Би ээжийн чинь царайг харсан
Ранди Рэинолдс Аллен, АНУ, Калифорни
2002 оны зуны нэгэн ням гарагт би саяхан өөд болсон ээжийгээ бодож сэрлээ. Би АНУ-ын Калифорни мужийн Пасифик Палисэйдст байдаг хуучин тойрогтоо очив. Ээж минь тэр сүмд бараг 50 жил явсан юм.
Би ээжийгээ ямар их санаж байгаагаа Их Эзэнд хэлээд тэр өдөр сүнслэг туршлага өгөөч хэмээн гуйж залбирахаар өвдөг сөгдөв.
Тэр өдрийн үдээс хойш би Иллинойн Наувугийн ариун сүмийг дахин онцгойлон адислах шууд нэвтрүүлгийг Калифорнийн Санта Моникагийн гадасны байранд үзэхээр төлөвлөсөн байсан юм. Харамсалтай нь би хуралдаанд хоцорч очсон учраас орж чадсангүй. Би машиндаа буцаж суугаад хурдны зам руу хөдөллөө.
Би явж байх үедээ “Ранди, Мэритэй очиж уулз!” гэж нэгэн дуу хоолой хэлэхийг сонслоо. Мэри бол манай гэр бүлийн сайн найз бөгөөд өөр сүмийн итгэлтэй гишүүн. Тэрээр охин Наташатайгаа хамт манай авга Рубигийн хажууд 25 гаруй жил амьдарсан юм. Хамаатнууд нь ойр байдаггүй учраас тэд манай гэр бүлийн нэг хэсэг болсон байлаа. 1984 онд миний авга Рубиг нас барсны дараа ээж минь Мэри дээр ойр ойрхон зочилж ирдэг байсан бөгөөд ямар нэг жижиг бэлэг юм уу өөрийнхөө хийсэн хоолыг түүнд үргэлж авчирч өгдөгсөн.
Эхлээд би энэ өдөөлтийг тоосонгүй. Би хэлэлгүй шууд яваад очиж чадахгүй, түүнтэй ярья гэхэд гар утас маань ч байсангүй. Гэнэт нөгөө дуу хоолой дахин сонсдож, энэ удаад илүү чангаар: “Ранди, Мэритэй очиж уулз!” гэх нь тэр. Хурдны замаас гарч амжих хангалттай хугацаа байсан болохоор би энэ удаад уг зөвлөгөөг дагалаа.
Намайг Мэригийн гэрт ирэхэд тэр надтай мэндэлсэн ч бие нь тааруу байгаа харагдлаа. Түүний уйлж байсныг би харангуутаа л мэдсэн. Би түүнээс юу болоо вэ гэж асуув. Тэр хүзүүний бэртлээс болж өвдсөндөө шаналж байснаа хэллээ. Бас түүнд идэх юм бараг юу ч үгүй болсон байлаа. Тэр эмийн сан руу эсвэл дэлгүүр рүү явж чадахгүй болтлоо хүнд өвчилснөө хэлсэн юм.
Би түүнээс манай гэр бүлийнхний хэн нэгнийг яагаад дуудаагүйг асуухад “Би Тэнгэрлэг Эцэгт залбирч, надад туслах хэн нэгнийг илгээхийг гуйсан” гэж хэлэв.
Тэнгэрлэг Эцэг түүний залбирлыг сонсож, намайг илгээсэн гэж би түүнд хэлэв. Биднийг тэврэлдэхэд тэр надад “Чамайг манай хаалганы гадаа ирэх үед би чиний царайг биш харин ээжийн чинь царайг харсан” хэмээн хэзээ ч мартагдахааргүй нэг зүйлийг хэлж билээ.
Би ээжийн минь сүнс надтай ойр байгааг тэр даруй мэдэрч, ээжийнхээ үзүүлэх байсан үйлчлэлийг үзүүлэхээр өдөөгдсөнөө мэдэрсэн. Ээжийн минь амьдрал бусдын төлөө хийсэн үйлчлэлээр дүүрэн байсан юм.
Би Сүнсний дуу хоолойг анхааран сонсох нь хэчнээн чухал болохыг бас ээжийнхээ бусдад үйлчлэх үлгэр жишээг хэзээ ч мартахгүй гэж найддаг.