2014
Нэгдсэн Үндэстний Байгууллага дээр болсон нэгэн арга хэмжээний үеэр ХҮГ Энэрлийн байгууллагыг онцлон авч үзэв.
долоодугаар 2014


Нэгдсэн Үндэстний Байгууллага дээр болсон арга хэмжээний үеэр ХҮГ Энэрлийн байгууллагыг онцлон авч үзэв

Саяхан АНУ-ын Нью Йорк дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын төв байранд болсон нээлттэй хэлэлцүүлгийн сэдэв нь ХҮГ Энэрлийн байгууллагын ажил үйлсийн талаар байлаа. НҮБ-ын Олон Нийтэд Мэдээлэх Албаны төрийн бус байгууллагуудын хэлтсээс ивээн тэтгэсэн “Мормоны шашин ба хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд түүний гүйцэтгэж байгаа үүргийн тухай мэдээлэх нь” сэдэвт арга хэмжээ нь Шашны итгэлийн хүч сэдэвт цуврал үйл ажиллагааны нэг хэсэг юм.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын олон нийтийн мэдээллийн туслах бөгөөд Испань дахь Сүмийн гишүүн, уг хэлэлцүүлгийг даргалагч Фэлип Күипо: “Энэхүү цуврал арга хэмжээний зорилго нь янз бүрийн шашны сүмүүд биднээс өөр итгэл бүхий бусад сүмтэй харилцан хүндлэл, тэвчээр, эвлэрэл болон маргаантай асуудлуудыг энхийн замаар, эв зүйгээр шийдэх зэрэг нийтлэг үндсэн зарчмуудыг хэрхэн баримталдаг тухай илүү өргөн цар хүрээтэй ойлголт өгөх явдал юм” гэж тайлбарлав.

Энэхүү хэлэлцүүлэгт оролцсон ХҮГ Энэрлийн байгууллагын захирал Шарон Юбанк: “Ядуусыг халамжлах нь Бурханыг дээдлэн биширдэг хүн бүрийн үндсэн үүрэг бөгөөд бид бүгдээрээ ах, эгч, дүүс мөн гэдэг санаа бодлоор шашин шүтлэг, үзэл бодол, яс үндэс, удам угсаа, хүйс, нийгмийн байдал зэргийг харгалзалгүй тэдэнд үйлчилж, дэмжиж туслан, зовлонг нь нимгэлэх ёстой” гэж хэлжээ.

Тэрээр хэлсэн үгэндээ зовлон зүдгүүрийг нимгэлж, бие даах чадварыг урамшуулан дэмжих, бүх үндэстний гэр бүлүүдэд үйлчлэх боломжуудыг бий болгох нь ХҮГ Энэрлийн байгууллагын тод томруун зорилго мөн гэдгийг дүгнэн тайлбарласан юм. Түүний хэлснээр энэ байгууллагын үндсэн гол санаачлага нь цэвэр усаар хангах, нярайн сэхээн амьдруулах тусламж үзүүлэх, хараа сайжруулах, тэргэнцрээр хангах, дархлаажуулах, хүнсний тусламж үзүүлэх, онцгой байдалд хариу арга хэмжээ авах зэрэг юм.

Хожмын үеийн гэгээнтэн бусад оролцогч нь Нью Йорк дахь Олон Нийттэй болон Олон Улстай Харилцах Албаны захирал Ахмад С.Корбитт болон Нэгдсэн Үндэстний Байгууллагад ХҮГ Энэрлийн байгууллагыг төлөөлөн үйлчилж байгаа Жонн П.(Фил) Колтон, түүний эхнэр Барбара нар байлаа.

Корбитт ах хамтран ажиллахын ач холбогдлыг онцлон тэмдэглэж, “дэлхийн бүх шашинд сайн санаат хүмүүс” байдаг гэдгийг дурдсан бөгөөд Колтон ах 2013 онд ХҮГ Энэрлийн байгууллага ойролцоогоор 132 орны 2 сая хүнд тусламж үзүүллээ гэж хэлжээ.