2012
Мэргэжилтнээс суралцсан нь
2012 оны нэгдүгээр сар


Биднийг дахин уулзтал

Мэргэжилтнээс суралцсан нь

Мэс заслын оюутан байх үед надаас илүү ур чадвартай хэн нэгэн миний дэргэд үргэлж байдаг байлаа. Бурханы хүүхэд учраас надад ч гэсэн ийм ур чадвар эзэмших боломж бий.

Мэс засалчийн хувьд мэргэжлийн ур чадвараа хэрхэн эзэмшсэнийг надаас олон хүн асуудаг. Хүн мэс засал хэрхэн хийх тухай хичээл заалгасны дараа яаж хийдгийг харж аваад, тэгээд л мэс засал хийхэд бэлэн болдог гэж зарим хүмүүс боддог. Мэргэжил, ур чадвар эзэмших талаар: хар, хий тэгээд заа гэсэн нэгэн егөөдөлтэй үг байдаг. Гэвч амьдрал дээр огт ийм байдаггүй.

Би мэргэжлийн мэдлэг, ур чадвараа тэвчээртэй, чадварлаг олон эмч нарын удирдлагаар олж авсан юм. Эхний үед тэдний мөрөн дээгүүр хардаг байснаа дараа нь ойртож очин мэс засал яаж хийдгийг хардаг байсан. Бүтэн жил ажигласны дараа мэс засалчийн “баруун гарын туслах” болоход тусалсан жижиг сажиг даалгавруудыг надад өгдөг болсон юм.

Дараа нь дахиад нэг жил мэс засалчийн ширээний нөгөө талд зогсож, энгийн мэс засал хийхэд түүний баруун гарын туслах болж ажиллав. Түүнээс хойш дахиад нэг, хоёр жил өнгөрсний дараа илүү нарийн төвөгтэй мэс заслуудад түүний баруун гарын туслах байхыг надад зөвшөөрсөн юм. Дараа нь туршлагатай мэс засалч миний баруун гарын туслахаар ажиллах үед би ивэрхийг засах мэтийн хамгийн энгийн мэс ажилбаруудыг гүйцэтгэдэг байлаа.

Анагаах ухааны сургууль дүүргэснээс хойш долоон жил дагалдан суралцсаны сүүлчийн жил нь туршлагатай мэс засалч миний баруун гарын туслахаар ажилласан үед нарийн төвөгтэй мэс заслуудыг хийхийг надад зөвшөөрсөн юм. Хамгийн агуу багш нар юуг яаж хийх хэрэгтэйг энгийн бөгөөд тодорхой арга замаар—мөн л тийм дагалдан суралцах үйл явцаар дамжуулан сурснаа надад харуулсан учраас тэд мэс заслыг гарамгай сайн хийж чаддагийг би ойлгосон билээ.

Суралцах үйл явц дуусч бие даан мэс засал хийдэг болох хүртэл миний баруун гарын туслах байсан мэс заслын авьяаслаг мэргэжилтнүүдийн гайхалтай удирдлагын ач тусыг би бүрэн дүүрэн дүрслэх аргагүй юм. Гэвч эдүгээ 30 жилийн дараа, надад тэвчээртэйгээр зааж, харуулж, засч залруулдаг байсан тэдний ур чадварыг өдөр бүр ашиглах явцдаа би багш нараа оюун ухаандаа дурсан санадаг билээ.

Сайн мэдээний зарчмуудад суралцах нь үүнээс ялгаагүй юм. Бид гарамгай тэвчээртэй нэгэн Багшийн туршлагаас шат шатаар заалгадаг билээ. Бид Түүнд найдан, үлгэр жишээг нь дагаж, удирдамж хүсэхэд Тэнгэрлэг Эцэг маань Ариун Сүнс, амьд бошиглогчдын үгс, судрууд болон хайраа харуулан үйлчилдэг бусад хүмүүсээр дамжуулан биднийг удирдамжаар адисалдаг. Зүйрлүүлбэл, бид итгэлээ бэхжүүлэхийн хэрээр Залуурч бидний замыг бартаагүй болгож, хэрэгтэй залруулга өгч, асуултуудад хариулан, үүнд зохистой байхын хэрээр бидэнд улам илүү их итгэл найдвар хүлээлгэн бидний дэргэд байдаг.

Мэс заслын зарим оюутан бие дааж ажиллан, юмсыг өөрийнхөөрөө хийхийг хүсдэг. Үүн лүгээ адил бид заримдаа Залуурчийнхаа тусламжгүйгээр ажиллах гэж оролддог. Гэвч би мэс засалчаар ажилласан олон жилийн турш, тэр байтугай одоо ч гэсэн, ялангуяа хүний амь хутганы ирэн дээр дэнжигнэж байгаа эгзэгтэй үед өөрөөсөө илүү туршлага, мэдлэгтэй баруун гарын туслахынхаа ур чадварыг үргэлж үгүйлэн санадаг билээ.

Сайн мэдээн дэх бидний өсөлт хөгжилт мөнх бус байдлын өмнөх амьдралд эхэлж, эдүгээ энэ дэлхийд үргэлжилж байгаа бөгөөд мөнх бус амьдрал төгссөний дараа ч урт удаан хугацаанд үргэлжлэх нь эргэлзээгүй юм. Гэвч бидний туршлагын бүх үе шатанд Аврагч бидний өмнө явж, амжилтанд хүрэхэд шаардлагатай ур чадваруудыг харуулдаг. Мөн Тэрбээр Өөртөө болон Өөрийнхөө мэдлэг туршлагад найдвар тавихад бүх хүмүүсийг урьдаг билээ.

© iStockphoto-гийн гэрэл зураг

Хэвлэх