2014
Залуучуудын эцэг эхэд зориулсан арван зөвлөгөө
долоодугаар 2014


Залуучуудын эцэг эхэд зориулсан арван зөвлөгөө

Энэхүү өгүүллийн зохиогч АНУ-ын Ютад амьдардаг.

Дэлхийн өнөөгийн бэрхшээлүүд байсаар байгаа ч эцэг эхчүүд зөв шударга дэмжлэг болон удирдамж өгөх замаар насанд хүрсэн хүүхдүүдээ үргэлжлүүлэн адисалж чадна.

A father and son standing together outdoors.  The son has his arm on his father's shoulders.

Нөхөр бид хоёр хүүхдүүддээ коллежийн дотуур байранд суухад эсвэл номлогчийг бэлтгэх төвд ороход нь туслах үедээ хөнгөн гуниглаж, тэд одоо биеэ даасан болохоор бидний ажил дуусаж чөлөөлөгдсөн мэт мэдрэмж төрдөг байлаа. Хэдийгээр хүүхдүүд маань шинэ чадвар болон эрх чөлөөг олж авдаг ч гэсэн тэдэнд өөр бэрхшээлүүд тулгардгийг бид удалгүй олж мэдсэн юм. Бид тэдний амьдралыг хянах боломжгүй болсон ч гэсэн өөр төрлийн дэмжлэг авах тэдний хэрэгцээ шаардлага өссөн байлаа.

Өнөөгийн бэрхшээлүүд

Өнөөгийн дэлхийд залуучуудад тулгардаг зарим бэрхшээлийн жишээнүүд болон тэдгээрээс үүсдэг, эцэг эхчүүдтэй холбоотой асуултуудыг дор дурдлаа.

Урт удаан үргэлжилдэг ганц бие амьдрал. Нийгэмд дэлгэрч буй гэр бүлийн амьдралаа хожуу эхлэх чиг хандлага нь зарим залуу насанд хүрэгчдийг насанд хүрэгчийн амьдрал нь төгсгөлгүй юм шиг бодоход хүргэдэг. Зарим нь гэрлэх эсвэл хүүхэдтэй болох тал дээр эргэлздэг. Эцэг эхчүүд бид уг асуудлыг үүрд мөнхийн талаас нь харахад хэрхэн тэдэнд хамгийн сайнаараа тусалж чадах вэ?

Санхүүгийн тодорхойгүй байдал. Өнөөгийн залуучуудын олон нь эдийн засгийн хувьд эцэг, эхтэйгээ адил тэнцүү байж чадахгүй байж болно. Тэдний хувьд их сургуулийн дипломтой ч гэсэн ажил олох эсвэл гэр бүлээ тэжээх нь хэцүү байж болно. Эцэг, эхчүүд бид эдийн засгийн тал дээр тэдэнд туслах ёстой юу эсвэл хүүхдүүд маань өөрсдөө санхүүгээ зохицуулснаар өсөж чадна гэж найдах ёстой юу?

Тоо томшгүй олон сонголт. Өнөөгийн залуучууд ажил мэргэжлийн тал дээр илүү олон сонголттой байж болно. Гэвч эдгээр бүх сонголт нь заримдаа хэт олон юм шиг санагдаж болох юм. Эцэг эхчүүд сонголтуудыг судлахад болон сэтгэл ханамж өгөх ажил мэргэжил сонгоход нь насанд хүрсэн хүүхэддээ хэрхэн тусалж чадах вэ?

Эцэг эхтэйгээ хамт амьдрах нь. Гэрлэлтийн байдлаас үл хамааран, эцэг эхтэйгээ хамт амьдардаг 18-34 насны залуучуудын тоо нэмэгдсээр байна. Насанд хүрсэн хүүхдүүд эцэг, эхтэйгээ хамт амьдарч байгаа үед эцэг, эхчүүд хэн нь хүнсний зүйлээ худалдаж авах, ач, зээ нараа хэрхэн хүмүүжүүлэх зэрэг асуудлыг хэрхэн зохицуулах ёстой вэ?

Шашин шүтлэг. Өнөөдөр, бүх шашны залуучууд өнгөрсөн үетэй харьцуулахад ямар нэгэн сүмд явах хандлага нь багасч байна. Эцэг, эхчүүд бид насанд хүрсэн хүүхдүүдээ сүмд идэвхтэй хэвээр байхад нь хэрхэн урамшуулан дэмжиж чадах вэ? Тэд сүмийн үйл ажиллагаанд оролцохгүй байсан ч гэсэн бид тэднийг хэрхэн сүнслэгээр дэмжиж чадах вэ?

Эцэг, эхчүүдэд зориулсан удирдамж

Насанд хүрсэн хүүхдүүд маань зарим чадвар эсвэл амжилтаараа биднээс илүү гарсан ч амьдрал нь амжилттай байхын тулд тэдэнд эцэг, эхийн дэмжлэг хэрэгтэй бөгөөд тэд ийм дэмжлэг авах эрхтэй юм. Дараах 10 удирдамжийн талаар бодож үзээрэй.

  1. Хүүхдүүд чинь юу хүсдэг мөн юунд дуртайг олж мэд. Хүүхдүүддээ хэрэгтэй гэж бодсон зүйлээ хий гэж хэлэхийн оронд тэдний эрхэмлэдэг зан чанарууд, зорилго болон мөрөөдлийнх нь талаар асуу. Тэд зорьсондоо хүрэх замыг тодорхойлохдоо танаас тусламж хүсч болно. Хэрэв тэд тусламж хүсвэл тэдний мөрөөдөл таны яриаг удирдах ёстой гэдгийг санаарай. Аливаа үйлдлийн эерэг, сөрөг үр дагавруудын талаар хэлэлцэж, удирдамжийн төлөө залбираад үргэлжлүүлэн ярилц. Хэрэв тэд юу хүсч байгаагаа мэдэхгүй байвал тэднийг удирдамж өгөх зөвлөгчтэй уулзах, ажил мэргэжлийн сонирхол тогтоох сорил өгөхөд эсвэл ажил хөдөлмөр болон сайн дурын ажлаар дамжуулан илүү туршлага олж авахад нь урамшуулан дэмж.

  2. Залбирч судал: Сургаал ба Гэрээ 121:34–46-г судална уу. Эдгээр шүлэг эцэг, эхчүүдтэй гайхалтайгаар холбогддог бөгөөд насанд хүрсэн хүүхдүүдээ хэрхэн зөв шударга удирдамжаар хангах талаар зөв зарчмуудыг бидэнд заадаг.

  3. Олон залуутай сайн харилцаа холбоо тогтоо. Бусад хүний хүүхдүүд өөрийн тань 20, 30 настай байх үеийн тухай мэдэх сонирхолтой байдгийг та олж мэдэж болно. Ахмад хүмүүсийн эн тэргүүнд тавих зүйлсээ хэрхэн тэнцвэртэй байлгаж, ажил мэргэжлээ хэрхэн сонгосон эсвэл амьдралын ханиа олсноо яаж мэдсэн гэх мэт зүйлүүдийг залуучууд сонирхдог. Та залуучуудтай ярилцах үедээ тэдний үеийнхэнд тулгарч буй бэрхшээлүүдийг илүү сайн ойлгох болно.

  4. Өөрт буй бэлгээ ойлгоход нь тэдэнд тусал. Залуучуудад авьяас, сонирхлоо олж нээхэд нь тусалснаар сэтгэл хангалуун ирээдүйгээ төсөөлөн бодоход нь ч мөн тусалж чадна. Хүмүүс хангалттай хүч чармайлт гаргаж байж, аливаа зүйлд чадвартай болдгийг тайлбарла. Төрөлхийн олон авьяастай хүмүүс ч гэсэн амжилтад хүрэхийн тулд авьяасаа хөгжүүлэх цаг гаргах ёстой байдаг.

  5. Тэдний гаргасан шийдвэрт итгэ. Энэ нь тэд үргэлж төгс сонголт хийнэ гэдэгт итгэх ёстой гэсэн үг биш. Энэ нь тэд алдаагаа засч чадна гэдэгт, Бурхан уучилдаг гэдэгт мөн амьдралд бүтэлгүйтлийг даван туулах эсвэл сорилт бэрхшээлүүдийг тэвчих явдал байдаг ч гэсэн амьдрал гүн утга учиртай байж чадна гэдэгт итгэх итгэл юм. Бага насны хүүхдүүд сэтгэл санааны цочролд өртөж магадгүй байдаг бол харин залуучууд саад бэрхшээлээс зайлсхийхийн оронд түүнийг даван туулснаар өсч хөгждөг. Тэдэнд сэтгэл санааны хувьд болон бодитой дэмжлэг туслалцаа үзүүлж, бухимдлаас завсарлага авахад урамшуулан дэмж мөн тэдэнтэй хамт тэдний төлөө залбирч, бага ч болов хошин шог өнгө аяс оруулж бай.

  6. Хүчин чармайлтынх нь төлөө тэднийг магт. Залуучуудын шаргуу ажил, тэвчээрийг магтах нь тэдэнд аливаа зүйлд тууштай байж, илүү өндөр зорилго тавин, хийж буй зүйлээсээ илүү их сэтгэл ханамж авахад нь тусалдаг. Ерөнхийлөгч Томас С.Монсоны эш татсан нэгэн сургаалд “Хоосон хүсэл биш харин ажил хөдөлмөр л амжилт авчирдаг” гэсэн байдаг.1

  7. Сүнслэг удирдамжийг эрэлхийл. Бидний залбирал болон итгэл нь зүрх сэтгэлээ нээж, Бурханд биднийг өөрчлөх боломж олгоход тусалдаг. Миний таньдаг нэг эмэгтэй насанд хүрсэн хүүхдүүдийнхээ хүүхдүүддээ үзүүлдэг телевизийн нэвтрүүлгийн талаар санаа зовнидог байсан юм. Уг нэвтрүүлэг хүүхдүүдийн насанд тохирч байсан ч үл хүндэтгэх зан, хэрүүл маргааныг сурталчилж байна гэж тэр боджээ. Тэрээр хөндлөнгөөс оролцохыг хүсээгүй боловч юу хийх эсвэл юу хэлэх талаараа олон удаа залбирч, мацаг барьсан аж. Нэг өглөө бэр нь түүнээс хүүхдүүдийнхээ дунд байгаа үл хүндлэх занг болон хэрүүл маргааныг хэрхэн арилгах тухай зөвлөгөө хүссэн байна. Манай тэр найз телевизийн нэвтрүүлгийн талаарх бодлоо бэртэйгээ хуваалцсан бөгөөд бэр нь энэ нөлөөг ерөөсөө анзаардаггүй байсан ажээ. Ингээд залуу эцэг, эх хоёр хүүхдүүдийнхээ асуудлыг шийдвэрлэж чадсан байна. Өөрчлөлтүүд санал нэгтэй хийгдэж, гэр бүл дэх уур амьсгал сайжирчээ.

  8. Мөнгөний талаар ярилц. Өөрийнхөө санхүүгийн байдлыг болон хүүхэд бүрийнхээ насны ялгааг харгалзан, хэрэв шаардлагатай бол хүүхдүүддээ санхүүгийн ямар тусламж үзүүлэхээ залбирч шийд. Магадгүй тэдэнд зөвхөн төсөв гаргахад л таны тусламж хэрэгтэй байж болно. Хэрэв та тэдэнд санхүүгийн дэмжлэг үзүүлбэл та мөнгөө эргүүлэн авах эсэх эсвэл мөнгийг зөвхөн тодорхой нэг зүйлд л зарцуулах гэх мэт зүйлсийг эхнээсээ тодорхой байлгаарай. Дараа нь тэдэнд өөрсдийнхөө төсвийг өөрсдөө удирдан зарцуулж, алдаанаасаа суралцан, өнөөдөр хэтрүүлэн зарцуулсан бол маргааш зарцуулахгүй байх үүрэг хариуцлагыг урамтай өг.

  9. Даруу бай. Та эцэг, эхийн хувьд гаргасан алдааныхаа төлөө өөрийгөө зэмлэхийг хүсч байгаа бол гутрахын оронд даруу байдлаа гүнзгийрүүлэхийг хичээ. Уучлал гуйхдаа эелдэг бөгөөд хүндэтгэлтэй байж, сайжрахын тулд юу хийхийг нь хэлж өгч, тэгээд өөртөө итгэлтэй урагш тэмүүл. Хүүхдүүд тань таныг хараад алдаагаа засч болно гэдгийг, уучлал гуйх нь сул доройн шинж биш гэдгийг мөн өрөөл бусдыг болон өөрийгөө уучлах нь амар амгаланг авчирдгийг анзаарч ойлгог.

  10. Жинхэнэ амжилтыг хэмж. Бид хүүхдүүдийнхээ хийдэг сонголтуудын (сайн эсвэл муу аль аль нь) талаар бусад хүмүүс биднийг хэрхэн шүүмжлэх бол гэдэг дээр анхаарлаа хэт төвлөрүүлбэл бодит байдлаас хөндийрч, Сүнсийг олонтоо алддаг. Эцэг, эхчүүдийн хувьд бидний амжилт хүүхдүүд маань бидний зарчмуудын дагуу хэрхэн амьдарч байгаагаар бус харин бид зарчмын дагуу хэр зэрэг тууштай, амин хувиа бодолгүй амьдарч байгаагаар хэмжигддэгийг санаарай.

Бид насанд хүрсэн хүүхэд бүрийнхээ хэрэгцээ шаардлага, зан чанаруудын талаар залбирч эргэцүүлэн бодсоноор Сүнс бидэнд тэднийг шүүмжлэхгүйгээр удирдан чиглүүлж, туслах ёстой хэмжээ хязгаараас хэтрүүлэлгүй мөн тэднээс нүүр буруулалгүй бие даах боломж олгоход тусалж чадна. Бид үүнийг хийснээр насанд хүрсэн хүүхдүүд маань Их Эзэн болон бидний аль алиныг өөрсдийнх нь талд байгаад итгэх болно.

Эшлэл

  1. Tомас С.Moнсон, “Great Expectations” (Сүмийн Боловсролын Системийн залуучуудад зориулсан галын дэргэдэх цугларалт, 2009 оны 1-р сарын 11), 6; speeches.byu.edu.