2014
Үйлчлэхээр бэлтгэгдсэн
долоодугаар 2014


Үйлчлэхээр бэлтгэгдсэн

Ахлагч Эдуардо Гаваррэт

“Насны залууд Бурханы зарлигуудыг дагаж сурагтун” (Aлма 37:35).

Би Уругвайн Минас хотод өсөж том болсон юм. Намайг зургаан настай байхад миний ээж, эгч нар сүмд баптисм хүртсэн. Аав сүмд нэгдээгүй боловч биднийг сүмд явахад үргэлж баяртай байдаг байсан. Тэр Мэргэн ухааны үгийг сахиж, аравны нэг төлдөг байв.

Манай салбар маш жижигхэн байлаа. Бас бидэнд сүмийн байр байгаагүй. Бид түрээсийн байшинд цугладаг байсан юм. Тэр байшин гаднаа жижиг усан сантай байсныг бид баптисмд ашигладаг байв.

Найман насны төрсөн өдөр маань ойртох тусам би баптисм хүртэх гэж байгаадаа улам баяртай байв. Гэвч баптисм хүртэх өдөр бороо ороод маш хүйтэн байлаа. Цаг агаар хүйтэн байсан учраас тэр өдөр баптисм хүртэх хэрэггүй гэж ээж надад хэлэв. Гэвч тэр өдөр миний төрсөн өдөр байсан болохоор би тэр өдөр л баптисм хүртэхийг хүссэн юм.

Би цагаан хувцсаа өмсөөд баптисм хүртэхээр усан сан руу орсноо санаж байна. Ус хүйтэн байгаа гэдгийг би мэдэж байсан ч хүйтнийг нь мэдрээгүй юм. Би зөв зүйл хийж байгаагаа мэдэж байсан болохоор надад дулаахан сайхан мэдрэмж төрж билээ.

Их удалгүй манай салбарын цуглааны байр баригдсан юм. Тэр үед сүмийн гишүүд цуглааны байр барихад тусалж болдог байлаа. Миний үүрэг бол газар унасан хадаас, эрэг боолтуудыг авч өгөх ажил байсан юм. Энэ бол энгийн боловч миний хувьд маш чухал ажил байсан юм. Энэ нь надад хэрхэн үйлчлэхийг зааж, ирээдүйн сүмийн үйлчлэлд бэлтгэхэд тусалсан. Хэдийгээр та нар балчир ч гэсэн одоо хийдэг зүйлүүд тань та нарт нөлөөлдөг.