2014
Аммон шиг бай
долоодугаар 2014


Аммон шиг бай

Мормоны Номын энэ баатар номлолын ажлын талаар болон идэвх султай гишүүдийг идэвхжүүлэх талаар өнөөдөр бидэнд олон зүйлийг зааж чадна.

Men with sheep and goats.

Зураг чимэглэлийг Дан Бурр

Аммон бол зоригт үйлчлэлээрээ, түүний дотор леменчүүдийн хаан Лемонайн сүргийг хамгаалснаараа танигдсан Мормоны Номын баатарлаг хүн юм (Aлма 17:25–39; 18:1–10)-ыг үзнэ үү). Аммоны түүх нь Мормоны Номон дахь судрын бусад олон түүхтэй адил боломжуудыг хэрхэн бүрэн дүүрэн ашиглах тухай, өнөөдөр бидэнд тулгарч байгаа сорилтуудыг хэрхэн даван туулах тухай ихийг заадаг.

Үр дүнтэй номлол

АНУ-ын Нью Жэрси Миллвиллийн Сюзанн Э.Тарасэвич нөхөр Адольфын хамт бүрэн цагийн номлолд үйлчилж байхдаа Аммоноос зарим зүйлийг сурчээ.

“Бидний номлолын дуудлагыг агуулсан том цагаан дугтуй манай шуудангийн хайрцагт ирэхэд нөхөр бид хоёр сэтгэл догдлон, үнэхээр их баярлаж билээ. Бид дуудлагынхаа талаар мацаг барьж, залбирсан юм. Бид хаана томилогдох тухайд санаа зовсонгүй харин дуудлагаа үр дүнтэй биелүүлэх чадвараа батлахыг л чин сэтгэлээсээ хүсч байлаа.

“Бид тэр орой хүүхдүүд, ач зээ нараа цуглуулан, дугтуйг задалж, биднийг Польшийн Варшавын номлолд дуудсаныг уншлаа. Бид ийнхүү дуудлагаа уншихдаа энэ дуудлага бидний хувьд хэчнээн чухал болохыг ойлгож, зүрх сэтгэлдээ амар амгаланг мэдэрсэн юм. Бид хоёрын сэтгэл догдлон, хөл газарт хүрэхгүй баярлаж билээ” гэж тэр ярьжээ.

Гэвч Тарасэвич эгч номлолд ирснийхээ дараа энэ ажилд чухам ямар хувь нэмэр оруулж чадахаа тодорхой ойлгоход хэцүү санагджээ. “Нөхөрт маань өсч хөгжихөд туслах, сорилт бүхий удирдлагын үүргийг тэр даруй өгсөн. Бид хоёрын хэн хэн нь польшоор ярьдаггүй байсан ч хэлний бэрхшээлээс үл хамааран түүний үйлчлэл үр ашигтай байх шиг санагддаг байлаа” гэж тэр хэлэв. Гэтэл үүний эсрэгээр, “би өөрийгөө энэ ажилд тус нэмэр болж чадахгүй, ямар ч үр ашиггүй байна гэж үе үе бодох болж, номлолынхоо ажлын утга учирт эргэлзэх болсон” гэж тэр ярьжээ.

Хүчирхэг номлогчид

Тарасэвич эгч Мормоны Номон дахь агуу номлогчдын тухай боддог болов. “Би Хүүхдийн хэсгийн багшаар олон жил ажиллахдаа хүүхдүүдэд номлолын ажлын тухай заахын тулд Алма болон Мозаягийн хөвгүүдийн сүнслэг нөлөө ихтэй, хүсэл эрмэлзлийг өдөөгч түүхүүдийг олонтоо ашигладаг байлаа. Намайг номлогчдын тухай бодох бүрд сүнслэг байдлын хувьд хүчирхэг бөгөөд хүч чадал ихтэй Аммоны дүр зураг санаанд минь орж ирдэг байв. Тиймээс би номлолынхоо эрч хүчтэй залуу номлогчдыг өнөө үеийн Мозаягийн хөвгүүд хэмээн төсөөлөн боддог болсон юм. Гэвч над шиг буурал үстэй эмээ ажил үүрэгтээ дайчин идэвхтэй байхыг хүсэх нь даруу зан дутагдаж байгаа хэрэг бус уу гэж би бодож билээ.”

Дотоод сэтгэл дэх дуу хоолой надаас асуултуудыг шивнэн асууж эхэлсэн юм хэмээн тэр бодлогошрох зуураа хэлэв.

“Аммоны анхны ажил үүрэг юу байсан бэ?”

“Үйлчлэгч байх, сүргийг хамгаалах, тарсан хонийг цуглуулах” гэж тэр хариуллаа.

“Тэгвэл та Аммон шиг байх хэрэгтэй.”

Үйлчлэхэд бэлтгэсэн нь

Эдгээр бодол Тарасэвич эгчид тодорхой зүйлийг ойлгуулсан ажээ. “Миний ажил үүргийн мөн чанар юу байх ёстойг би гэнэт маш тодорхой ойлгосон” гэж тэр хэлэв. “Би номлол хийхэд хэрэгтэй хэлний чадварыг амжилттай эзэмшээгүй ч Халамжийн Нийгэмлэгт олон жил үйлчилсэн туршлага маань өөрийгөө мартагдсан, хэн ч тоохоо байсан гэж боддог хүмүүсийг эрж олон, хайрлаж, тэдэнд үйлчлэхэд намайг бэлтгэснийг ойлгосон.”

Тэр номлолын ажлаа өөр өнцгөөс харах болжээ. “Христэд төвлөрсөн зарчмууд хэлний хангалтгүй мэдлэгийг даван туулж болно гэдгийг би олон арга замаар мэдсэн” гэж тэр ярив. “Би сүрэгт анхаарал тавьж, тарсан хоньдыг цуглуулахын тулд юу хийснээ хардаг болж эхэллээ.”

Ингээд тэрээр “Сайн мэдээ нь үүнийг хүлээн авсан хүмүүсийн амьдралыг өөрчилж, баялаг агуулгатай болгодгийг харах онцгой боломж бидэнд байдаг болохоор ахмад номлогчийн амьдрал нь бидэнд суралцах болон үйлчлэх гайхамшигтай цаг үе болсон юм” гэж ярилаа. Аммоны дуулал хэмээн өөрийн нэрлэсэн: “Болгоогтун, миний баясал дүүрч, тийм ээ, зүрх сэтгэл минь баяслаар халгинам, мөн би Бурхандаа баярлах болно” хэмээх шүлэг түүнд өөрөө дуулж байгаа юм шиг л байнга санагддаг ажээ (Aлма 26:11).

Хоньдыг аврах нь

АНУ-ын Юта мужийн Өмнөд Вэбэрийн Пэгги Воллис Полл гадасны санваарын болон туслах бүлгүүдийн удирдагчдын сургалтын хурал дээр сүнслэг байдлын хувьд аврах болон идэвх султай гишүүдийг идэвхжүүлэх тухай заах даалгавар авсан үедээ Аммоноос шинэ ойлголт, санаа хүлээн авсан ажээ.

“Би Аммоны тухай бүхний мэдэх түүхийг уншаад нэг шинэ зүйлийг анзаарсан юм. Аммон леменчүүдийн дунд номлолд үйлчилж байсныг санагтун. Түүнд хааны сүргийг хариулах үүрэг өгсөн байлаа. Хонин сүргийг услахаар Сэбасын усанд аваачсан өөр зарц нар түүнтэй хамт байхад дээрэмчид сүргийг тараажээ. Энэ нь бусад зарц нарыг хирдхийн цочоосон аймшигт явдал байлаа. Хонин сүргийг тараах боломж олгосон бусад зарц нарыг үхэлд хүргэсэн болохоор одоо тэднийг мөн тийм хувь тавилан хүлээж байгаа нь тодорхой байсан бололтой” гэж тэр хэлжээ. (Aлмa 17:25–30-ийг үзнэ үү.)

“Харин Аммон үүнийг боломж гэж үзсэн юм” гээд Полл эгч цааш нь ярив. “Түүнд нэг төлөвлөгөө байсан учир бусад зарц нарт зоригтой бай гэжээ.Aлма 17:31–33-ыг унш, тэгвэл та уг төлөвлөгөөг тодорхой харах болно:

  1. Хонин сүрэг алдагдаж байгааг аль болох эрт ажигла.

  2. ‘Аль болох хурдан, яаран [яв].’

  3. Хоньдыг хураан цуглуул.

  4. Хонин сүргийг хороонд нь эсэн мэнд буцааж авчир.

  5. Сүргийг тойрон хүрээлж, аюулгүй байлган, тэднийг хайраар тэжээ.”

Энэ түүх идэвх султай гишүүдийг идэвхжүүлэхтэй хэрхэн холбогдох талаар түүнд онцгой сэтгэгдэл төрсөн хэмээн Полл эгч хэлээд: “Аммоны түүхийг тараагдсан гишүүдээ аварч байгаа өнөө үеийн сүмийн удирдагчдын бэлгэдэл болгон харж болно. Гишүүдийг сайн мэдээний сайн үгээс холдуулан зайцуулж мэдэх дээрэмчидтэй адил олон муу нөлөө дэлхийд байдаг. Түүний үнэт бодгалиудаас хэн нэгэн нь сүргээс тасран алга болсон үед бид идэвхтэй бөгөөд шуурхай хөдлөх ёстой” гэв.

Тэгээд Полл эгч ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн (1910–2008) хэлсэн “Бид бүгд … тусламж хэрэгтэй байгаа болон яаралтай шийдвэл зохих хүнд нөхцөлд байгаа хүмүүсийг эрж олон, тэдэнд хайраар хандаж, сүмд эргэж ирэхэд урамшуулан дэмжиж мөн сайхан сэтгэлт, хайр энэрлээр дүүрэн гишүүд тэдний сэтгэлийг бүлээцүүлж, тайтгаруулан, дэмжин тусалж, аз жаргалтай, үр бүтээлтэй амьдралын замд оруулна гэдэгт би найддаг, үүний төлөө би залбирч байх болно” гэсэн үгийг эш татсан юм.1

Эшлэл

  1. Гордон Б.Хинкли, “Reach with a Rescuing Hand,” Ensign, 1996 оны 11-р сар, 86.