Ээжээс ирсэн хоёр захидал
АНУ, Калифорн, Кэн Пиннегар,
1996 онд эхнэр бид хоёр дөрөв ба долоон насны хоёр хүүтэй байлаа. Бид завгүй байдаг ердийн нэг залуу гэр бүл байсан. Нэгэн орой эхнэр маань цаг гарган, Финляндад номлолд үйлчилж байсан миний зээ дүү Глэнд захидал бичсэн юм.
Яагаад ч юм, эхнэрт минь гэр бүлийн гишүүн бүрийн хийж байгаа зүйл, сүнслэг байдал, өөрсдийн сүмийн дуудлагууд болон өөрийн хөрвөлтийн түүх мөн номлогчийн ажлын талаарх өөрийн мэдрэмж ба сайн мэдээний тухай гэрчлэл гэх мэт олон зүйлийг нарийвчлан тоочсон урт захиа бичих хэрэгтэй гэсэн мэдрэмж төржээ.
Энэ нь гайхамшигтай сайхан захиа байсан ч зээ дүүд минь ийм их мэдээлэл хэрэгтэй эсэх дээр би эргэлзэж байлаа. Дараа нь эхнэр маань түүнд дахин захидал бичсэн юм.
Зургаан жилийн дараа намайг бишопоор үйлчилж байхад, хөвгүүд маань 10, 13 настай байхад миний амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн юм. 2002 оны 1-р сарын 2-нд дөнгөж 42 настайдаа эхнэр минь зүрхний шигдээсээр нас барлаа.
Би “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийн зарчмуудыг гэртээ үргэлжлүүлэн дагахыг хичээсэн юм.1 Би гэр бүлээ тэргүүлж, шаардлагатай зүйлсээр нь хангаж чадаж байсан ч хөвгүүддээ хэрэгтэй хайр халамжийг өгч чадахгүй байлаа. Гэсэн хэдий ч бид чадах бүхнээ хийсээр байсан.
2012 оны 6-р сард Колорадогийн Денверт бүрэн цагийн номлолд үйлчилж байсан миний бага хүү Сэм над руу э-мэйл явуулсан юм. Тэр: “Энэ долоо хоногт маш сайхан зүйл тохиолдлоо. Би ээжээс хоёр захиа авсан” гэж бичсэн байв.
Тэр үеэл Глэнээс илгээмж хүлээн авсан бөгөөд түүнийг Финляндад байхад ээжийнх нь бичсэн захидлуудыг хийж явуулсныг тайлбарласан юм.
“Түүнийг номлолд байхад бичсэн ээжийн энэ хоёр захиа бол намайг номлолд байхад надад хандан бичсэн болохыг тэр надад хэлсэн. Тэгээд захидлуудыг надад илгээсэн юм. Захидлууд үнэхээр гайхалтай байсан шүү!” гэж Сэм бичжээ.
Ээжийнхээ хөрвөлт, гэрчлэлээс мөн номлогчийн ажлын талаарх мэдрэмжүүдээс суралцах нь “энэ цаг үед агуу ёс суртахууны дэмжлэг” болж байсан гэж Сэм бичсэн байв. Тэр захидлуудыг хувилаад эх хувийг нь гэр рүүгээ явуулахаар төлөвлөж байгаагаа хэлсэн юм.
“Би таныг ахлагчдын чуулгын ерөнхийлөгч эсвэл тойргийн номлолын удирдагчаар үйлчилж байсныг огт мэдээгүй” гэж Сэм бичсэн байв. Тэр дөрвөн настай байхдаа “залбирсныхаа дараа орон дээрээ үсэрч, ‘би номлогч болмоор байна’ гэж хашгирдаг байснаа мөн олж мэдсэн гэнэ.
Дараа нь тэр ээжийнхээ талаар мэдсэн зүйлээ бичсэн байв: “Ээж намайг бөх болно гэдгийг мэдэж байсан учраас намайг мэргэжлийн бөхийг ч давж чадна гэж хэлж байжээ.”
Сэм захидлуудыг яаж хүлээж авсныг мэдээд нулимс минь өөрийн эрхгүй асгарч билээ. Хэдэн долоо хоногийн дараа тэрээр захидлуудыг гэр рүүгээ илгээв. 1996 онд бичсэн эдгээр захидлын үгс хүч нөлөө ихтэй бөгөөд хувь хүнд хандсан мөн тун чамбай бичигдэж, үнэ цэнэ нь олон жилийн дараа улам өссөн байсан юм.
Эхнэрийн минь захидлууд зээ дүүг минь хүчирхэгжүүлсэн бөгөөд “талхыг усны гадаргуу дээр хая” (Номлогчийн үгс 11:1-ийг үзнэ үү) гэсний адилаар тэдгээр нь олон жилийн дараа түүний номлогч хүү, бэлэвсэн нөхөр хоёрыг адислахаар эргэн ирсэн юм.