2014
Аврагчтай адил удирдах нь
долоодугаар 2014


Сүмд үйлчлэх нь

Аврагчтай адил удирдах нь

J. Kirk Richards painting of the Savior helping lift a woman.

Эмэгтэй эдгээгдсэн нь, Ж. Kөрк Ричардс

Дэлхийн хамгийн муу удирдагчид ба төгс удирдагч, дэлхийн Аврагчийн хооронд эрс тэс ялгаа байдаг. Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл (1895–1985) тайлбарлахдаа: “Хүн төрөлхтөнд хамгийн эмгэнэлт нөлөө үзүүлсэн түүхийн тэдгээр удирдагчдад Галилын Хүнд байсан чанаруудаас ямар нэг хэмжээгээр байгаагүй учраас л жинхэнэ эмгэнэлтэй байсан юм. Есүс амь биеэ үл хайрладаг байсан бол тэд амин хувиа хичээдэг байсан. Есүс эрх чөлөөг эрхэмлэдэг байсан бол тэд эрх мэдлийг хүсдэг байлаа. Есүс үйлчлэлийг эрхэмлэдэг байсан бол тэд байр суурийг шүтдэг байв. Есүс бусдын жинхэнэ хэрэгцээг хангадаг байсан бол тэд зөвхөн өөрсдийн хэрэгцээ болон хүсэл таашаалыг хангадаг байлаа. Есүс дагалдагчдынхаа өсөлт хөгжилд санаа тавьдаг байсан бол тэд мөнх бус хүмүүсийг атган захирахыг хүсдэг байв. Есүс шударгаар тунгааж дэнсэлсэн нинжин сэтгэлээр дүүрэн байсан бол тэд ихэвчлэн хахир хатуу зан авир болон шударга бус явдлаар дүүрэн байсан” гэжээ.1

Бид Их Эзэний сүм дэх удирдагчдын хувьд амжилттай байхын тулд Түүний үлгэр жишээг дагах ёстой. Дараах санаанууд нь Христтэй илүү адил удирдагч болоход бидэнд тусалж чадна.

Христтэй адил удирдагчид Тэнгэрлэг Эцэгийн хүслийг биелүүлэхээр эрэлхийлэн, “Бурханы алдар суугийн төлөө бүхнээ зориулан” (С ба Г 4:5) үйлчилдэг. Аврагч “Би Өөрийнхөө хүслийг хийхийн тулд бус, харин Намайг Илгээгчийн хүслийг хийхийн тулд тэнгэрээс бууж ирсэн юм” (Иохан 6:38) гэжээ.

Христтэй адил удирдагчид “маханбодийн гарт” (2 Нифай 4:34) найдлага тавьдаггүй. Тэд Их Эзэнийг хүлээж; авьяас, чадвартаа тулгуурлахын оронд Түүний ажлыг Түүний цаг хугацаанд, Түүний арга замаар хийхийг эрэлхийлдэг.

Христтэй адил удирдагчид сүмд албан тушаал эрэлхийлдэггүй. Тэд дуудлагат ажлуудыг тушаал дэвших бус харин үйлчлэх боломж гэж үздэг. Мөн тэд дуудлагаас чөлөөлөгдөхийг тушаал буурч байгаа мэт үздэггүй. Дуудлага бүрээс чөлөөлөгдөх нь хэвийн явдал юм.

Христтэй адил удирдагчид үйлчилдэг хүмүүстээ тусалж, зааж, урамшуулан дэмждэг. Тэд Аврагчтай адил: “Тэрээр энэ дэлхийн төлөө бус аваас ямар ч зүйлийг эс хийх авай” хэмээн бусдыг адислахыг эрэлхийлдэг юм (2 Нифай 26:24). Тэд өөрсдийгөө бусдад Тэнгэрлэг Эцэгтээ буцаж очиход нь туслахаар дуудагдсан Их Эзэний төлөөлөгчид гэж үздэг.

Христтэй адил удирдагчид бусдад өсч хөгжихөд нь туслахыг эрэлхийлдэг. Ерөнхийлөгч Кимбалл:

“Есүс дагалдагчидтайгаа өөрийн ажлыг хуваалцах хүртлээ тэдэнд хангалттай итгэдэг бөгөөд ингэснээр тэд өсч хөгжиж чаддаг. Энэ бол Түүний удирдах чадварын хамгийн агуу жишээнүүдийн нэг юм. Хэрэв бид ямар нэг ажлыг илүү хурдан, илүү үр дүнтэй хийхийн тулд үүнийг бусдын оролцоогүйгээр хийсэн тохиолдолд уг ажил сайн хийгдсэн ч бай, биднийг дагадаг хүмүүсийн өсөлт хөгжил түүнээс хавьгүй илүү чухал юм. …

“Есүс хүмүүст тэдний чадварт тохирсон шударга үнэнүүдийг болон ажил үүргийг өгдөг байсан. Тэрээр тэдний хийж чадахаас илүү зүйлийг өгдөггүй байсан ч бодгалийг нь бүрэн ажиллуулах зүйлийг өгдөг байв” гэж заажээ.2

Бошиглогч Иосеф Смит хүмүүсийг хэрхэн удирддагаа: “Би тэдэнд зөв зарчмуудыг заадаг харин тэд өөрсдийгөө захирдаг” хэмээн маш сайхан дүрсэлсэн юм.3 Энэ бол Их Эзэний удирдах арга барилын амин чухал хэсэг мөн.

Эшлэлүүд

  1. Спэнсэр В.Kимбалл, “Jesus: The Perfect Leader,” Ensign, 1979 оны 8-р сар, 7.

  2. Спэнсэр В.Kимбалл, “Jesus: The Perfect Leader,” 6.

  3. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иoсеф Смит (2007), 284.

  4. Teachings of Presidents of the Church: Lorenzo Snow (2012), 151.

  5. Tомас С.Moнсон, “Duty Calls,” Liahona, 1996 оны 7-р сар, 42-ыг үзнэ үү.