2012
Гэрээнүүдийг сахих нь: Номлолд үйлчлэх хүмүүст өгсөн захиас
2012 оны нэгдүгээр сар


Гэрээнүүдийг сахих нь

Номлолд үйлчлэх хмүүст өгсөн захиас

1997 оны 4-р сарын 25-нд номлогчдод зориулсан хиймэл дагуулын нэвтрүүлэгээр хэлсэн үгнээс.

Зураг
Ахлагч Жеффри Р.Холланд

Энэ ажлын голт зүрх бол бид гэрээнүүдээ сахих явдал мөн. Бид бурханлаг байдлын хүчийг өөр юугаар ч харуулж чадахгүй.

Гэрээнүүдээ сахихын чухлыг, тухайлбал би өөрийн гэрээнүүдийг, харин та нар өөрсдийнхийгөө сахих нь агуу ач холбогдолтой тухай би та нарт ярья. Дуулгавартай байдал бол энэ сэдвийн нэг хэсэг гэдэг нь тодорхой хэдий ч энэ сэдэв бол дуулгавартай байдлын талаар ярилцахаас илүү чухал юм. Үүний сацуу энэ нь нэн хувийн шинжтэй сэдэв.

Энэ нь нэг талаараа сайн мэдээний төлөвлөгөөн дотор бидний ярилцах үндсэн тулгуур асуудал юм. Учир нь гэрээ хийгчид болон түүнийг сахин биелүүлэгчид нь селестиел хаант улсын дээд адислалуудын төлөө байдаг. Тийм ээ, бид гэрээг сахих тухай ярихдаа үхэшгүй байдал дахь өөрсдийн үндсэн гол зорилгын тухай ярьдаг.

Нэг удаа нэг гэрээ хийснээр хаант улсыг байгуулах нь

Гэрээ гэдэг бол сүнслэг байдлын талаар үүрэг хүлээсэн гэрээ, бид тодорхой нэг арга замаар—Түүний Хүү, Их Эзэн Есүс Христийн замаар амьдарч, бодож сэтгэн, үйлдэх болно хэмээн Бурхан Эцэгтээ хийсэн ариун амлалт юм. Эцэг, Хүү, Ариун Сүнс гурав түүний хариуд мөнх амьдралын бүрэн алдар сууг бидэнд амладаг.

Гэрээнүүдийг хүмүүс хувиараа хийдэг нь миний хувьд сонирхолтой юм. Баптисм болон гишүүний баталгааны үед хийгддэг гэрээ биднийг мөнх амьдралын зам дээр гаргадаг. Эдгээр ёслолуудыг хүлээн авах хүмүүс хэчнээн олон байсан ч, тэдэнд нэгбүрчлэн тус тусад нь гүйцэтгэдэг билээ.

Эрэгтэйчүүд санваар авах үед хийдэг гэрээ байдаг. Санваарыг хүнд ямагт тусад нь мөн нэг л удаа олгодог.

Хамгийн дээд гэрээнүүдийг бид ариун сүмд хийдэг. Ариун сүм бол бид Тэнгэр дэх Эцэгтээ хамгийн ариун амлалт хийдэг газар, бас Тэрбээр бидэнд өгдөг амлалтуудынхаа жинхэнэ утга учрыг илүү бүрэн дүүрэн нээдэг газар юм. Дахин хэлэхэд, эдгээр нь хувь хүний, тухайлбал бид бусад хувь хүмүүстэй лацдан холбуулахаар ариун сүмд очсон үед ч хувь хүний туршлага байдаг.

Тийнхүү, нэг хүн нэг удаа нэг ёслол, нэг удаа нэг гэрээ хийх замаар мөнх бус байдалд бидний хийдэг аялал ариун сүмд хийгддэг эцсийн гэрээнүүд уруу хөтөлдөг.

Ариун сүмийн гэрээнүүдийн үүрэг

Хувийн хишгээ, түүний дотор гайхамшигтай ёслолуудыг хүлээн авахын тулд ариун сүмд явах нь уг хишигт өөрийг тань бэлтгэдэг бөгөөд энэ нь номлолын бэлтгэлийн тань нэг хэсэг, номлолд явах шийдвэр төгс байдлын тань илрэл гэдгийг ойлгох нь та нарт туйлын чухал юм.

Та нар ариун сүмд очоод ариун сүмийн гэрээнүүдийн ач холбогдлыг мөн ариун сүмд авдаг хувийн хишиг номлолын амжилт хоёр чинь хоорондоо салшгүй холбоотойг ойлгох болно.

Чухамдаа ариун сүмийн хишиг гэдэг үг энэхүү амин чухал холбооны гол шижим юм. Ариун сүмийн хишиг бол бэлэг. Энэ бол гэр бүлийн амьдралаа шинээр эхэлж байгаа хуримласан хост өгдөг онцгой бэлэг гэсэн утгатай юм. Би Бригам Янгийн Их Сургуулийн ерөнхийлөгч байхдаа өгөөмөр сэтгэлт хандивлагчдын бэлгүүдээс их сургуулийн байнгын сан бий болгоход тодорхой цаг заваа зориулсан юм.

Энэ бол бид Түүнтэй гэрээ хийх бүрд бидний төлөө Бурханы хийдэг зүйл юм. Тэрбээр бидэнд хишиг хүртээдэг. Бид уг ёслолд холбогдох зарим тодорхой зүйлийг амладаг бол Тэрбээр хариуд нь өгүүлшгүй гайхамшигтай, бараг хүмүүний ой тойнд багтамгүй, эрхэм дээд баялгийг бидэнд амладаг билээ. Хэрэв бид дуудлагадаа үнэхээр амжилт гаргахыг хүсвэл, хэрэв бид Тэнгэр дэх Эцэгээс ирдэг тусламж, давуу тал, адислал бүрийг авч чадвал, хэрэв бид бурханлаг байдлын хүчийг хүлээн авахын тулд тэнгэрийн хаалга бидэнд нээлттэй байхыг хүсвэл, гэрээнүүдээ сахих ёстой гэдгийг би өөртөө ч бас та нарт ч хэлж байна!

Энэ ажлыг та нар ганцаараа хийж чадахгүйг мэднэ. Бидэнд тэнгэрийн тусламж хэрэгтэй; бидэнд Бурханы бэлгүүд шаардлагатай. Тэрбээр үүнийг энэ эрин үе дэх ажлын эхэнд заасан юм. Их Эзэн “Сионы гэтэлгэлийн” тухай ийн заасан юм:

“Тэд өөрсдөө бэлтгэгдэхийн тулд, мөн миний хүмүүс илүү сайнаар заалгаж, мөн туршлагатай болж, мөн өөрсдийн үүрэг, мөн тэдний гараас миний шаарддаг зүйлүүдийн талаар илүү төгс мэдэхийн тулд буюу.

“Мөн миний ахлагчид тэнгэрийн хүчээр хишиг хүртээгдэх хүртэл энэ нь улиран тохиохоор авчрагдаж чадахгүй бөлгөө.

“Учрыг болгоогтун, тэд итгэлтэй байж мөн миний өмнө даруу төлөв байдалд үргэлжлүүлэхийн хэрээр агуу хишиг хийгээд адислал тэдэн дээр юүлэгдэхээр би бэлтгэсэн билээ” (С ба Г 105:10–12).

Энэ ажил туйлын нухацтай бөгөөд дайсны эсэргүүцэлтэй тулгардаг болохоор хүч чармайлтаа өсгөн нэмэгдүүлж, Сүмийг тууштайгаар урагш ахиулах бурханлаг хүч бидэнд нэн их хэрэгтэй. Хувь хүмүүс бидний хувьд үүнд хүрэх түлхүүр бол ариун сүмд бидний хийдэг гэрээ буюу дуулгавартай байж, золиослол хийх, Тэнгэр дэх Эцэгтээ өргөл өргөх бидний амлалт бөгөөд Түүний амлалт бидэнд “агуу хишиг” хүртээдэг билээ.

Гэрээнүүд ба Их Эзэний ажил

Бидний хувийн амлалтууд энэ ажлын агуу мөн чанар, нийт цар хүрээтэй харьцуулахад хэчнээн чухал болохыг харахад энэ нь та нарт тусалж байгаа биз дээ? Авралын төлөвлөгөөн дэх аливаа бусад зүйлийн адил дэлхий даяарх бүх ахлагч нар, систерүүдийн амжилтыг ганцхан номлогч, нэг л удаа тодорхойлдог.

Бид гэрээнүүдийг бүхэл тойрог, гадсаараа хийдэггүй шүү дээ. Харин бид Браун ах, Бөрнс ах, Жөүнс эгч, Женсен эгч гэхчлэн гэрээнүүдийг хийдэг. Энэ ажлын голт зүрх бол бид гэрээнүүдээ сахих явдал мөн.

Та нарыг ямар номлолд үйлчлэхийг би мэдэхгүй, гэхдээ Тэнгэр дэх бидний Эцэг та нарын номлолд өвөрмөц онцгой амлалтуудыг өгсөн юм. Тэрбээр та нарын хүн нэг бүрд агуу амлалтууд өгснийг би мэднэ.

Номлогч бүрийн зарчимч байдал, номлогч бүрээс гэрээгээ чанд сахьдаг хүч чадлаар бүхэл номлол нэгддэг бөгөөд ингэснээр бид уулыг ч нүүлгэж чадна. Номлол хийж буй хүн бүрд ирдэг эв нэгдэл, хүч чадал, тэнгэрийн хишиг байгаа газарт “энэ ажлыг өсөлт хөгжилтөөс” нь юу ч зогсоож чадахгүй. Ийнхүү “Бурханы үнэн зоримгоор, ариунаар, юунаас ч хамааралгүйгээр урагш давших болно.”1

Гинжин хэлхээний холбоос сул биш байгаа үед хуяг дуулганд хэврэг зай завсар байхгүй үед бидэнд итгэл үнэмшил байдаг. Нүгэл хилэнц, алдаа дутагдлын эсрэг дайн бол сайн мэдээ амжилтанд хүрдэг арга зам бөгөөд нэг гэрээг нэг хүн нэг удаа, нэг номлогч нэг удаа хийдэг билээ.

Чухам иймээс Их Эзэн Сүмийн эхэн үеийн удирдагчдад, “Миний өмнө бүх цэвэр ариун байдалд үйлдэхийн тулд та нар өөрсдөдөө үүрэг хүлээх болно, та нар үүнийг үйлдэхийн хэрээр та нарын хүлээн авсан хаант улсад алдар суу нэмэгдэх болно” (С ба Г 43:9–10) хэмээн мэдэгдсэн билээ.

Эдгээр үгс гэрээнд хамаатай юм. Энэ бол ариун сүмд явж Их Эзэний өмнө болон бие биенийхээ өмнө үүрэг хүлээж, “бүх цэвэр ариун байдалд” үйлдэхийн тулд бидний хийдэг тэр зүйл яах аргагүй мөн. Үүний хариуд бидэнд болон бидний ажилд хүч, алдар суу ирдэг билээ. Энэхүү хүч болоод алдар суу гэрээнүүдээ сахиснаар ирдэг бөгөөд Их Эзэн энэ тухай, “Миний хэлснийг та нар хийхэд Их Эзэн бибээр үүрэг хүлээдэг; гэвч миний хэлснийг та нар үл хийхэд та нарт амлалт байх нь үгүй” (С ба Г 82:10) хэмээн хэлжээ.

Надад итгэ. Энэ ажлын голт зүрх бол гэрээнүүдээ сахих явдал мөн. Бид бурханлаг байдлын хүчийг өөр юугаар ч харуулж чадахгүй. Энэ тухайд Их Эзэний үг та нарт бий.

Та нар номлолдоо бэлтгэхийн тулд ариун сүмд явах хэрэгтэй. Ариун сүмд хийсэн гэрээнүүдээ нэг бүрчлэн сахь. Тэдгээр гэрээнүүд нэн хувийн шинжтэй бөгөөд Тэнгэр дэх Эцэгийнхээ өмнө бид бүгдийн хийдэг үлэмж ариун үүрэг амлалт юм.

Гэрчлэлийн гэрээ

Үүнийг хийхийг та нараас хүсэхийн сацуу би өөрөө ч бас ийнхүү үйлдэх болно гэдгийг мэдэхийг та нараас хүсч байна. Би өөрийнхөө гэрээнүүдийг сахина. Тэдгээр гэрээнүүдийн нэг нь Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүний хувьд “бүх дэлхийд Есүс Христийн нэрний” (С ба Г 107:23) тусгай гэрч байх явдал мөн. Би гэрээнүүдээ сахиснаар Их Эзэн Есүс Христ болон Түүний Цовдлолтын талаар зөвхөн өнөөдөр та нарт гэрчилж байгаа бус, харин энэхүү гэрчлэлийг дэлхийд нотлохоор дуудагдаж, томилогдон, ийнхүү гэрчлэх итгэмжлэл хүлээсэн билээ. Хайрт залуу найз нар минь ээ, би энэхүү үйлчлэлд та нартай нэгдсэндээ баяртай байдаг.

Бурхан амьд гэдгийг, Тэр бол Тэнгэр дэх бидний Эцэг гэдгийг, Тэрбээр бидэнд өгсөн амлалтуудаа ямагт биелүүлэх болно гэдгийг би мэднэ. Есүс бол Христ, махан биеэр төрсөн Эцэгийн Ганц Хүү бөгөөд дэлхийн Аврагч гэдгийг би мэднэ. Тэр шаналан зовж, цус нь шүүрэн, бид үүрд мөнх амьдрахын тулд амь эрсэдсэн юм.

Эцэг, Хүү хоёр энэ эрин үеийн агуу бошиглогч хөвгүүн Иосеф Смит дээр хүрч ирснийг би мэднэ. Тэрбээр бас дуудлагынхаа гэрчлэл, гэрээнүүддээ чин үнэнч байхын төгс бэлгэдэл болгон цусаа урсгасан юм. Өнөөдөр газар дээрх Бурханы тэргүүлэх дээд прист Ерөнхийлөгч Томас С.Монсонгийн удирдлага, бошиглогчийн үйлчлэл дор амьдарч буй, тасаршгүй гинж лүгээ адил 15 хүнд дээрээс ирсэн бошиглолын түлхүүрүүдийг би мэднэ.

Энэ ажил үнэн. Энэ тунхаглал үнэн. Дэлхий дээр амьдарч байсан буюу амьдарч байгаа мөнх бус аль ч эрэгтэй, эмэгтэй хэн нэгнээс эдгээр нь хамааралгүй юм. Миний амьдралд удирдамж чиглэл өгч, гэрчлэлийг минь үр өгөөжтэй болгон, намайг та нартай хамт дэлхийн Гэтэлгэгчийн тусгай гэрч бай хэмээн илгээсэн Ариун Сүнсний илэрхийллээр би дээрх зүйлсийг мэддэг билээ.

Эшлэл

  1. Иосеф Смит, History of the Church, 4:540.

Гэрэл зураг чимэглэлийг Маттью Райер, Кристина Смит

Хэвлэх