2014
Шавартай гуталтайгаа хоолой зөөсөн нь
долоодугаар 2014


Шавартай гуталтайгаа хоолой зөөсөн нь

Энэхүү өгүүллийн зохиогч АНУ-ын Ютад амьдардаг.

Би дахиад нэг ч шүршүүрийн хоолой зөөхийг хүсэхгүй байлаа.

Young men moving pipes.

Зураг чимэглэлийг Жэйк Паркэр

“Бишоп Роули, танд баярлалаа. Бид туслахдаа тун баяртай байх болно.” Диконы чуулгын зөвлөх Хулэт ах бишопын гараас самбарыг авч, “Надад сүмийн тариан талбайд сайн дураараа ажиллах хүмүүсийн нэр бичих цаас байна. Ирэх долоо хоногт бид бүгдээрээ тусалбал Их Эзэн баяртай байх болно гэдэгт би итгэлтэй байна” хэмээн зарлав.

“Яг юу хийж туслах юм бол?” гэж би сулавтархан асуулаа. Сүмийн тариан талбайн ажил тийм ч таатай сонсогдсонгүй.

“Энэ долоо хоногийн бидний даалгавар бол усалгааны хоолой зөөх.”

Хоолой зөөх өө! Эдгээр үг намайг айдсаар дүүргэлээ. Зун ажил олж хий гэж ээжийн хэлж байсан нь санаанд орлоо. Манай жижиг сууринд хоолой зөөх—байнга хийх нэг л ажил байсан юм. Би зуны турш үеэл Скоттойгоо хоолой зөөсөн билээ.

Зуны ажлын эхний өдөр бид царгасаар дүүрсэн асар том газрыг харж зогслоо. 40 тохой урт (12 м) хоолойнууд хоорондоо тэгшхэн холбогдсон байсан бөгөөд хэдэн бээр үргэлжилсэн мэт харагдаж байв. Скотт бид хоёр богинохон сургалтад хамрагдсаны дараа хоолойнуудаа салгав. Скотт өөрийнхөө талыг өргөхөд хүйтэн ус миний теннисний гутал руу асгарав. Бид хоолойг нялцгай шавар дундуур өргөж, өндөрлөгч дээр тавиад дахин холбож байлаа. Бид дараагийн хоолойг авахаар алхаж байхад шавар болсон гутал минь улам хүндэрч байв. Удалгүй шавар, ус, бидний хөлстэй нийлэн, хувцас болон сүнсийг нэвт норгож орхив.

Миний бодол санаа сүмийн тариан талбайд ажиллах эсэхээ өөрийн дураар шийдэхэд хүргэлээ. “Би би очиж чадахгүй байх аа. Өглөө бүр өөрийнхөө ажилд явах ёстой” гэж би хэлэв.

“Наадах чинь асуудал биш ээ. Бид сүмийн талбай руу дандаа үдээс хойш явна” гэж Хулэт ах хэлээд нэр бичих цаасыг дамжуулав. “Та нар бүгдээрээ санваарт томилогдохдоо Бурханы нэрээр үйлдэх хүчийг хүлээн авсан. Бид бусдад үйлчлэх замаар Түүнд үйлчлэхдээ Түүний нэрээр үйлддэг шүү дээ. Үүнээс гадна бүгдээрээ хийвэл ажил амархан бүтдэг” гэж тэрээр хэллээ.

Нэрсийн жагсаалт над дээр ирэв. Хүн болгон энэ долоо хоногт ажиллахаар нэрээ бичсэнд би итгэж чадахгүй байв. Тэд энэ ажил хэцүү гэдгийг мэдээгүй юм байх даа? Гэвч би маш зөв шударга шахалтыг мэдэрсэн юм. Тэгээд нэрээ дурамжхан гэгч бичээд цааш дамжуулав.

Даваа гаргийн үдээс хойш ажлаасаа ирээд өрөөндөө амарч байтал гадаа Хулэт ахын дуут дохио дуугарахыг би сонсов. Би хэсэг бодсоноо үнэр орсон, ажлын нойтон хувцсаа буцааж өмслөө.

Бид удалгүй сүмийн тариан талбайд ирэв. Надаас бусад нь талбай руу яаран алхална. Би нэлээн хойно хоцорч, толгой гудайлган, чулуу өшиглөн явж байтал мөрөн дээр хэн нэгэн гараа тавихад гайхав. “Бидэнтэй хамт ирсэнд баярлалаа” гэж Хулэт ах намайг урамшуулаад “Өнөө өглөө их ажилласныг чинь мэднэ ээ” гэлээ. Бид хоёр хэсэг хугацаанд чимээгүй хамт алхав. Тэгээд тэр бүлгийг зохион байгуулахаар урагш түрүүлэн алхлаа.

Би түүнийг хараад надад хэлсэн үгийг нь бодлоо. Би тэр өглөө их ажилласан. Би ядарч, надаас эвгүй үнэр гарч байсан болохоор гэртээ харихыг хүсэж байсан. Гэхдээ Хулэт ахын хувьд ямаршуу байсан бол? Тэр ч бас өглөө их ажилласан шүү дээ. Энд байгаа залуус бүгд л их ажилласан. Тэгсэн ч гэсэн тэд яагаад энд ирсэндээ баяртай байгаа юм бол?

Би бусдыгаа гүйцэж очоод ажиллаж эхлэв. Эхлээд би хийж буй том золиослолынхоо талаар бодож, өөрийгөө зоригжуулахыг хичээв. Гэвч би удалгүй өөрийнхөө талаар бодохыг больж, бид хүн бүрийн оролцоотойгоор ямар хурдан ажиллаж байгааг анзаарсан. Бид инээлдэн, ярилцаж байсан ба удалгүй би цагийг тун зугаатай өнгөрүүлж байгаагаа мэдэрсэн юм. Хэдхэн цагийн дотор бид ажлаа дуусгаж чадсан.

Өмнө нь дааж давшгүй золиослол мэт санагдаж байсан ажил өчүүхэн зүйл байсныг би гэртээ харих замдаа ойлгож билээ. Чухамдаа хүн бүрийн туслалцаатайгаар энэ нь золиослол байсан мэт огтхон ч санагдсангүй.

Хулэт ах машинаа манай байшингийн өмнө зогсоогоод над руу харж, инээмсэглэн, “Өнөөдөр тусалсанд чинь баярлалаа. Чиний оролцоо бидний ажлыг ч хөнгөлсөн шүү” гээд нүдээ ирмэв.

“Баярлалаа, бүгдийн оролцоо ажлыг хөнгөвчилсөн” гэж хэлээд би мөн хариу ирмэж, машинаас буун хаалгыг хаав.

Хулэт ах араагаа солиод ухрангаа цонхоороо цухуйн, “Маргааш уулзъя, тэгэх үү?” гэв.

“Тэгье. Маргааш уулзъя” гэж би хэллээ.