2014
Танд юу харагдаж байна?
долоодугаар 2014


Танд юу харагдаж байна?

Бид сайн мэдээний ёслолууд дахь бэлгэдлүүдийг судалж, тэдгээрийн талаар тунгаан бодсоноор бидний бодол Есүс Христ дээр төвлөрдөг

Бэлгэдлүүд бидний эргэн тойронд байдаг учраас бид ихэнхдээ тэдгээрийн талаар нэг их боддоггүй. Гэвч сайн мэдээний бэлгэдлүүдэд анхаарлаа сайн хандуулах нь илүү их ойлгох түлхүүр болж чадна.

Судрууд бидний бодлуудыг өөр зүйлд хандуулах зорилготой зүйлийг дүрслэхийн тулд хэв маяг, сүүдэр, бэлгэдэл, таних тэмдэг, тэмдэг, зүйрлэл, дурсамж, гэрч эсвэл гэрчлэл зэрэг үгсийг ашигладаг (Moсе 6:63-ыг үзнэ үү). Жишээлбэл, Есүс сүүлчийн зоог дээр ариун ёслолыг танилцуулах үедээ дагалдагчдадаа тэдний идэх ёстой талхыг өгөөд “Энэ бол та нарын төлөө өгөх миний бие мөн: Намайг дурсаж үүнийг үйлд” (Лук 22:19) хэмээн хэлсэн. Талх шууд утгаараа Түүний бие биш байсан нь мэдээж. Түүний хэлсэнчлэн энэ нь бидэнд Түүний биеийг—сануулах зорилготой бөгөөд өөр олон зүйлийг сануулдаг. Ийм учраас л бэлэг тэмдгүүд нь маш хүчтэй байдаг ба тэдгээр нь үггүйгээр санааг илэрхийлж мөн хоорондоо холбоотой хэд хэдэн бодлыг нэг дор үүсгэж, гүн гүнзгий утга нэмдэг.

Ёслолууд нь зүгээр бэлэг тэмдэг төдий зүйл биш бөгөөд тэдгээр нь санваарын эрх мэдлээр дамжуулан адислах бодит хүчийг агуулдаг нь мэдээж юм. Гэвч тэдгээр нь бидэнд Аврагчийн тухай болон гэрээнүүдийн маань талаар заадаг бэлэг тэмдгүүдийг бас агуулдаг. Санваарын ёслолуудыг хүлээн авч байгаа нь аливаа хүний итгэл болон даруу байдлыг харуулдаг. Баптисм, гишүүний баталгаа ба ариун ёслол зэрэг ёслолуудтай холбоотой бэлгэдлүүд болон эдгээртэй холбогдох зарим нэмэлт санаануудыг дор дурдлаа.

Баптисм

Ус: угааж, цэвэрлэн, нүглээс ариусгах

Цагаан хувцас: цэвэр ариун байдал (“учир нь өмсгөлүүд нь цагаан болгож угаагдахаас бусдаар нэгээхэн ч хүмүүн аврагдаж чадахгүй … [Христийн] цусаар … цэвэршигдэх … ёстой” [Aлмa 5:21]); тэгш байдал (ядуу эсвэл баян аль нь ч бай бүгд баптисм дээрхтэй адил хувцас өмсдөг, учир нь “Бурханд бүгд адил” [2 Нифай 26:33])

Өргөсөн баруун гар: тэнгэр рүү чиглэж, тэнгэрт гэрчлэх мөн тангараг өргөж буй нэг хэлбэр (Эхлэл 14:22; Даниел 12:7-г үзнэ үү)

Усанд умбуулалт: Христийн үхэл, оршуулга болон амилалт (Ром 6:3–4-ийг үзнэ үү); Христ доторх бидний сүнслэг дахин төрөлт (“уснаас төрөх” [Иохан 3:5])

Гишүүний баталгаа

Гар тавилт: Бурханыг төлөөлдөг хүмүүс гараа тавьж, Бурханы адислалуудыг бусдад дамжуулдаг

Ариун Сүнсний бэлэг хүлээн авах нь: “галан баптисм” хэмээн нэрлэгддэг (2 Нифай 31:13-ыг үзнэ үү); цэвэршүүлэлт болон Христээр дахин төрөх төрөлт

Ариун ёслол

Талх болон усыг цугларагсдын өмнө байрлуулах нь: цус урсгалтаар төгсгөл болсон Христийн золиослолын бэлгэдэл (Aлма 34:13–14-ийг үзнэ үү); бид “Их Эзэн Бурхандаа … харууссан зүрх мөн гэмшсэн сэтгэлтэйгээр золиослол өргөх ёстой” (С ба Г 59:8)

Талхыг үйрүүлэх нь: Бидний төлөө Христийн амссан биеийн зовлон, Түүний бие махбодын үхэл, бидэнд дахин амьдрах боломж олгодог Түүний амилалт

Өвдөг сөгдөн залбирах нь: даруу байдал, Бурханы хүсэлд захирагдах үүрдийн гэрээний тэмдэг (С ба Г 88:131-ийг үзнэ үү)

Талхыг идэх нь: Есүс Христийн бие махбодыг дурсан санах (Maтай 26:26–29-ийг үзнэ үү), амийн талх (“Над уруу ирдэг хүн өлсөхгүй” [Иохан 6:35], “энэ талхыг идсэн хүн мөнхөд амьдарна” [Иохан 6:58])

Ус уух нь (анх дарс байсан): Христийн цус (Гетсеманид цэргүүдийн гарт зовж байхад болон загалмай дээр урссан), энэ нь “биднийг бүх нүглээс цэвэрлэдэг” (1 Иохан 1:7) мөн “ [биднийг] нүглийн ангижралд хүргэх, Эцгийн гэрээн дэх” (Moронай 10:33); цус нь “амьдралын үндэс буюу бүх маханбодын амин чухал эрч хүч” (Судруудын удирдамж, “Цус”; scriptures.lds.org) мөн золиослолоор дамжуулан нүглийг цагаатгадаг зүйл (Левит 17:11-ийг үзнэ үү); амийн ус (Иохан 4:14-ийг үзнэ үү)