайг эзэмдэн, эрч хүчтэй залбиралд минь хариу ирж билээ. Уншсан үгсээ тунгаан бодсон нь уй гашуу, уйтгар гуниг тохиосон үед надад хүч чадал өгсөн юм.

Нэг өдөр дараах үгсийг уншсан үед Сүнс намайг баяр баяслаар дүүргэж билээ:

“Би бага насны хүүхдүүдийг төгс хайраар хайрладаг; мөн тэд бүгдээр адилхан мөн авралыг хүртэгсэд бөлгөө. …

“Бага насны хүүхдүүд … түүний нигүүлслийн улмаас [Бурхан дотор] бүгд амьд юм. …

“Учир нь болгоогтун бүх бага насны хүүхдүүд Христээр амьд юм” (Moронай 8:17, 19, 22; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн).

Би охиноо Христ дотор амьд, инээмсэглэн, аз жаргалаар дүүрэн, Түүний гарт тэврүүлсэн байхыг нь харсан юм шиг мэдрэмж төрж билээ. Тэр үеэс хойш би тэвчих хүчийг, гэр бүлийнхээ төлөө бие сэтгэл бүхнээ зориулах шинэ итгэл найдварыг мэдэрдэг болсон юм. Хэрэв бид Цагаатгалаас, судруудаас, амьд бошиглогчдын үгсээс, тэрчлэн ариун сүмийн гэрээнүүдээрээ дамжуулан бие биенээсээ чанга зууран барьвал, мөнхийн гэр бүл болж дахин нэгдэх болно гэдгийг би мэдэж байлаа.

Есүс Христийн тухай, Тэрээр бидний төлөө юу хийснийг болон юу хийдгийг, бид Түүнтэй адилхан болохын тулд юу хийх ёстой тод томруун гэрчилдэг Мормоны Номонд би дуртай. Мормоны Ном миний амьдралд гэрлийг авчирч, зүрх сэтгэлийг минь Христэд найдах найдвараар дүүргэсэн юм.

Эшлэл

  1. Элайн С.Далтон, “At All Times, in All Things, and in All Places,” Лиахона, 2008 оны 5-р сар, 118-аас авав.