Газар бүрийн анхдагчид
Бразил дахь сүм: Ирээдүй бидний үед ирлээ
Бразил бол газар нутгийн хэмжээ, хүн амын тоогоороо дэлхийд тавд орох том улс юм. Гэвч 100 жилийн өмнө энэ улсын хүн ам нь таруу суурьшсан, цөөхөн хувь нь л халуун дулаан уур амьсгал, баялаг газар нутаг, асар их ашигт малтмал ба ус зэрэг байгалийн нөөцийн ашиг тусыг хүртдэг байлаа.
Maкс Заф, Амали Заф хоёрт Бразил ихэд таалагдсан тул тэнд суурьшиж амьдрахаар шийджээ. Тэд 1908 онд Германд сүмд нэгдсэн бөгөөд 1913 оны 3-р сард Бразил руу цагаачилсан аж. Бразил дахь сүмийн анхны гишүүд болохынхоо хувьд тэд маш их ирээдүйтэй оронд амьдарч байгаадаа сэтгэл өндөр байв. Гэвч тэр үед сүм өмнөд Америкт зохион байгуулагдаагүй байсан учраас Макс, Амали хоёр сүмийн цуглаанд оролцож, сүмийн гишүүдтэй уулзах боломжгүйгээсээ ихэд гунигтай байгаагаа ойлгосон юм.1
Макс Заф, Амали Заф хоёр Бразилд 10 жил амьдарсныхаа дараа Германаас Бразилын хойд муж Санта Катаринад дөрвөн хүүхэдтэйгээ болон сүмийн гишүүн бус нөхрийнхөө хамт 1923 онд цагаачилж ирсэн Аугуста Липпэлт гэгч сүмийн нэгэн итгэлтэй гишүүний талаар мэдэж авчээ. Зафын гэр бүлийнхэн Липпэлтийн гэр бүлтэй ойр байхын тулд Санта Катарина руу нүүсэн байна.
Хоёр жилийн дараа Аргентиний Буэнос-Айрэст Өмнөд Америкийн номлол нээгдэв. Номлолын хоёр дахь ерөнхийлөгч K. Б. Рэйнхолд Стүф герман гаралтай хүн байсан бөгөөд Бразилын өмнөд хэсэгт амьдардаг герман цагаачдын томоохон бүлгийн дунд сүм байгуулахаар сүнслэгээр нөлөөлөгджээ. 1928 онд тэрээр Виллям Фрэд Хайнз, Эмил A. Ж.Шиндлэр гэгч хоёр номлогчийг герман цагаачид олноор суурьшсан Жоинвилл хотод томилсон байна. 1930 онд Заф, Липпэлт хоёрын гэр бүлтэй ерөнхийлөгч Стүф очиж уулзсан ба сүмийн салбар байгуулснаар энэ хоёр гэр бүл хамтдаа сүмд очиж, ариун ёслолоос хүртэх боломжтой болсон ажээ.
100 жилд маш их зүйл өөрчлөгдсөн юм. 1913 онд Зафын гэр бүлийг ирэхээс өмнө Бразилд гишүүд ч, номлогчид ч мөн сүм ч байсангүй. Тэгвэл өнөөдөр Бразилд нэг сая гаруй гишүүн амьдардаг бөгөөд сүмийн хамгийн олон гишүүнтэй 3 дахь орон (Америкийн Нэгдсэн Улс, Мексик хоёрын дараа) болоод байна. Сүм одоо Бразилын бүх муж болон том хотуудад гишүүдтэй боллоо. Макс, Амали хоёрын үр удам ер бусын, сэтгэл догдлом түүхтэй, хүчирхэг бөгөөд эрч хүч оргилсон сүмийн ашиг тусыг хүртэж явна.
Царс мод хэрхэн ургадаг шиг өссөн нь
1926 онд Аргентинд Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Мэлвин Ж.Баллард (1873–1939) бошиглож хэлэхдээ энэ бүс нутагт сүм эхний үедээ аажим өсөх боловч хожмын нэгэн өдөр улам хүчирхэгжинэ гэжээ. Тэрээр: “Царс мод боргоцой байхаасаа удаан ургадаг шиг Их Эзэний ажил энд тун аажуухан өсөн нэмэгдэх болно. Энэ ажил тун хурдан ургаад үхдэг наран цэцэгтэй адилгүй байх болно” хэмээн бошигложээ.2
1935 онд нээгдсэн Бразилын номлолын эхний жилүүдэд цөөхөн хүн сүмд нэгджээ. Сүм голчлон герман хэлээр үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд 1940 онд энэ улсын албан ёсны хэл болох португал хэлэнд шилжсэн ажээ. Номлогчид улс орон даяар олон хотод үйлчилж байсан бөгөөд Дэлхийн II дайны улмаас тэд энэ улсаас гарч явах шаардлагатай болсон байна. Дайны дараа номлогчид эргэн ирж, ажил дахин эхэлсэн юм.
Кампинас хотод болон Сан Пауло мужид хэдэн залуу эрэгтэй, эмэгтэй сүмд нэгдэж, итгэлтэй хэвээр үлджээ. Тэдгээр анхны гишүүдийн нэг нь Антонио Карлос Камарго байлаа. Тэр 1947 онд өсвөр насандаа сүмд нэгдсэн ба сүмийн нэг гишүүнтэй болздог болж, улмаар түүнтэй гэрлэн, 1954 онд Бригам Янгийн их сургуульд, дараа нь Ютагийн их сургуульд суралцсан байна. 1963 онд тэрээр нэхмэлийн компанид ажилд орохоор эхнэртэйгээ Бразилд эргэж ирэхдээ сүмийн өсөж хөгжсөнийг хараад ихэд гайхжээ. 1954 онд тэднийг эх орноосоо явах үед энд америк номлогчдын удирдсан хэдэн жижиг салбар л байж. Гэтэл тэдний эзгүй байсан есөн жилийн дотор бараг 16000 бразил хүн сүмд нэгдэж, тэдний дотор удирдах чадвар бүхий итгэлтэй залуу гэр бүл олон байв. “Тэд бол Сан Паулод Их Эзэний сонгосон агуу хийгээд нэр төртэй сүнснүүд байсан юм” хэмээн Антонио хэлсэн байдаг.3
1966 онд, Бразилын номлол нээгдсэнээс 31 жилийн дараа Өмнөд Америкийн анхны гадас Сан Паулод байгуулагдав. Тухайн үед Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын гишүүн байсан ахлагч Спэнсэр В.Кимбалл (1895–1985) гадсыг зохион байгуулж, Валтер Спатыг ерөнхийлөгчөөр, Антониог түүний хоёрдугаар зөвлөхөөр дуудсан байна.
Цөөхөн шинэ удирдагч л гадасны үйл ажиллагааг өмнө нь харсан байжээ. Гэвч Их Эзэн Антониог бэлдсэн байсан юм. Тэрээр Америкийн Нэгдсэн Улсад сүмийн үлэмж туршлага хуримтлуулсан байсан учраас гадасны ерөнхийлөгчийн зөвлөлд туслах боломжтой байв. Энэхүү анхны гадасны тойрог, салбаруудын удирдагчдаас дараа нь гадасны олон удирдагч төрөн гарсан билээ. Гадсуудыг зохион байгуулах ажил эрчимтэй явагдаж эхлэхэд тэдний нөлөө орон даяар тархсан юм.
Өсөлтийн эрин үе
Бразил дахь сүмийг улам бүр өсч хөгжихөд нөлөөлсөн нэгэн гэнэтийн мэдэгдэл нь ариун сүм барих мэдээ байлаа. Гишүүд ариун сүм чухал гэдгийг мэддэг байсан ч ихэнх нь үүнийг зөвхөн гэрэл зургаас л харсан байв. Хамгийн ойр орших ариун сүм АНУ-д хэдэн мянган бээр хол байжээ. Ерөнхийлөгч Кимбалл 1975 оны 3-р сард Бразилд айлчилж, бүсийн нэгэн чуулган дээр Сан Паулод ариун сүм барих тухай зарлажээ. Агуу их хүлээлт болон санхүүгийн золиослолоор ариун сүм 1978 онд баригдаж дууссан юм. Гишүүд хандив өргөснөөр ариун сүм барих зардалд тусалсан ажээ. Олон гишүүн хандивлах мөнгө олохын тулд автомашин, үнэт эдлэл мөн газраа зарсан байна.
1978 оны 10, 11-р сард ариун сүмийг онцгойлон адисалсан үйл явдал нь тэр оныхоо 6-р сард санваарын талаар өгөгдсөн илчлэлтийн дараа болсон юм (Албан Тунхаг 2-ыг үзнэ үү). Энэхүү илчлэлтийн ачаар Бразил дахь зохистой бүх гишүүн ариун сүмийн онцгойлон адислалт болон бусад адислалд оролцох боломжтой болсон ажээ.
Санваарын тухай илчлэлт болон ариун сүмийг онцгойлон адисалсан нь сүмийн түүхэн дэх номлолын хамгийн агуу амжилтуудын нэгд хүргэх хурдасгуур болсон байна. Хорин жилийн дотор 700000 гаруй бразил хүн сүмд нэгджээ.
Бусад үйл явдал энэхүү өсөлтийг түргэсгэж байв. Тус улсад хийгдсэн улс төр, нийгмийн чухал өөрчлөлтүүд ч бас энэхүү өсөлтөд түлхэц болж өгсөн юм. Олон бразил хүн хот суурин газрууд руу нүүж, шинэ шашнуудад илүү нээлттэй болж байлаа. Үүний зэрэгцээ ерөнхийлөгч Кимбалл Бразилаас номлолд үйлчлэх залуучуудын тоог нэмэгдүүлэх зорилго тавихыг Бразилын гадасны удирдагчдаас хүссэн байна. Удалгүй Бразилд үйлчилж буй номлогчдын талаас илүү хувь нь бразилчууд болов. Эдгээр эргэж ирсэн номлогч хожим нь сүмийн орон нутгийн удирдагчид болсон ажээ.
Гэвч сүмийн өсөлт өөр нэгэн бэрхшээл үүсгэсэн нь сүмийн гишүүдийн туршлага нимгэнээс үүдэлтэй байлаа. Гэсэн хэдий ч энэ бэрхшээл гишүүдээс илүү их итгэл, илүү сүнслэг удирдамж шаардаж байсан тул эерэг үр дүн авчирсан билээ. Тухайлбал, зохион байгуулагдсан сүмийн бусад гадаснуудаас алс хол, Бразилын баруун хэсэг дэх Уругвайанад 1992 оны 11-р сард нэгэн гадас байгуулагджээ. Хосе Кандидо Фэррэира дос Сантос хэмээх итгэлтэй бөгөөд олон жил болж буй сүмийн гишүүн шинээр байгуулагдсан гадасны патриархаар дуудагдсандаа санаа нь ихэд зовж байжээ. Тэрээр ерөнхий эрх мэдэлтэнд хандан: “Би патриарх болж чадахгүй ээ. Энэ талаар надад ямар ч ойлголт байхгүй. Би хэзээ ч патриарх хүнтэй уулзаж байгаагүй бас өөрөө ч патриархын адислалаа аваагүй байгаа шүү дээ” хэмээн тайлбарлажээ. Ерөнхий эрх мэдэлтэн түүнд нэг шийдэл санал болгосон байна. Зэргэлдээх хот Алегретэд Руи Антонио Давила гэдэг шинэ патриарх дуудагдаад удаагүй байлаа. Тэр мөн л түүнтэй адил байдалтай байв. Ингээд энэ хоёр патриарх бие биедээ патриархын адислал өгөх хэрэгтэй болсон юм.
Сантос ах Давила ахаас адислал авч байхдаа өнгөрсөн амьдрал, хувийн хүсэлтэй нь холбоотой патриархын адислалуудыг сонсоод ихэд гайхжээ. Сантос ах Давила ахын тэргүүн дээр адислал хэлэх үед ч мөн адил зүйл тохиолдож, Давила ахын нүднээс нулимс урсав. Дараа нь энэ хоёр ах болж өнгөрсөн зүйлийг гүнээ ойлгож, бие биенээ тэвэрчээ.4 Анхны патриархын адислалаа өгөхөд нь Сүнс тэдэнд нөлөөлсний адил зуу зуун адислал өгөхөд нь ч бас тэдэнд нөлөөлсөн билээ. Сүмийн хязгаарлагдмал туршлагатай оронд Их Эзэн ийм сүнслэг адислал олныг өгч байлаа.
Тасралтгүй Боловсролын Сан
Гишүүдийн боловсрол нимгэн байсан нь бас нэгэн бэрхшээл болж байв. Номлогчид гэртээ эргэж ирэхдээ сүнслэг байдлын хувьд бэлтгэгдсэн байдаг ч сайн ажилтай болоход боловсрол дутдаг байв. Сан Пауло дахь гадасны ерөнхийлөгч Рэиналдо Баррето: “ажил олох нь томоохон бэрхшээл байлаа. Олон номлогч өсөж хөгжих найдвараа, бүр цаашлаад номлолдоо олж авсан сүнслэг хүч чадлаа алдаж байв” гэж тайлбарласан юм. Олон тохиолдолд энэ бэрхшээлийг даван туулах түлхүүр нь боловсрол байв.
2001 онд ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008) Тасралтгүй Боловсролын Санг үндэслэн байгуулснаар Бразилын мянга мянган эргэж ирсэн номлогчийг адисалсан юм. Уг сан тэдэнд сурч боловсрох, улмаар илүү сайн ажил олох боломж олгосон юм. Гишүүд гэр бүлээ дэмжиж, боловсролоо дээшлүүлэх илүү өндөр чадвартай болсон. Бразил дахь ТБС-ийн удирдагч болсон ерөнхийлөгч Баррето: “Залуу гишүүд боловсрол эзэмшиж, сайн ажилд орохыг харах нь адислал бөгөөд тэдний өөртөө итгэх итгэл нэмэгдэж буйг харах нь ч бас энэхүү хөтөлбөрийн жинхэнэ амжилт юм. Тэдэнд илүү их найдвар байгаа” гэж хэлжээ.5
Үнэнч гишүүд
Бразил дахь сүмийн хүч чадал нь зөвхөн гишүүдийн тоонд бус харин тэдний сайн мэдээнд бүхнээ зориулах шийдвэр төгс байдалд оршдог юм. Жишээлбэл, нисэхийн компанийн удирдах ажилтан агсан Гэлсон Пиззирани Бразилд нисэхийн шинэ компани байгуулахад туслах чадвар сорьсон, өндөр цалинтай ажлын санал хүлээн авчээ. Мөн энэ үед тэрээр эхнэр Мириамынхаа хамт Бразилын Брасилиа номлолыг тэргүүлэхээр дуудагдсан байв. Яах ийх талаар эргэлзэх ч хэрэг байсангүй. Тэд өсвөр насандаа баптисм хүртсэнээсээ хойш амьдралаа сүмд зориулсан юм. Пиззирани ах гэрлэхээсээ өмнө салбарын ерөнхийлөгч байв. Тэрээр 25-тайдаа гадасны ерөнхийлөгчөөр дуудагдсан бөгөөд Бүсийн дал гэх мэт өөр олон дуудлага хүлээн авч үйлчилж байжээ. Пиззирани эгч гадасны болон тойргийн Халамжийн Нийгэмлэг, Залуу эмэгтэйчүүдийн бүлэг болон Хүүхдийн хэсгийн дуудлагуудад үйлчилж байсан юм. Тэрээр: “Би зарлигуудыг дагахыг хичээсэн учраас миний амьдрал бүрэн дүүрэн адислагдсаар ирсэн. Дуулгавартай дагасан зарлиг бүрийнхээ төлөө би адислал хүлээж авдаг” гэж сайн мэдээний адислалуудын талаарх мэдрэмжээ илэрхийлсэн байдаг.6
Тэд Брасилиа дахь номлолынхоо дараа Бразилын Кампинас номлолын ерөнхийлөгчөөр түр хугацаагаар үйлчлэхээр дуудагдсанаар гэртээ хэсэг зуур төвхнөн суух төлөвлөгөө нь өөрчлөгдөж байв. Түүнчлэн хэдэн сар амарсныхаа дараа тэд Бразилын Рэсифэ ариун сүмийн ерөнхийлөгчөөр үйлчлэх дуудлага хүлээн авч байжээ. Пиззирани ахад баптисм хүртээсэн номлогчдын нэг нь саяхан эхнэртэйгээ Рэсифэ ариун сүмд дуудагдаж; тийнхүү номлогч, хөрвөгч хоёр хамтдаа үйлчлэхээр болсон юм.
Их Эзэнд үйлчлэхийн тулд мэргэжлийнхээ ажлын саналаас татгалзсан Пиззиранигийн гэр бүлийн жишээ гүнзний сэтгэгдэл төрүүлэм явдал боловч Бразилын итгэлтэй гишүүдийн дунд энэ нь тийм ч ховор зүйл биш билээ.
Зафын гэр бүлийг Бразилд ирснээс хойших 100 жилд маш олон эерэг өөрчлөлт гарсан ч зарим хүндрэл бэрхшээл бас байсан юм. Гэсэн хэдий ч айлчилж очсон бошиглогчид энэ улсын ирээдүйд итгэлтэй байгаагаа илэрхийлэхдээ хэзээ ч эргэлзэж байгаагүй юм. Бразил улс эдийн засгийн өсөлт хөгжилтөөрөө дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд дээрх бошиглолууд биелэгдэж байна. Зафынхны үр удам болон сайн мэдээний дагуу тэдний араас замнасан хүмүүс сайн мэдээний үрийг тарихын тулд анхны гэгээнтнүүдийн шаргуу хөдөлмөр ба хүчин чармайлтын үр дүнг хүртэж байна. Ахлагч Мэлвин Ж.Баллардын: “Мянга мянган хүн энд сүмд нэгдэх болно. Энд нэгээс илүү номлол бий болох бөгөөд сүм дэх хамгийн хүчирхэг номлолуудын нэг байх болно” хэмээн 1926 онд хэлсэн бошиглолын хоёр дахь хэсэг ийнхүү биелж байна.
Бразил дахь сүмийн өсөлт
148 |
1935 |
216 |
1938 |
536 |
1948 |
1454 |
1958 |
31635 |
1968 |
54410 |
1978 |
265286 |
1988 |
703210 |
1998 |
1060556 |
2008 |
1239166 |
2013 |