Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлоос заах нь
Ажил хөдөлмөр ба бие даах чадвар
Өсвөр үеийнхэн болон хүүхдүүд шаргуу ажиллаж, бие дааж сурснаар тэд “амьдарч буй дэлхийдээ хувь нэмрээ оруулах”-аар бэлтгэж байгаа юм (Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол [2011], 40).
Энэ дугаарын 56–57-р хуудсанд Залуу эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх Рандалл Л.Ридд аавтайгаа хамт барилгын ажил хийгээд сурсан зүйлийнхээ талаар хуваалцсан байгаа. Тэрээр шаргуу ажиллах, сайн хандлагатай байх болон Их Эзэний хаант улсыг байгуулахын ач холбогдлын тухай ярьж байна. Ридд ах бидэнд: “Тэгвэл хэн ажиллах хэрэгтэй вэ? Бид бүгд ажиллах хэрэгтэй! Ажил хөдөлмөр бол энэ амьдрал дахь бие даах чадварын болон амжилт бүтээл, баяр баясгалангийн эх ундарга мөн. Таныг ажлаа урам зоригтой, ханцуй шамлан хийхэд эргэн тойрны тань бүх хүн арвин ургац хурааж авах болно. Учир нь та үрийг нь суулгасан шүү дээ” гэж сануулжээ.
Өсвөр үеийнхэнд заах зөвлөмжүүд
-
Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол бидэнд “Өндөр зорилгууд тавьж, тэдгээрийг биелүүлэхийн төлөө шаргуу хөдөлмөрлөх хүсэлтэй бай” (40) гэж заадаг. Та өсвөр үеийнхэнд зориулсан мормон захиасууд доторх “Aжил урагшилж байна” нэртэй видео бичлэгийг хүүхдүүдтэйгээ хамт үзэж болно (Гэрлэлт, гэр бүлтэй холбоотой бичлэгүүдийг mormonchannel.org/come-follow-me-аас үзнэ үү). Дараа нь хэд хэдэн зорилго тавьж, тэдгээрийг биелүүлэх төлөвлөгөө гаргахын тулд хамтран ажилла.
-
Бид эерэг хандлагатай байх үед ажил хөдөлмөр хавьгүй амархан бүтдэг. Энэ дугаарын 58–59-р хуудсан дахь “Шавартай гуталтайгаа хоолой зөөсөн нь” нийтлэлийг уншиж, таны хандлага ажил хөдөлмөрт тань хэрхэн нөлөөлдөг талаар ярилц.
-
“Залхуурлын нэг хэлбэр бол интернэт, видео тоглоом болон зурагт үзэх зэрэгт дэндүү олон цаг зарцуулж, цагийг үр бүтээлгүй өнгөрөөх явдал юм” (For the Strength of Youth, 40). Хүүхдүүдээсээ интернэт, видео тоглоом болон зурагтын ашиг тус болон хор хөнөөлийн талаар асуу. Эдгээр хэрэгсэл ямар үед анхаарал сарниулах зүйл болдог вэ? Үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөрлөснөөс ямар адислалууд ирдэг вэ? Эдгээр адислалыг мэдрэхэд нь хүүхдүүддээ туслахын тулд бүх технологийг хэсэг хугацаанд хойш тавьж, ямар нэг төсөл дээр хамтран ажиллах талаар бодож үзээрэй.
Хүүхдүүдэд заах зөвлөмж
-
Номлогчийн ажил нь хүнд ажил бөгөөд бие дааж сурах нь хүүхдүүдийг энэхүү ажилд бэлтгэх болно. Номлогчдын хийж чаддаг байх ёстой гэрийн ажлуудын (жишээ нь, хувцас угаах, хоол хийх, цэвэрлэгээ хийх) жагсаалтыг хүүхдүүдтэйгээ хамт гарга. Дараа нь эдгээр ажлаас заримыг нь хамтдаа хий.
-
Ридд ах өгүүлэлдээ “хамгийн чухал ажил бол Бурханы ажил” гэдгийг бидэнд сануулдаг. Танай гэр бүл Их Эзэний ажлыг хэрхэн урагшлуулж чадах вэ? Бусдыг Христэд илүү ойр авчрахын тулд хамтдаа хийж болох ямар нэг үйл ажиллагааг бодож олно уу.
-
Бие даах чадварын нэг хэсэг бол мөнгөө хэрхэн зарцуулахыг сурах явдал юм. Төсөв хийх зарчмуудыг болон аравны нэгийг төсвийнхөө нэг хэсэг болгохын ач холбогдлыг хүүхдүүддээ заа.