Миний бие бол ариун сүм
Бид Бурханы зарлигласны дагуу бие махбоддоо анхаарал тавих юм бол адислагдах болно! (Мозая 2:41; С ба Г 89:18–21-ийг үзнэ үү.)
Яагаад бидэнд бие махбод байдаг вэ?
Бид төрөхөөсөө өмнө бие махбодгүй сүнс байсан. Бие махбодтой болох хүртэл бидэнд хийж чадахгүй зүйл олон байсан бөгөөд Бурхан биднийг бие махбодтой болгохын тулд дэлхий рүү илгээсэн юм. Тэнгэрлэг Эцэгтэйгээ адил болохын тулд бидэнд сүнс, бие махбод хоёулаа хэрэгтэй. (С ба Г 88:15-ыг үзнэ үү.)
Бие махбодтой байхын юу нь сайхан бэ?
Бидний бие махбод маш чухал бөгөөд ариун юм. Иймээс Их Эзэн бие махбодыг ариун сүм гэж нэрлэдэг (1 Коринт 3:16–17-г үзнэ үү). Бие махбодтой байх нь бас хөгжилтэй шүү! Бие махбод гүйх, дуулах, авирах, инээх, зурах, сэлэх, бүжиглэх гээд бусад олон хөгжилтэй үйлдлийг хийж чаддаг. Мөн бид суралцах, хүмүүст туслах, гэр бүлтэй болоход түүнчлэн энэ дэлхийг илүү сайн газар болгоход махбодоо ашиглаж чадна.
Яагаад хүн бүр адил байдаггүй вэ?
Бие махбод нь янз бүрийн өнгө, хэлбэр, хэмжээтэй байдаг бөгөөд энэ нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний нэг хэсэг юм. Хэдийгээр хүн болгон өөр ч гэсэн бид бүгдээрээ Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн (Эхлэл 1:26-г үзнэ үү). Тийм болохоор бидний бие махбод түүний төгс биеийн загвараар бүтээгдсэн гэсэн үг. Хүн бүр бидний хайрт Тэнгэрлэг Эцэгээс ирсэн бэлэг учраас хүн бүр үзэсгэлэнтэй.
Хэрэв миний бие махбод зарим талаараа надад таалагдахгүй байвал яах вэ?
Зарим үед бидний бие махбод бидний хүссэн шиг харагдаж, хөдөлдөггүй буюу ажилладаггүй. Бидний бие махбод одоо ямар байгаагаас үл хамааран бид үүнийхээ төлөө талархалтай байж, үүгээр энэ дэлхий дээр сайн зүйлүүдийг хийхээр сонгож чадна. Гэвч хэзээ нэгэн өдөр бид бүгд амилуулагдах бөгөөд төгс төгөлдөр бие махбодтой болно (Aлма 40:23-ыг үзнэ үү). Мөн бидний бие махбод ямар байгаагаас үл хамааран Бурхан биднийг хайрладаг бөгөөд бид ч бас өөрсдийгөө хайрлаж чадна.
Би бие махбоддоо хэрхэн хандах ёстой вэ?
Бид ямар нэг хэмжээлшгүй үнэт эрдэнэстэй хэрхэн харьцах байсан—бие махбоддоо тийм л байдлаар, хайр болон хүндэтгэлтэй харьцах ёстой. Бошиглогчдоор болон Мэргэн ухааны үгээр дамжуулан Тэнгэрлэг Эцэг бидний бие махбодод юу муу, юу сайн болохыг хэлж өгсөн билээ. Бие махбоддоо санаа тавихын тулд хийж болох маш олон зүйл байдаг.
-
Эрүүл хоол хүнс идэн, дасгал хийж бай.
-
Даруу хувцаслаж, бие махбодоо цэвэр байлга.
-
Бусдын бие махбодод хүндэтгэлтэй ханд.
-
Биендээ шивээс хийлгэх юм уу цоолж, зэрэмдэглэж болохгүй.
-
Мансууруулах бодис, архи, тамхи, кофе эсвэл цай бүү хэрэглэ.
-
Аюулгүй бөгөөд зугаатай тоглоомуудаар тоглож, аюултай үйл ажиллагаануудаас хол бай.
Бид бие махбоддоо сайн анхаарснаар Ариун Сүнсийг илүү сайн мэдрэх чадвартай болдог.