2014
Бурханлаг гэрээнүүд Христэд тууштай итгэгчдийг төрүүлдэг
долоодугаар 2014


Бурханлаг гэрээнүүд Христэд тууштай итгэгчдийг төрүүлдэг

2009 оны дөрөвдүгээр сарын Ерөнхий чуулган дээрх “Гэрээнүүдийн хүч” хэлсэн үгээс авав.

Ахлагч Д. Тодд Кристоффэрсон

Бидэнд хүч өгдөг гэрээнүүдийг Бурхантай хийж, сахина гэдэг нь юу гэсэн үг вэ?

A young woman partaking of the sacrament in a church setting.

Перу улс 2007 оны 8-р сарын 15-нд болсон хүчтэй газар хөдлөлтөөр асар их хохирол амссан бөгөөд далайн эргийн Писко, Чинча хотууд бүрэн сүйрчээ. Чинча дахь сүмийн Балсонсито салбарын ерөнхийлөгч Вэнчеслао Конде орон гэрээ алдсан хүмүүст туслах ажлыг сүмийн олон гишүүн, удирдагчтай адил яаравчлан эхлүүлжээ.

Газар хөдлөлтөөс хойш дөрөв хоногийн дараа Далын ахлагч Маркус Б.Наш тэндхийн аюулд нэрвэгдэгсдэд туслах ажлыг зохицуулахаар Чинчад очиж, ерөнхийлөгч Кондетэй уулзжээ. Тэд сүйрлийн цар хүрээний талаар болон хохирогчдод туслахын тулд хийсэн ажлуудынхаа талаар ярилцаж байтал ерөнхийлөгч Кондегийн эхнэр Памела бяцхан хүүгээ тэвэрсээр орж ирлээ. Ахлагч Наш Конде эгчээс хүүхдүүд нь ямар байгааг асуув. Тэрээр инээмсэглэн, “Бурханы авралаар тэд бүгд эсэн мэнд байгаа” гэж хариулжээ. Гэр орон нь хэр их сүйдсэнийг тэр асуув.

Памела энгийнээр “байшин байхгүй болсон” гэлээ.

“Эд хогшил чинь яасан бэ?” гэж асуухад

“Хамаг юм байшингийн нурангид дарагдсан” хэмээн Конде эгч хариулав.

“Ийм явдал болсон ч бидэнтэй ярилцахдаа та инээмсэглэсээр байх юм” гэж ахлагч Нашийг хэлэхэд

“Тийм ээ, би залбирсан тэгээд амар амгалан байна. Бидэнд хэрэгтэй юм бүхэн байна. Бид ч, хүүхдүүд маань ч эсэн мэнд байна. Бид ариун сүмд лацдан холбогдсон, бидэнд гайхамшигтай сүм болон Их Эзэн байна. Их Эзэний тусламжтайгаар бид дахин байшин барьж чадна” гэв.

Гэрээнүүдийн хүч

Ийм ёс суртахууны болон сүнслэг хүчний эх сурвалж юу вэ? Бид энэхүү хүчийг хэрхэн олж авдаг вэ? Үүний эх сурвалж бол Бурхан юм. Бид Түүнтэй хийсэн гэрээнүүдээр дамжуулан энэхүү хүчийг олж авч чадна. Гэрээ гэдэг нь Бурханы тогтоосон нөхцөлүүдээр Бурхан, хүн хоёрын хооронд хийгддэг тохиролцоо юм. Эдгээр бурханлаг гэрээнд Түүний зарлигуудыг сахиж, Түүнд үйлчлэхээр амласны хариуд Бурхан биднийг дэмжиж, ариусган мөн өргөмжлөх үүргийг хүлээдэг.

Бэрхшээл тохиолдсон үед санаа сэтгэлээр өөдрөг байх, гай зовлонг агуу ялалт болгон хувиргах, “сайн зарчимд санаа сэтгэлээ бүрэн зориулж, … туйлын зөв шударга байдлыг тохиолгохоор авчрах” (С ба Г 58:27) хүчийг бидэнд өгдөг гэрээнүүдийг Бурхантай хийж, сахина гэдэг нь юу гэсэн үг вэ?

Бэлэг ба адислалуудаар хүчирхэгжих нь

Нэгдүгээрт, бид Есүс Христийн сайн мэдээний зарчим болон зарлигуудад дуулгавартай амьдарснаар Түүнтэй хийсэн гэрээгээр дамжин ирдэг Бурханы амласан байнгын адислалуудыг хүртдэг. Эдгээр адислал нь амьдралын туршид өөрсөд дээрээ үйлдүүлэхийн оронд өөрсдөө үйлдэхэд шаардлагатай эх сурвалжуудаар биднийг хангадаг. Жишээ нь, бие махбоддоо анхаарал халамж тавих тухай Мэргэн ухааны үгэн дэх Их Эзэний зарлигууд нь биднийг хамгийн эхэнд болон юуны түрүүнд “мэргэн ухаан хийгээд мэдлэгийн агуу сангаар” адисалдаг (С ба Г 89:19). Түүнээс гадна эдгээр зарлиг биднийг илүү эрүүл саруул амьдрал руу хөтөлж, сүйрүүлэгч донтолтуудаас ангид байлгадаг. Дуулгавартай байдал нь бидэнд амьдралаа хянах, өсч хөгжих, ажиллах болон хийж бүтээх илүү өндөр чадавхыг өгдөг. Хэдийгээр нас өтлөх, осол аваарт орох, өвчин эмгэг тусах зэрэг зүйлс бидэнд тохиолдож болох боловч сайн мэдээний энэхүү хуулинд дуулгавартай байснаар эдгээр бэрхшээлийг даван туулах чадвар маань өсөн нэмэгддэг билээ.

Бид гэрээний дагуу амьдарснаар олон бэлэг болон тусламжаар байнга адислагддаг. “Энэрэл хэзээ ч дуусдаггүй” (1 Коринт 13:8Moронай 7:46), хайр нь хайрыг, нинжин сэтгэл нь нинжин сэтгэлийг, ариун журам нь ариун журмыг, амлалт нь үнэнч шударга байдлыг, үйлчлэл нь баяр баяслыг бий болгодог. Бид бол гэрээт хүмүүс, бие биедээ урам хайрлан, дэмжиж, тусалдаг гэгээнтнүүдийн хамт олон юм. Нифайн хэлснээр “хүмүүний үрс Бурханы зарлигуудыг дагавал тэрээр тэднийг асран мөн тэднийг хүчирхэгжүүлнэ” (1 Нифай 17:3).

Өсөн нэмэгдэж буй итгэлээр хүчирхэгжих нь

Энэхүү хоёр дахь арга зам болох гэрээнүүд нь биднийг хүч чадлаар тэтгэдэг. Гэрээнүүд нь цөхрөлтгүй байхад болон Их Эзэний хувьд чухал болох бүх зүйлийг хийхэд шаардлагатай итгэлийг бий болгодог. Христийн нэрийг өөрсөд дээрээ авч, Түүний зарлигуудыг сахих нь итгэлийг шаарддаг ч бид гэрээнүүддээ үнэнч байвал энэхүү итгэл өсөн нэмэгддэг билээ. Нэгдүгээрт, дуулгавартай байдлын амлагдсан үр жимс бидний итгэлийг нотлох баталгаа болдог. Хоёрдугаарт, Ариун Сүнс нь Бурханы тааллыг бидэнд дамжуулж, бид Түүний цаашид өгөх адислал болон тусламжийг авснаар сэтгэл санаа маань амар амгалан болдог. Гуравдугаарт, амьдралд юу ч тохиолдсон бай Бурханы хүн бүрд нэр нэрээр нь өгсөн адислал байдаг бөгөөд Тэр худал хэлж чадахгүйг мэддэг учраас бид амьдралыг найдвар тээн, тэвчээртэй туулж чадна (Инос 1:6; Ифер 3:12).

Энэ эрин үеийн сүмийн анхны удирдагчид гэрээгээ чандлан сахих нь зовлон бэрхшээлийн үед биднийг хэрэгтэй баталгаагаар хангадгийг нотлон харуулсан юм: “Энэ бол [тэдний баримталж буй амьдралын замнал нь Бурханы тааллын дагуу байгаа гэсэн мэдлэг] эртний гэгээнтнүүдэд зовлон бэрхшээл, хавчлага дарамтуудыг тэвчиж, эд хөрөнгө нь сүйтгэгдэж, устгагдах үед ч баяртай байж мөн үхлийн хамгийн аймшигтай хэлбэрийг тэвчих чадвартай болгосон ба тэд газар дээрх өөрсдийнх нь энэхүү орон гэр алга болох үед тэдэнд хүний гараар баригдаагүй Бурханы мөнхийн өргөө тэнгэрт байгаа гэдгийг мэддэг (зөвхөн итгэх төдий бус) байжээ. (2 Коринт 5:1).”2

Мөн Бурхан биднээс ямар ч золиослолыг шаардсан бай бидний амьдралын замнал Бурханы таалалд нийцэж байгаа гэсэн Сүнсний гэрчийг бид олж авдаг.3 Бурхан зохих цагт зовлон шаналал бүрийг бидэнд ашиг тустай зүйл болгон хувиргах болно гэсэн баталгаагаар бидний итгэл хязгааргүй болдог. (С ба Г 97:8–9-ийг үзнэ үү.)

A young man performing the baptism of a boy.

“Бурханлаг чанарын хүчээр” хүчирхэгжих нь

Бид нэгдүгээрт, хүч чадал олгох адислалуудын талаар; хоёрдугаарт, Бурхантай хийсэн гэрээнүүдээ сахидаг хүмүүст Түүний олгодог итгэлийн бэлгийн талаар авч үзлээ. Гэрээнүүдээр дамжин ирэх хүч чадлын сүүлчийн хэсэг буюу миний дурдах зүйл бол тэнгэрлэг хүчний бэлэг юм. Тэнгэрлэг Эцэгтэй хийсэн гэрээгээ сахих амлалт нь Өөрийнхөө бурханлаг нөлөө, “бурханлаг чанарын хүч”-ээр (С ба Г 84:20) бидний амьдралыг элбэг дэлбэг адислах боломжийг Түүнд олгодог. Бид санваарын ёслолуудад оролцож, өөрсдийн сонголтыг ашиглан, энэхүү хүчийг хүлээн авах сонголт хийдэг учраас Тэр үүнийг хийж чадна. Бид санваарын ёслолуудад оролцсоноор өсөн нэмэгдэх гэрэл ба сүнслэг хүч чадлыг дагалдан ирдэг нэмэлт үүрэг хариуцлагыг хүлээн авахад бэлэн байгаагаа харуулдаг.

Бид бүх ёслолд, ялангуяа ариун сүмийн ёслолуудад дээрээс ирэх хүчээр хишиг хүртдэг (С ба Г 109:22-ыг үзнэ үү). Энэхүү “бурханлаг чанарын хүч” нь хүнд Ариун Сүнсний нөлөөгөөр ирдэг. Ариун Сүнсний бэлэг нь шинэ ба үүрдийн гэрээний нэг хэсэг юм. Энэ нь бидний баптисмын амин чухал хэсэг болох Сүнсний баптисм мөн. Энэ бол ач ивээлийн элч бөгөөд үүгээр дамжин Есүс Христийн цус бидний нүглийг арилгаж, биднийг ариусгадаг (2 Нифай 31:17-г үзнэ үү). Энэхүү бэлгээр дамжуулан Адам “доторх хүндээ амьдруулагдсан” (Moсе 6:65) юм. Эртний төлөөлөгчид Ариун Сүнсээр дамжуулан, туулсан бүхнээ тэвчиж, санваарын түлхүүрүүдээрээ дамжуулан амьдарч байх хугацаандаа сайн мэдээг дэлхийд түгээсэн билээ.

Бид бурханлаг гэрээнүүдэд орсон үед Ариун Сүнс бидний тайвшруулагч, чиглүүлэгч, хамтрагч болдог. Ариун Сүнсний үр жимс нь “үхэшгүй алдар суугийн амар амгалангийн зүйлүүд; бүх зүйлд амьдралыг өгдөг, бүх зүйлийг амьдруулдаг тэр зүйл; бүх зүйлийг мэддэг мөн мэргэн ухаан, нигүүлсэл, үнэн, шударга ёс, мөн шүүлтийн дагуу бүх хүч байдаг тэр зүйл буюу” (Moсе 6:61). Ариун Сүнсний бэлгүүдээс гэрчлэл, итгэл, мэдлэг, мэргэн ухаан, илчлэлт, гайхамшгууд, эдгээлт, энэрэл гэх мэтчилэн цөөнийг нь тоочлоо (С ба Г 46:13–26-г үзнэ үү).

Таныг зааж мөн гэрчлэх үед Ариун Сүнс таны үгсийг гэрчилдэг юм. Энэ бол дайсагнасан таагүй нөхцөлд ярих үед хэлэх ёстой зүйлийг зүрх сэтгэлд тань өгүүлснээр “та нар хүмүүсийн өмнө мадлагдах нь үгүй” (С ба Г 100:5) гэсэн Их Эзэний амлалтыг биелүүлдэг. Ариун Сүнс нь давшгүй мэт санагдах саад бэрхшээлийг хэрхэн даван туулахыг илчилдэг. Ариун Сүнсээр дамжуулан бусад хүн таны дотор буй Христийн цэвэр хайрыг мэдэрч, урагш тэмүүлэх хүчийг олж авдаг. Мөн Ариун Сүнс нь Өөрийн амлалтын Ариун Сүнсний үүргийнхээ дагуу таны гэрээнүүдийн хүчин төгөлдөр хийгээд үнэ цэнэтэй байдлыг баталдаг бөгөөд Бурханы амлалтуудыг таны дээр лацаддаг юм (С ба Г 88:4–5; 109:14–15-ыг үзнэ үү).

A group of youth walking towards the St. George Utah Temple.

Тэнгэрлэг Эцэг тантай хамт байх болно

Бурханлаг гэрээнүүд Христэд тууштай итгэх итгэгчдийг төрүүлдэг. Хүн бүр хүлээн авах боломжтой санваарын бүх ёслолд тэнцэхээр зохистой байж, эдгээр ёслолыг хүлээж аван, гэрээгээр хүлээсэн амлалтуудаа итгэлтэйгээр сахихыг би та бүхнээс хичээнгүйлэн хүсч байна. Зовлон зүдгүүр тохиолдсон үед гэрээнүүдээ юунаас ч илүү эрхэмлэж, шууд дуулгавартай дагаж бай. Тэгээд та өөртөө хэрэгтэй байгаа зүйлийг өчүүхэн ч эргэлзэлгүй, итгэлээр гуйж чадах бөгөөд Бурхан хариулах болно. Тэр та нарыг хичээл зүтгэл гаргах үед тань дэмжин туслах болно. Тэр Өөрийнхөө цагт, мутраа урагш сунган, “Би энд байна” хэмээн хэлнэ.

Эшлэлүүд

  1. Судруудын удирдамж, “Гэрээ”; scriptures.lds.org-ийг үзнэ үү.

  2. Lectures on Faith (1985), 67.

  3. Lectures on Faith, 69–71-ийг үзнэ үү.