Биднийг дахин уулзтал
Эрэг рүү хар
Хүү маань надад юун дээр анхаарал төвлөрүүлэх болон хэрхэн тэвчээртэй байх талаар нэгэн чухал сургамж өгсөн юм.
Каноэ завиар ойролцоох үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нэгэн арал руу хийсэн аялал маань хүүтэйгээ ойр дотно болох төгс боломж мэт надад санагдлаа. Манай тойргийн Аароны санваарын удирдагчид болон залуу эрэгтэйчүүд энэ аялалд хэдэн сарын турш бэлтгэсэн бөгөөд тэдэнтэй хамт явах боломж надад олдсон юм.
Миний хүү Маккэй ахлах сургуульд байхдаа спортын гурван төрлөөр хичээллэдэг байсан учраас бие бялдар сайтай байлаа. Тийм учраас л удирдагчид биднийг нэг каноэ завинд суулгасан нь хэрэг гарвал тэр сайн сэлүүрдэж чадна гэдгийг тэд мэдсэн байх л даа. Надад каноэ завь залуурдах багахан туршлага байсан учраас бид сайн баг болсон юм шиг санагдаж байв.
Би бас нууран дээр ярилцах цаг гараасай гэж тэсгэлгүй их хүсэж байлаа. Маккэй ээжийгээ нас барснаас хойш олон зүйл үзэж туулсан бөгөөд би түүний хэрэгцээ, сонирхолд үргэлж хамгийн сайнаараа хариулж чаддаггүй байсан.
Бид сургалт авсан ба аврах хантаазтай ч болж, сэлж ч мөн чаддаг байсан. Бас биднийг туршлагатай удирдагчид удирдаж байлаа.
Бидний тооцоолоогүй нэг зүйл бол салхи байлаа. Бид хэдэн км сэлүүрдээд нуурын дунд хэсгийг өнгөрч, эрэгт ойртох үед хүчтэй салхи бидний өөдөөс салхилав.
Бусад каноэ завинууд эрэг рүү хүрч чадсан ч Маккэй бид хоёрын завь хоцорч байлаа. Давалгаанууд улам томроход бид урагш ахихын тулд байдаг чадлаараа сэлүүрдсэн ч замаасаа хазайгаад байв. Би маш их ядарч, бас айж эхэллээ. Би завиа зөв чиглэлд оруулахыг хичээж, бүх хүчээрээ сэлүүрдсэн ч бид нэг дороо л байгаад байх шиг санагдав.
Завь маань хөмрөх аюул тулгарахад цаашаа явах чадал надад байгаа эсэхийг мэдэхгүй л байна шүү гэж эцэст нь би хэллээ. Тэгэхэд миний хүү “Та давалгаа руу хараад байна, аав аа. Ингээд байвал та эрэг рүү хүрч чадахгүй. Та эрэг рүү харах хэрэгтэй. Тэр толгод дээрх модыг харж байна уу? Тэр мод бол бидний хүрэх газар. Модон дээр анхаарлаа төвлөрүүл, тэгвэл бид тэнд хүрч чадна” гэлээ.
Түүний зөв байлаа. Би анхаарлаа модон дээр төвлөрүүлж эхлэнгүүт зүг чигээ алдахгүй байж чадсан юм. Миний гарын хүч сэлбэгдэх шиг болов. Маккэй сэлүүрдэх хэмнэлийг жигд байлгаж, “Сэлүүрд. Амар. Сэлүүрд. Амар” гэж байлаа. Бид тогтмол хурдаар урагшлав.
Биднийг эрэгт хүрэхэд хүмүүс ч туслахаар ирж, бид амьсгаагаа дарахаар суув. Тэр шөнө бид хоёр болсон явдлын талаар майхан дотроо ярилцсан юм.
Ерөнхийлөгч Томас С.Mонсон Их Эзэний гэрэлт цамхгийн талаар: “Энэ нь биднийг амьдралын шуурган дундуур дууддаг. Энэ нь ‘Аюулгүй зам энд байна; гэртээ харих зам тань энэ байна’ хэмээн дууддаг” гэж заасныг бид хоёр хамтдаа санаж билээ.1
Тэр өдрийн үдээс хойш эрэг дээрх мод бидний гэрэлт цамхаг болсон юм. Намайг бууж өгөхийн даваан дээр хүү минь давалгаа руу биш харин эрэг рүү харах ухаалаг зөвлөгөө өгч билээ. Ингээд бид нэгээс илүү олон арга замаар хамтдаа сэлүүрдсэн юм.