Итгэлийн тухай миний заасан хичээл
Хэдэн жилийн өмнө би гэр бүлийн үдэш дээр итгэлийн тухай хичээл зааж билээ. Яагаад бидэнд итгэл хэрэгтэй талаар ахад минь асуух зүйл байсан учраас манай гэр бүл итгэлийн тухай ярихад их цаг зарцуулсан. Жижигхэн аяганд хадгалж байсан амтат гуаны үрийг би тарилаа. Итгэл бол үртэй адил гэж би гэр бүлдээ хэлэв. Хэрэв та нар үүнийг сайн арчилбал энэ үр ургах болно.
Бид цэцэг, ногоо ургуулахад хэзээ ч амжилттай байж үзээгүй. Гэхдээ би энэ үрийг ургуулж, итгэлийн сайн жишээ болгохоор найдсан юм. Би үртэй аягыг цонхон дээр тавьж, түүнийг арчилж байв. Үрээ ургуулахын тулд би хүлээж бас залбирсан.
Би бараг л шантарч эхлээд байлаа. Гэвч долоо хоногийн дараа би ногоон навч цухуйхыг харав. Дахин нэг долоо хоног цонхон дээр байлгасныхаа дараа аав, ээж хоёр гадаа хашаан дахь цэцгийн мандалд үрийг шилжүүлж суулгах газар олж өгч, надад тусалсан юм.
Би үрээ сайн арчилж, услан, зэрлэг ургамлыг түүсэн. Амтат гуа улам том болсоор байв. Би маш их баяртай байлаа.
Хэдэн долоо хоног өнгөрсний дараа би цэцэг ургахыг ажиглав, дараа нь жижигхэн жимс ургаж эхлэв. Миний ганц жижигхэн үрээс долоон амтат гуа ургахыг бид харлаа. Миний хувьд энэ нь гайхамшиг бас миний залбирлуудын хариу байсан юм. Жимс нь чихэрлэг байлаа. Алма 32:42 дээр “Мөн энэ нь та нарын дотор үндэслэж болохын тулд, та нар үгийг арчлахдаа зориулсан шаргуу байдал хийгээд та нарын итгэл түүнчлэн та нарын тэвчээрийн учир, болгоогтун, удахгүй та нар үүний жимсийг, хамгийн эрхэм, амтат бүхнээс дээд амтат түүнийг түүх болно” гэж хэлсэнчлэн байв.
Энэ туршлага намайг маш их жаргалтай болгож, надад болон миний гэр бүлд итгэл бол Есүс Христийн сургаалын үнэн зарчим гэдгийг заасан билээ.