Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг
Зүрх сэтгэлийг эргүүлэн өөрчлөх амлалт
Миний ээж Милдрэд Бэннион Айринг АНУ-ын Юта мужийн хөдөө аж ахуй эрхэлдэг суурин болох Грэнжэрт өссөн. Ах нарынх нь нэг Роя, хонь өсгөж үржүүлэх гэр бүлийнхээ бизнесийг цааш үргэлжлүүлсэн юм. Тэрээр залуу байхдаа олон долоо хоногийг гэрээсээ хол өнгөрүүлдэг байв. Цаг хугацаа өнгөрөх тусам түүний сүмд явах сонирхол буурсан байв. Хожим нь тэрээр АНУ-ын Айдахо руу нүүсэн бөгөөд тэндээ гэрлэж, гурван хүүхэдтэй болсон юм. Түүнийг 34-тэйдээ нас барах үед эхнэр нь 28 настай, хүүхдүүд нь бага байв.
Хэдийгээр Роягийн бяцхан гэр бүл Айдаход амьдарч, ээж маань 2500 бээр (4025 км)-ийн зайд орших АНУ-ын Нью Жерсид нүүж очсон байсан ч тэрээр хайрын болон урмын үгстэй захидлуудыг тэдэнд бичдэг байжээ. Нагац ахын маань гэр бүл ээжийг минь хайрлан “Авга эгч Мид” гэдэг байв.
Олон жил өнгөрсний дараа нэг үеэл минь надтай утсаар ярьсан юм. Роягийн бэлэвсэн эхнэр нас барсан тухай тэр надад дуулгаад “Авга эгч Мид чамайг үүнийг мэдээсэй гэж хүсэх байсан байх” гэж билээ. Авга эгч Мид өөд болоод удсан ч гэр бүлийнхэн нь түүний хайрыг үргэлж санан дурсдгийг тэр надад хэлсэн юм.
Нифайчуудын бошиглогчид Есүс Христийн сайн мэдээнд авчрахыг хүссэн садан төрлүүдтэйгээ аль болох ойр дотно байх замаар тэдгээр гэр бүлд чухал үүрэг гүйцэтгэсний адилаар ээж минь энэ гэр бүлд ямар их үүрэг гүйцэтгэснийг мэдээд би их гайхаж билээ. Нифай өөрсдийн патриарх Лихайн итгэлд эргэн ирэхэд нь нөлөөлөх байх гэсэн найдвар тээн, ахынхаа хүүхдүүдэд зориулан нэгэн цэдэг бичжээ. Мозаягийн хөвгүүд Лихайн үр удамд сайн мэдээг номлох үедээ мөн үүнтэй адил хайрыг үзүүлсэн юм.
Гэр бүлүүдэд үүрд мөнх үргэлжлэх хайрыг мэдрэх арга замуудаар Их Эзэн биднийг хангасан юм. Өнөөдөр сүм дэх залуу хүмүүс гэр бүлээ гэсэн өөрсдийн зүрх сэтгэлийг мэдэрч байна. Энэ амьдралд авралын ёслолуудыг хүлээж авах боломжгүй байсан гэр бүлийнхээ гишүүдийн нэрсийг тэд хайж байна. Тэд эдгээр нэрийг ариун сүмд авчирдаг. Баптисмын усанд орох үедээ тэд ёслолуудыг нь төлөөлөн хийлгэж буй хүний гэр бүлийнх нь гишүүдийн болон Их Эзэний хайрыг мэдрэх боломжтой болдог.
“Ээж минь өөд болчихлоо, Авга эгч Мид чамайг үүнийг мэдээсэй гэж хүсэх байсан байх” хэмээн хэлсэн үеэлийнхээ дууны өнгөнд мэдрэгдсэн хайрыг би одоо ч гэсэн санаж байна.
Гэр бүлийнхээ гишүүдийн төлөө ёслолууд гүйцэтгэж байгаа та бүхэн Мозаягийн хөвгүүд шиг мөн бошиглогч Нифай шиг хайраар тусламжийн гараа сунгаж байгаа билээ. Та нар ч бас тэдний нэгэн адилаар саналыг тань хүлээн авах хүмүүсийн өмнөөс баяр баяслыг мэдрэх болно. Түүнчлэн холын төрөл садангуудынхаа дунд хийсэн номлолын үйлчлэлийн талаар:
“Тиймийн тул, бахархацгаая, тийм ээ, бид Их Эзэнээр бахархах болно; тийм ээ, бид баясах болно, учир нь бидний баясал дүүрэн байна; тийм ээ, бид Бурханаа үүрд магтан дуулах болно. Болгоогтун, хэн Их Эзэнд хэтэрхий их алдрыг өргөж чадах билээ? Тийм ээ, түүний агуу их хүчний тухай, мөн түүний нигүүлслийн тухай, мөн хүмүүний үрсэд хандах түүний тэсвэрийн тухай хэн хэтэрхий ихийг хэлж чадах билээ? Болгоогтун, би та нарт хэлнэ, би өөрийн мэдэрч байгаагийнхаа хамгийн бага хэсгийг ч хэлж чадахгүй” (Aлма 26:16) хэмээн Аммоныхтой адил агуу сэтгэл ханамж мэдрэхийг ч та нар хүсэн хүлээж байж болох юм.
—Гэр бүлийнхэн нь хаана ч байсан гэсэн, тэдний төлөөх та нарын хайрын мэдрэмж бол Елиа ирэх болно хэмээх амлалтын биелэлт мөн гэдгийг би гэрчилж байна. Тэрбээр ирсэн. Хүүхдүүдийн зүрх сэтгэл эцгүүд рүүгээ мөн эцгүүдийн зүрх сэтгэл хүүхдүүд рүүгээ эргэж байна (Maлахи 4:5–6; Иосеф Смит—Түүх 1:38–39-ийг үзнэ үү). Та нар өвөг дээдсийнхээ нэрийг олж, тэдгээрийг ариун сүмд аваачихаар өдөөгдсөн үедээ энэхүү бошиглолын биелэлтийг мэдэрдэг билээ.
Зүрх сэтгэл эргэнэ гэсэн амлалт биелж буй цаг үед амьдрах нь адислал юм. Милдрэд Бэннион Айринг тэрхүү өдөөлтийг сэтгэл зүрхэндээ мэдэрсэн юм. Тэрээр ахынхаа гэр бүлийг хайрладаг байсан бөгөөд тэдэнд тусламжийн гараа сунгасан. Авга эгч Мид өөрсдөд нь хайртайг мэдсэн учраас л түүн рүү эргэх зүрх сэтгэлийнхээ хайрыг тэд мэдэрсэн ажээ.